Сурагчдын нээсэн “Шидэт мухлаг”

Ховд аймгийн Булган сумын Минжит булган сургуулийн нэгдүгээр давхарт сурагчдын нээсэн дэлгүүр байдаг. Тус дэлгүүрт багш, ажилтнууд, сурагчдад өдөр тутамд хэрэгцээтэй бал, дэвтэрээс эхлээд амтлаг шокалад, халуун уух аарц, кофе, кимбаб хүртэл бий. Энэ бол Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд Ховд аймагт хэрэгжиж буй 90 бичил төслийн нэг Magic potion юм.

Төслийн багийн гишүүд бүгдээрээ “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөрт хамрагдаж төгссөн сурагчид. Тэд 2023 онд хөтөлбөрт хамрагдсан сурагчдын дунд зохион байгуулдаг 6 дахь удаагийн пич уралдаанд оролцож, 3,5 сая төгрөгийн санхүүжилт авч, төслөө хэрэгжүүлж эхэлжээ.

Тус сургуульд ус цэвэршүүлэгч, усны аппарат байхгүй, багш, сурагчид хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авахын тулд сургуультай хамгийн ойр байрлах дэлгүүр лүү явдаг ч  тэнд идчих шинэ, хөнгөн зууш зэрэг зүйлс тэр бүр зардаггүй байв. Сурагчид энэ бүхнийг шийдсэн дэлгүүр нээхээр санаагаа анх олжээ.

Багийн ахлагч Б.Мөнгөнтуул “Сургууль дээрх асуудлыг шийдэж, үр дүн гаргаж байгаа учраас бид төслөө Magic potion гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлав. Баг материаллаг нөөцийн менежер Б.Бат-Эрдэнэ, М.Батцэцэг, харилцааны менежер Б.Халиунаа, хүний нөөцийн менежер Б.Марал-Од, үйл ажиллагааны менежер Б.Мөнгөнтуул гэсэн гишүүдтэй. Даваагаас баасан гаригт гишүүн бүр нэг өдрийг хариуцаж, хичээл эхлэхээс 30 минутын өмнө ирж дэлгүүрээ нээж, завсарлага бүрээр дэлгүүртээ ажиллана. Анх тэд өдрийн ашгаа 10500 төгрөгөөр тооцоолж байсан бол одоо 15000 төгрөгийн өдрийн ашигтай ажиллах болжээ. Тэдний хувьд төслөө хэрэгжүүлснээр санхүүгийн сахилга батад суралцаж, орлого, зарлага, ашиг, зээл гэх мэт олон төрлийн дансны дэвтэр тогтмол хөтөлж сурчээ. Б.Бат-Эрдэнэ “Манай баг санхүүжилтээрээ анх усны аппарат, шаардлагатай материалууд, гэрэл чимэглэлүүдээ захиалж авсан. Би сургуулийнхаа мужаан, дизайн технологийн багш нартай хамтран дэлгүүрийнхээ бараа өрөх ханын тавиур, лангуу, ширээгээ долоо хоногт хийж дуусгаад өөрөөрөө бахархаж, дэлгүүрээ нээхийг догдлон хүлээсэн” хэмээн ярилаа.

Дэлгүүрийн хамгийн эрэлттэй бараа нь өндөг, кимбаб. Тэд сурагчдад эрүүл, аюулгүй хүнсээр үйлчлэхийн тулд сумынхаа бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, өглөө бүр шинээр нь авч зардаг. Үйл ажиллагаа явуулахад тулгарч буй том бэрхшээл байхгүй ч сумаасаа худалдан авалт хийхэд бичиг хэргийн бараа сонголт багатай, хүнсний бүтээгдэхүүнүүд нь арай үнэтэй байдаг. Тиймээс Ховд аймгийн төвөөс бараагаа захиалж авдаг гэж туршлагаа хуваалцав.

М.Батцэцэг “Хүмүүс бүтээгдэхүүн худалдаж авах бүрдээ баярлалаа гэж хэлдэг болохоор урам авч дэлгүүрээ ажиллуулахад гоё байдаг. Үе тэнгийнхэн болон дүү нар биднээс үлгэр дуурайлал авч байгаа болохоор бид хичээдэг” гэлээ.

Тэдний багийнхан олсон ашгаа хуримтлуулж тэмдэглэлт өдрүүдээр хүмүүсийг баярлуулахыг эрмэлздэг. Тухайлбал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж сургуулийнхаа дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Ээждээ зориулсан бүтээлийн уралдаан” зохиож, хоёр сурагчийн бүтээлийг шалгаруулан, ээжүүдэд нь гоо сайхны бүтээгдэхүүн, баярын бялуугаар бэлэг барьжээ.

Magic potion төслийнхөн үйл ажилллагаагаа өргөжүүлэхээр дараагийн зорилгоо аль хэдийнэ тодорхойлжээ. Тэд ахлах ангийн сурагчдын хичээлийн цүнх нь маш хүнд байдаг асуудлыг олж харан сургуульдаа шүүгээ авч багш, сурагчдад түрээслүүлэхээр зорьж байна.

“Хүүхэд бүхэнд мөрөөдөл бий. Бид хүссэн зүйлээ зоригтой эхэлж, туршиж үзэхэд ESEL сургалт маш том гүүр нь болж өгсөн гэж боддог. Тиймээс хүүхдүүдийг мөрөөдлийнхөө төлөө алхам хийгээрэй гэж уриалмаар байна” гэж багийн ахлагч Б.Мөнгөнтуул хэллээ.