Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр сургагч багш нар бэлтгэлээ
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан (ХИС) нь Налайх дүүрэгт олон нийтэд байгаль орчин, экологийн боловсрол олгох, хүүхэд, залуусын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг 2024 оны 8-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл нь 2024-2027 онд Налайх дүүргийн тавдугаар хороонд 5.0 га талбайд иргэдийн оролцоотой ойн төгөл байгуулж, хүүхэд багачуудыг байгаль хамгаалалд татан оролцуулан, тэдэнд мод арчлах, ургуулах мэдлэг олгох юм.
Энэхүү төслийн үйл ажиллагааны үр дүнд дүүргийн иргэд, хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар цэгцтэй ойлголттой болж, байгаль орчноо хайрлан хамгаалах мэдлэг, ур чадвар эзэмших юм.
Дээрх зорилгын хүрээнд ХИС нь Байгаль орчин, уур амьсгалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран Сургагч нарыг бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-10-ны хооронд зохион байгуулав. Сургалтын явцад тус төвийн мэргэжсэн, чадварлаг багш, мэргэжилтнүүд оролцогчдод онолын мэдлэг, мэдээлэл олгохын хажуугаар практик дадлага хийх боломж олгосон юм.
Тус сургалтад Налайх дүүргийн хороодын хэсгийн ахлагчид, ерөнхий боловсролын сургууль болон Насан Туршийн Суралцахуйн Төвийн багш нар, Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологи (GMIT)-ийн сургуулийн багш, оюутнууд, мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид зэрэг нийт 27 хүн оролцож Сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа. Тэд уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах, дасан зохицох, байгаль хамгаалал, биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг олон сэдвийн хүрээнд цогц мэдлэг эзэмшиж, заах арга зүйн ур чадвараа ч нэмэгдүүлэв.
Эдгээр Сургагч багш нар 2025 оноос эхлэн дүүргийнхээ хүүхэд, залуучууд, иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголтыг таниулах, түүнд хэрхэн дасан зохицож амьдрах талаар мэдлэг олгох сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн тэд ХИС-ийн тус дүүрэгт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах бөгөөд байгаль орчны чиглэлээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад хувь нэмрээ оруулан ажиллах юм.
Сургагч багш нар сургалтын явцад багаар ажиллан уур амьсгалын өөрчлөлт, экологийн боловсролыг өөрсдийн амьдарч буй хороодын иргэд, олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэв. Түүнчлэн, баг тус бүр өөрсдийн олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан өөрсдийн амьдардаг хороонд цаашид хийж болох сургалт болон бусад үйл ажиллагааны саналаа оролцогчдод танилцуулав. ХИС-ээс ирэх онд Налайх дүүрэгт “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бэлтгэгдсэн Сургагч багш нартайгаа хамтран олон зуун иргэдэд хүрэх сургалтууд зохион байгуулах юм.
Оролцогчдын нэг Налайх Политехникийн Коллежийн багш А.Амараа:
Байгаль хамгаалах нь маш энгийн зүйлээс эхэлдгийг ойлголоо.Бид эхний өдрөө нэг удаагийн аяга хэрэглэж байсан хүмүүс 5 өдрийн дараа бүгд өөрсдийн аягаа авч ирсэн байгаа нь сургалт үр дүнг харуулж байна гэж бодож байна.
Харин Налайх дүүргийн 5-р хорооны хэсгийн ахлагч Х.Алтанцэцэг:
Сургалтын сэдвүүд маш өргөн хүрээг хамарсан нь гайхалтай байлаа. Агаар, ус, хөрс, эрчим хүч, амьтан ургамал, хог хаягдал гэхчлэн олон чухал ойлголтуудыг мэргэжлийн түвшинд, сонирхолтойгоор хүргэж, бидэнд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэйг ойлгууллаа.
Налайх дүүргийн Насан туршийн Суралцахуйн төвийн нийгмийн ажилтан З.Баасансүрэн:
Сургагч багш болсноороо өөрийн сурч, ойлгож, мэдэрснээ бусад хүмүүст хүргэж, ойлгуулах чин хүсэл маань нэмэгдлээ. Урьд нь харж, анзаарч байгаагүй зүйлсээ олж харж бид бусдаас биш өөрсдөөсөө эхэлж эерэг өөрчлөлт гарах боломж бүрэн байгааг сурч авлаа. Одоо энэ мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцаж, ойлгуулахыг маш их хүсэж байна.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Х.Пүрэвсүрэн:
Сургалтад оролцогчдын сэтгэгдлийг сонсоод үнэхээр зөв хүмүүсээ сонгож сургажээ гэж бодогдож байна. Сургалтад хамрагдаад сургагч багш болоод цаашдаа хэр олон хүмүүст мэдлэг мэдээллээ дамжуулж чадсан бэ гэдгээс л бидний ажлын жинхэнэ үр дүн харагдах болно гэж сертификат гардуулах үеэрээ хэллээ.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Х.Пүрэвсүрэн, Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар тус сургалтад хамрагдсан сургагч багш нарт сертификатыг гардуулж, Налайх дүүргээ ногооруулах үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Тус төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл Мэдээлэл, харилцааны ажилтан Д.Гэрэлмаатай холбогдоно уу. Утас: 99785009, Имэйл: gerelmaa.dagva@savethechilden.org