Хооллолтын байдлыг үнэлэх аргачлал, гарын авлага танилцуулах сургалт болов
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсролын яам 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Эдгээр гурван чиглэлийн “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” хөгжүүлэх ажлын хүрээнд “Хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй суралцагчдын хооллолтын байдлыг үнэлэх аргачлал хоол зүйч, тогооч нарт зориулсан гарын авлага танилцуулах” сургалт 2025 оны нэгдүгээр сарын 31-нд нийслэлийн еренхий боловсролын 29 дүгээр сургуульд боллоо.
Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал сургалтыг нээж, үг хэллээ. Тэрээр “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол, мэдлэг олгохын зэрэгцээ тэднийг амьдралд бэлтгэх ёстой. Үүний тулд хамгийн гол нь эрүүл байх, зөв хооллох, зөв дадалд сургах бодлого баримталж байгаа” хэмээн онцлов.
Энэхүү сургалт хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй суралцагчдын хооллолтын байдлыг үнэлэх аргачлалыг танилцуулж, тэдэнд зориулсан шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнсээр үйлчлэхэд сургуулийн хоол зуйч, тогооч, эмч, багш, ажилтнуудыг чадавхжуулах зорилготой байв.
Нийслэлийн 25 дугаар сургуулийн хоол зүйч н.Нарантуяа “Ажил мэргэжлийн чиглэлийн гарын авлага их ховор байдаг. Ийм гарын авлага их чухал. Сургалтаар өөрийн мэдлэг, чадвараа дээшлүүллээ. Энэ чиглэлийн сургалтууд харьцангуй ховор явагддаг” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцав.
Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдсан бөгөөд лекц-танилцуулга, хэлэлцүүлэг хэлбэрээр онолын мэдлэг олгож, дадлага хийлгэв. Оюун ухааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмын хүрээний эмгэгтэй болон хэл ярианы бэрхшээлтэй суралцагчдын хооллолтын байдлыг үнэлэх аргачлал, хооллоход дэмжлэг үзүүлэх алхмууд зэрэг сэдвүүдээр хосолсон хэлбэрээр явагдсан сургалтад цэцэрлэг, сургуулийн хоол зүйч, тогооч, эмч, багш, нийгмийн ажилтан зэрэг 360 орчим хүн хамрагдсан юм.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын Дэлхийн Түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байна.