Био ялзмаг “үйлдвэрлэгч” чийгийн улаан хорхойнууд

-Оюутнууд байгалиа хамгаалахад хувь нэмрээ оруулж байна-

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 78 хувь цөлжилттэй гэсэн судалгаа бий. Харин Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 98 хувь цөлжилттэй байгаа өнөө үед нэгэн өвөрмөц үйлдвэрлэл тус газарт бий болжээ.

Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн ойжуулалтын ангийн оюутан залуус Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн  ESEL хөтөлбөрийг амжилттай дүүргэж, аймаг, орон нутаг төдийгүй Монгол орныхоо цөлжилтийг бууруулах зорилгоор Калифорний 10 мянган ширхэг чийгийн улаан хорхой худалдан авч, үржүүлэн нутагшуулж, био ялзмаг үйлдвэрлэж байна.

Энэхүү төсөл нь тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрт төдийгүй, төмс хүнсний ногоо тариалах, аймаг орон нутгийнхаа цөлжилттэй тэмцэхэд нэн чухал хэрэгцээтэй байгаа юм. Төслийн багийн гишүүд чийгийн улаан хорхой нутагшуулахдаа амралтын өдрөөрөө цаг зав гарган, аргал хомоол, хүнсний ногоо болон жимс жимсгэний хальс зэргээр тэжээж, тэднээс ялгарах био ялзмагийг ялгах, аймаг, орон нутгийнхаа иргэдэд хямд үнээр худалдахын зэрэгцээ үйлдвэрлэлийн аргаа түгээн дэлгэрүүлж, таниулдаг.

Төслийн багийн гишүүн Ойжуулалтын ангийн 3-р курсийн оюутан Б.БатцэцэгӨнөөгийн оршин буй дэлхийд тулгарч байгаа асуудлын нэг бол байгаль экологи буюу хөрс. Хөрс эрүүл байснаар агаар цэвэршиж, хүний эрүүл мэнд, байгаль экологийн орчинд тэнцвэртэй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс бид ESEL сургалтаа амжилттай төгсөж, багаараа хөрс сайжруулж, эдгээх “Био ялзмаг үйлдвэрлэх” төсөл санаачилж, дэмжүүлэн санхүүжилт авсан. Төслийнхөө хүрээнд био ялзмаг үйлдвэрлэж, цөлжилт, хөрсний доройтол болсон газар нутагтаа төдийгүй, хойч ирээдүйдээ цэвэр агаарт амьдрах, дэлхийг бүрэн бүтэн үлдээхэд нэгээхэн хэсэг нь болж ажиллахаар зорьж байна” гэлээ.   Төслийн чиглүүлэгч, Уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын багш Л.Мөнхжаргал “Сурагчид ESEL сургалтад хамрагдсанаар хувь хүний хандлага, харилцаа,  нийгмийн оролцоо, багаар ажиллах, тулгарч буй асуудлуудаа тодорхойлох чадварт суралцсан. Үүнээс гадна нийгмийн сайн сайхан, байгаль дэлхийгээ хамгаалахад суралцах, асуудал шийдвэрлэх шинэлэг арга технологи нэвтрүүлэхэд оролцож буй нь талархалтай байна. Хөрс эрүүл байснаар агаар цэвэр байж, хүний эрүүл мэнд, байгаль экологийн орчинд тэнцвэртэй байдаг. Тэгвэл 1 см хөрс байгалийн жамаар бүрэлдэн бий болоход 1000 жил шаарддаг чухал асуудал. Энэ асуудлыг шийдэхэд өнөөгийн оюутан, залуус анхаарал хандуулан ажиллаж байна гэдэг бидний ирээдүй ямар гэрэлтэй байгааг харуулж байна” хэмээн ярьсан юм.Энэ төсөл ойжуулалтын ангийн оюутан, залууст эко аргаар био ялзмаг хэрхэн бий болгох, хүнсний ногоо, жимс жимсгэний хальсийг үр дүнтэй ашиглах, дахин боловсруулж байгаль дэлхий, үүн дотор хөрс нөхөн сэргээх бодит дадлага болдгоороо онцлогтой.

Ойжуулалтын ангийн 3-р курсийн оюутан Нарангэрэл “Багийн гишүүд төслөө анх хэрэгжүүлэхдээ чийгийн улаан хорхой нутагшуулж, ялгарах био ялзмагийг ялгах, хөрс хэлбэрээр борлуулж байлаа. Дараа нь хамтдаа ярилцаж, багаараа судалгаа хийн, шингэн био ялзмаг үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Хуурай болон шингэн био ялзмагийг аймагтаа төдийгүй бусад аймаг, суманд борлуулах арга зам хайх, бүтээгдэхүүний сав баглаа, боодол зэрэг асуудлаа шийдвэрлэхээр дараагийн шатны төслөө бэлтгэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартаа хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Төслийн багийнхан бүтээгдэхүүн авсан иргэдэд чийгийн улаан хорхой хэрхэн үржүүлж био ялзмаг гарган авах арга зааж өгдөн. Тэд анх нэг жижиг сагсанд 10 мянган ширхэг чийгийн улаан худалдан авч байсан бол өнөөдөр хэд хүрч өссөнийг  тоолох боломжгүй болжээ. Нийт 10 сав дүүрсэн бөгөөд нэг сард хамгийн багадаа 10 кг, түүнээс дээш хуурай био бордоо үйлдвэрлэж байна.