“Цастай инээд-2024” сайн үйлсийн аян зохион байгуулж, хүүхдүүдэд бэлэг өглөө
Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд жил бүрийн шинэ оныг угтан сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа “Цастай инээд-2024” сайн үйлсийн аян зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг өглөө. Энэхүү шинэ жилийн үйл ажиллагаа нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2024 оны 12 дугаар сарын 16-нд болсон юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай шинэ жилийн нээлтэд оролцож “Манай байгууллага хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ. Бид жил бүр ажилчдынхаа дунд хандивын аян зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоотой хамтран ажилладаг. Өнөөдөр 40 хүүхдэд шинэ жилийн бэлэг өгч байна” хэмээн хэллээ.
Хүүхэд бүхэн шинэ жилээр бэлэг авч баярлах дуртай, тэдэнд энэ бүхэн мартагдашгүй дурсамж болон үлддэг. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд жил бүр энэхүү аянг зохион байгуулдаг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ “Шинэ жилийн арга хэмжээнд гурваас дээш насны 100 гаруй хүүхэд эцэг эхтэйгээ хамт ирсэн байна. Хүүхдийг Ивээх Сан 2000 оноос бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэн” хэмээн ярилаа.
Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаандаа өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ онд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ой тохиож байна. Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг.
Олон хүүхэд баярлуулах аянд оролцож хандив өргөсөн Хүүхдийг Ивээх Сангийн нийт ажилтнууд болон бидний хандивын аянг дэмжсэн “Гар чийдэн shop”-ынхондоо талархал илэрхийлье.