“Энтрепренер шаркын эрэлд” уралдаанын эргэн тойронд
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийн үр Өвөрхангай аймгийн зорилтот сумдад хэрхэн үрсэлж, ургаж байгаа түүхийг хуваалцья.
Өвөрхангай аймагт 2020 оны 4 дүгээр сард аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Төслийн аймгийн зөвлөл (ТАЗ) байгуулж, үүний дараа зорилтот долоон суманд мөн сумын Засаг даргын захирамжаар 9-12 хүний бүрэлдэхүүнтэй Төслийн сумын зөвлөл (ТСЗ) байгуулжээ.
Төслийн аймгийн зөвлөл нь төсөл амжилттай хэрэгжих бодлогын таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдлагын түвшинд мэдээлэл түгээх, удирдлагаар хангах үүрэгтэй. Төслийн сумын зөвлөл нь төсөл суманд үр дүнтэй хэрэгжих үндэс суурь болдог төдийгүй төслийн багийн үүргийг сумандаа орлон гүйцэтгэдэг гэж болно. Төслийн сумын зөвлөлүүд өөрсдийн онцлогтой. Ихэвчлэн сумын Засаг дарга эсвэл ЗДТГ-ын даргаар ахлуулж, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, ТСЗ-ийн санхүү болон хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан гишүүд, сумын сургуулийн захирал, менежерүүд оролцсон багаас бүрддэг.
Өвөрхангай аймгийн хувьд 2023 оноос аймгийн Засаг даргын сумын Засаг дарга нартай хийх үр дүнгийн гэрээнд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслийг сумдад үр дүнтэй хэрэгжихэд дэмжин ажиллах талаар тусгаж өгчээ. Энэ нь төслийн хэрэгжилтийг үр дүнд хүргэх, тогтвортой байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Цаашид ч дээрх үйл ажиллагаа үргэлжлэх бөгөөд төслийн аргазүй, төслийн явцад олж авсан хүн капиталыг ашиглах нь сум, орон нутгийн хөгжилд онцгой үр дүнтэй гэж харж байгаа аж.
Төслийн багийн зүгээс ТАЗ болон ТСЗ-ийн хамтарсан уулзалтуудыг цахим болон танхимаар тогтмол зохион байгуулснаар төслийн талаарх ойлголтыг сум, орон нутгийн удирдлагуудын түвшинд нэмэгдүүлж, ач холбогдлыг танин мэдэх, цаашид үргэлжлүүлэн авч үлдэхэд анхаарч ажиллах үндэс суурь болсон юм.
Зорилтот долоон суманд үйл ажиллагаагаа явуулж буй ТСЗ бүр нь өөрсдийн онцлогтой, идэвх, зүтгэлтэй хамт олон байдаг. ТСЗ-ийн амжилтуудаас дурдвал төслийн багаас санаачлан 2024 оны хавар хэрэгжүүлсэн “Энтрепренер шаркын эрэлд” уралдаан юм. Үүнд Сант, Гучин-Ус сумын зөвлөлүүд манлайлан оролцож, Сант сумын ЗДТГ, Гучин-Ус сумын ЗДТГ, Гучин-Ус сумын ИТХ-аас тус бүр нэг сая төгрөг буюу нийт 3 сая төгрөгөөр сурагчдын бичсэн төслүүдийг ивээн тэтгэхээр болсон явдал байлаа. Мөн “Энтрепренер шаркын эрэлд” уралдааны хүрээнд Хужирт, Сант, Бат-Өлзий, Уянга, Арвайхээр сумын төслийн зөвлөлийн гишүүд сумын бизнес эрхлэгч, менторуудыг татан оролцуулсны үр дүнд Сант, Хужирт сумын менторууд мөнгөн дэмжлэг, Бат-Өлзий сумын бизнес эрхлэгч төслийн залуучуудыг ажлын байраар хангахаар болжээ. Түүнчлэн Хархорин сумын нутгийн зөвлөлөөс цаашид жил бүр 10 сая төгрөгөөр питч уралдаан зохион байгуулах, хүүхэд, залуучуудын төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа нь Төслийн сумын зөвлөл нь хэрхэн үр дүнтэй ажиллаж буйг илэрхийлж байгаа юм.