Говийн бүсэд хүүхэд, залуусын чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов
Хүүхдийг Ивээх Сан нь бодит дэвшил гаргах замаар хүүхдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн Засаглалын түншлэлийн менежер Жейсон Титер болон Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нартай 2025 оны 2 дугаар сарын 19-нд уулзаж, ХИС-гийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр боловсруулж буй төслийнхөө талаар мэдээлэл өглөө.
Хүүхдийг Ивээх Сан өсвөр үеийн хүүхэд, залуусын хувь хүний ур чадвар, энтрепренершипийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх зорилготой “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ онд өндөрлүүлж байна. Уг төсөл нь Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 29 зорилтот сумыг хамарч байгаа юм. Хүүхдийг Ивээх Сан энэхүү төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургамж, амжилт дээрээ тулгуурлан өөр аймгуудад түгээн дэлгэрүүлэх, цар хүрээг илүү өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор говийн бүсэд хэрэгжүүлэх санал боловсруулаад байгаа билээ.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хүүхэд, залуусын хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн үр дүн, ололт амжилтыг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулав.
Говийн аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар нар төслийн саналыг хүлээн авч, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.