Төслийн зорилтот сургуулийн багш нар, хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдлаа

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Хүүхдийн оролцоог дэмжих арга зүй”, “Хүүхдийн эрх зөрчигдөхөд хаана, хэнд, хэрхэн хандах вэ?” сургалтуудыг 2025 оны 1 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн Зохицуулагч Ж.Батцэцэг сургалтын нээж үг нээлээ. Тэрээр “Төслийн хүрээнд олон төрлийн гарын авлага боловсруулж гаргасан. Энэ удаа хоёр төрлийн гарын авлагын хүрээнд сургалтаа явуулж байна. Энэ сургалтаар хүүхдийг аливаа үйл ажиллагаанд оролцуулахын ач холбогдол юу байх вэ, хүүхдийн оролцооны үе шатууд, тэдгээрийн онцлог, хүүхдийн оролцоог хангахдаа ямар зарчимыг баримтлах вэ, оролцоог нь хэрхэн хэмжих, хүүхдийн оролцох эрхийг хангах эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг олгох зорилготой” хэмээн хэллээ.

Сургалтад төслийн зорилтот сургуулиудын багш нар, дүүргүүдийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын мэргэжилтнүүд, хамтарсан багийн гишүүд зэрэг 120 орчим хүн хамрагдлаа.

Сургалтад оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн физикийн багш З.Насанжаргал “Би залуу багш. Олон зүйлийг сурч мэдсэн өгөөжтэй сургалт боллоо. Чухал сэдэвтэй учраас энэ сургалтыг эцэг эхчүүдэд заана” хэмээн ярилаа. Харин нийслэлийн ерөнхий боловсролын 75-р сургуулийн дизайн технологийн багш З.Баярсайхан “Би төсөл манай сургуульд хэрэгжиж эхлэхээс нь хамрагдсан. Төслийн сургалтууд сайн багш болох, өсөж дэвжихэд хэрэгцээтэй, өгөөжтэй байгаа. Өөрийн хариуцсан 12-р ангидаа мөн сурч мэдсэн зүйлүүдээ хэрэгжүүлдэг. Өнөөдрийн сургалт үр дүнтэй боллоо” гэв.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Та бүхнийг сургалтдаа амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ сургалт чухал сэдвийг хамарсан байгаа. Олж авсан мэдлэг ур чадвараа та бүхэн сургууль дээрээ хэрэгжиж байгаа төсөлдөө ашиглана хэмээн найдаж байна. Төсөл хэрэгжиж байгаа 14 сургууль, 14 хамтарсан баг төслийн хэрэгжилтийн эцэст үлгэр жишээ болохуйц жишиг сургууль, хамтарсан баг болно хэмээн найдаж байна” хэмээн онцлов.

Дашрамд өгүүлэхэд Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хот, Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Төсөлд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдаж байна.