Хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч баярлууллаа
Хүүхэд бүр шинэ жилийн бэлэг авч баярлах дуртай байдаг. Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд санаачлан жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулж, хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг уламжлалтай билээ. Энэ удаа нийслэлийн 55 дугаар сургууль дээр 2024 оны 12 дугаар сарын 19-нд очиж, хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өглөө.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Манай ажилтнууд, бидэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагууд сайхан сэтгэлийн хандив өгч эдгээр шинэ жилийн бэлгийг хүүхдүүд та бүхэнд өгч байна. Та бүхэндээ гарч буй шинэ жилийн баярын мэндийг хүргэж, ирэх онд эрүүл байж, эрдэм ном ихийг сурахыг хүсье” хэмээн хүүхдүүдэд хандан хэллээ.
Ивээн тэтгэсэн байгууллагын нэг Коёот Трэйд ХХК-ийн менежер Б.Хишигжав “Манай компани Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажилладаг. Бид хоёр дахь жилдээ шинэ жилийн бэлэг өгөх санаачилгыг дэмжин ажиллалаа. Хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгч байгаадаа баяртай байна” хэмээн хэллээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль 515 сурагчтай, 145 багш, ажилтантай. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг бусад сургууль 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой юм. Тус сургууль 9-12 дугаар ангийн сурагчдаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамруулж, амьдрах ухаанд бэлтгэдэг.
Сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэг “Манай сургууль 515 хүүхэдтэй. Энэ удаа амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн 6-17 насны 50 хүүхдийг баярлуулахаар сонгосон байгаа. Хүүхдүүд шинэ жилээр бэлэг авах дуртай байдаг. Бэлэг өгсөнд талархалтай байна” гэлээ.
Бэлэг гардуулах үеэр тус сургуулийн хамт олон Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудад сургуулиа танилцуулж, зарим тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай байгаа талаар ярилаа. Түүнчлэн жимс, ногоо тариалдаг Green house хүлэмж, талх нарийн боов бариста бэлтгэх сургалтын өрөөгөө танилцуулав. Тус сургууль оюун ухаан, аутизм, дауны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ерөнхий эрдэм болон хөдөлмөр заслын сургалт явуулдаг аж. Сургуулиас сурагчдадаа талх нарийн боов, бариста, цэцэлэгч, ногоочин зэрэг чиглэлүүдээр мэргэжлийн чиг баримжаа олгож байна.
Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажиллаж, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн бэлэг бэлтгэхэд хандив өгч, ивээн тэтгэсэн Макс хотелс ХХК (Holiday Inn Ulaanbaatar), Монгол даатгал ХХК, Бит Пресс ХХК, Коёот Трэйд ХХК, Орлоо инфо ХХК, Гар чийдэн shop, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл зэрэг бүх аж ахуйн нэгжүүд, байгууллагуудад талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.