МҮХАҮТ хүүхэд, залууст энтрепренершип боловсрол олгох чиглэлээр ХИС-тай хамтран ажиллана

Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч Л.Төр-Одтой уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов. Уулзалтад ХИС-гийн төслийн менежер, МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, газар, албадын дарга, ажилтан, аймгийн салбар танхимын дарга нарын төлөөлөл оролцлоо.

                                                

Уулзалтын эхэнд ХИС-гийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн Менежер Ё.Нямдаваа орон нутгийн хүүхэд, залууст энтрепренершип боловсрол олгох төслийн үйл ажиллагаагаа танилцуулав. ХИС-гаас МҮХАҮТ-ын оролцоотой хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн эрэлтэд нийцсэн 21 зууны ур чадвартай ажилтан бэлтгэх, ирээдүйн энтрепренерүүдийн чиг хандлага, сэтгэлгээний хөгжлийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал гаргалаа. Энэ үеэр ХИС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Монголын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа өнөө үед компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллах хүчээ, ирээдүйн залгамжлагчаа бэлтгэхэд тодорхой хувь нэмэр оруулах цаг болсон. Ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэх арга туршлагыг ХИС энэхүү төслийн хүрээнд боловсруулан бэлэн болгож байгаа тул үндэсний аж ахуй нэгжүүдийн оролцоотойгоор түгээн дэлгэрүүлэх боломжтой” хэмээн онцлов.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од ХИС нь танхимтай хамтарч, төсөл хэрэгжүүлсэн 5 аймгийн салбар танхимын оролцоотой хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн, сэтгэлгээ, ур чадварын хувьд хөгжсөн ирээдүй, хойч үеийг бэлтгэх сургалт, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, танхимын удирдах зөвлөлийн гишүүдэд төслийн үр дүнг танилцуулж, ESEL хөтөлбөрийг танхимын үйл ажиллагаатай уялдуулан үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэх арга замыг судлан хэрэгжүүлэх боломжтой” гэлээ.

ХИС, МҮХАҮТ-ын уулзалтад оролцогч талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хүүхдийн эрхийг дээдэлсэн бизнесийн зарчмыг хэрэгжүүлэх, төслийн хүрээнд бий болсон туршлагыг үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны зураглал боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцов.