Хүүхдийг Ивээх Сан хүүхдээс мэдүүлэг авах өрөө тохижуулахад дэмжлэг үзүүллээ
(Монгол Улс, Улаанбаатар хот. 2024 оны 12 дугаар сарын 10) Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хүүхдээс мэдүүлэг авах өрөө тохижуулахад дэмжлэг үзүүллээ. Өрөөний тохижуулалтад зориулан оффисийн ширээ, сандал, номын тавиур, компьютер, олон үйлдэлт хэвлэгч зэрэг зүйлсийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын төлөөллүүдэд 2024 оны 12 дугаар сарын 10-нд Хүүхдийг Ивээх Сангийн байранд хүлээлгэн өгөв. Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Манай байгууллага хүүхэд хамгаалал, боловсрол, хүмүүнлэгийн тусламж зэрэг олон чиглэлээр Монгол Улсад 30 гаруй жил ажиллаж байна. Тэр дундаа хүүхэд хамгаалалын тогтолцоо бий болгох нь манай нэн тэргүүний зорилго байдаг. Тиймээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас албан бичиг хүлээж аваад хүүхдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулахад дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. Зарим тоног төхөөрөмж нь хуучин боловч хэрэглээнд ашиглах боломжтой байгаа” хэмээн хэллээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Шинэбаяр “Хэлтсийн байрандаа хүүхдээс мэдээлэг авах өрөө гаргаж, тохижуулж байгаа. Зориулалтын өрөөтэй болсноор хохирсон хүүхдийн сэтгэхүйд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, айдас төрүүлэхгүй орчин бий болгож, хохирсон хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломж бүрдүүлэх юм” гэж ярилаа.
Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаандаа өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ онд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ой тохиож байна. Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг.
Өнөөдөр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.