Эхлэлээс ялалтад хөтлөх гүүр

Говьсүмбэр аймагт “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрийн төгсөгчдөөс 233 нь  сум орон нутаг, сургуулийнхаа нийгмийн асуудлыг шийдсэн 178,2 сая төгрөгийн санхүүжилт бүхий 58 бичил төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Энэ удаа байгальд ээлтэй, дахин боловсруулж ашиглах боломжтой материалуудаар гоёмсог бүтээлүүд урлаж, байгаль орчны бохирдлыг бууруулах, хүмүүсийн анхаарлыг тогтвортой хөгжлийн ач холбогдол руу хандуулахад чиглэн ажиллаж буй “Эко цэцэг” төслийг онцолж байна.

Тус төслийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн 8-12 ангийн сурагчид хэрэгжүүлдэг. Тэд 2024 оны 2 дугаар сард “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд зохиогдсон Питч-7 бичил төслийн уралдаанд “Эко цэцэг” төслөөр оролцож, 3,5 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Ингээд эко цэцгийн хэрэглэгдэхүүн багаж, бэлдэц, үсний зүүлт, энгэрийн хатгуур, балны гэр зэрэг зүйлсийг хийх материалууд авч үйл ажиллагаагаа эхэлжээ.

Багийнхан хамбан материал, бэлдэцээр эко цэцэг хийхээс гадна, үсний зүүлт, энгэрийн тэмдэг, бэлэг дурсгалын зүйлс урлаж, худалдан борлуулж байна. Тэд эхэндээ бүтээлүүдээ цахим хуудсаар дамжуулан борлуулдаг байв. Мөн орон нутгийн “Болор стори” дэлгүүр сурагчидтай гэрээ хийж,  бүтээлүүдийг нь зах зээлд нийлүүлэх замаар тэдэнд хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлж, урам зориг өгөхөөр хамтран ажиллах болжээ. Тэд сурагчдын бүтээлийг борлуулахаас гадна баяр ёслол, хамт олны үйл ажиллагааны захиалга авч, олон нийтэд хүргэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарч дэмжин ажилладаг.Эко багийн гишүүд зөвхөн өөрсдөө хөгжийг хүссэнгүй. 2024 оны 9 дүгээр сард төслийн багийн гишүүд, найз нартайгаа 9 хүний бүрэлдэхүүнтэй “Эко цэцэг” клуб нээжээ. Тус клуб байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй гоёмсог цэцэг, бэлэг дурсгалын зүйлс урлаж, хүүхдүүдэд гоо зүй, байгаль экологийн мэдлэг олгодгоороо давуу талтай.  Клуб долоо хоногт 3 удаа тогтмол хичээллэж, сурагчдын сайн бүтээлийг худалдан борлуулж, өөрт нь ашгийг өгдөг. Тиймээс клубийн гишүүн хүүхдүүдийг илүү сайн суралцах, идэвхтэй байх тэр хүсэл тэмүүлэл өгдөг байна.

12б ангийн сурагч Б.Анхилуун “Бидний урлаж буй эко цэцгүүд болон бусад бүтээгдэхүүнүүд байгаль орчны бохирдлыг бууруулах, хүмүүсийн анхаарлыг тогтвортой хөгжлийн ач холбогдол руу хандуулахад чиглэсэн. Энэ төслөө хэрэгжүүлж эхэлснээр өөрсдийнхөө төдийгүй сургуулийнхаа маш олон хүүхдүүдэд олон зүйлийг сурч авахад тусалж чадлаа” хэмээн ярьж байна. Төслийн багийнхан цаг баримтлах, санхүүгээ төлөвлөх, өөрийн хийж буй зүйлдээ төдийгүй эргэн тойрондоо мэдрэмжтэй хандах, мэдрэмжээ хөгжүүлэх замаар гоо зүйн мэдлэг сууж, гарын эв дүй, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх зэрэг олон зүйлд суралцжээ. Тэд  төслөө бага мэт харагдах ч төгс ялалтад хөтлөх гүүр болж, өөрсдийгөө ялах, амьдралын ухаанд суралцах, бусдад үлгэр дуурайлал болж, бусдыгаа дагуулах, амжилтын эхлэлээ тавих маш олон боломж олгосон гэж үздэг байна. Тиймээс ч багийн гишүүд ирээдүйд илүү их амжилт гаргаж, цаашлаад сургуулийнхаа олон сурагчийг манлайлан, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болно гэдэгтээ итгэлтэй байдаг.

12б ангийн сурагч Г.Хүслэнзаяа “Бидний “Eco Flowers” төсөл байгальд ээлтэй, дахин боловсруулж ашиглах боломжтой материалуудыг ашиглан гоёмсог, урлагийн бүтээлүүд урлах зорилготой. Өөрсдийн бүтээлүүдийг өдөр бүр сайжруулахыг хичээдэг. Төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бүтээлээ худалдан борлуулахаас бүтээлч сэтгэхүйгээ илүү хөгжүүлж ирсэн. Тухайлбал, Би 2024 оны 9 дүгээр сард 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “Мөрөөдлийн зүг” хувцас загвар, гар урлалын улсын уралдаанд бүтээлээрээ оролцож 2-р байр эзэлж Монголын урлаг дизайны акедемийн сургалтын 70 хувийн тэтгэлгээр ИЗОУИС-ийн харьяа “Дүрслэх урлаг, дизайн технологи” -ийн дээд сургуульд суралцах урилгаар шагнуулсан. Энэ бүхэн надад өөртөө итгэх, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх боломж олгосноос гадна, тасралтгүй хичээл зүтгэл амжилтад хүргэдэг, мөрөөдөл зорилгынхоо төлөө тууштай байх үнэ цэнийг мэдрүүлсэн” гэлээ. Түүний хувьд багаасаа орон зай, барилга байгууламжуудыг хараад сэтгэл нь догдолж, энэ салбарын талаар мөрөөдсөөр иржээ. Г.Хүслэнзаяа архитектураар сурах зорилготой бөгөөд зөвхөн барилга барих бус, хүмүүсийн амьдралыг сайжруулах, тэдэнд тав тухтай, аюулгүй орон зайг бий болгохыг хүсдэг байна. Түүний хүсэл мөрөөдлийн эхлэл, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх аяллыг “Эко цэцэг” төслийн хамт олон өгчээ.