Х.Хаш-Эрдэнэ: Хяналт, үнэлгээ бол хянах, шалгахаас илүү зөвлөх, туслах, дэмжих үүрэгтэй
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” (ESEL) сургалтын хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуус тэтгэлгийн пич уралдаанд оролцдог. Шалгарсан багууд 1000 ам.доллар хүртэлх тэтгэлгийн санхүүжилт авч, ESEL сургалтын хөтөлбөрөөс сурсан мэдлэг, ур чадвараа бодитоор турших боломжтой болдог. Бичил төсөл амжилттай хэрэгжихэд Төслийн сумын зөвлөл (ТСЗ) чухал үүрэгтэй. Энэхүү орон тооны бус зөвлөл нь дарга, нарийн бичиг, хамтрагч байгууллагуудын төлөөлөл, санхүү хариуцсан гишүүн, хяналт, үнэлгээ хариуцсан гишүүн, эцэг эхчүүд болон сайн дурын төлөөллүүдээс бүрдэнэ. Энэ удаа Ховд аймгийн Булган сумын Хяналт, үнэлгээ хариуцсан зөвлөлийн гишүүн Х.Хаш-Эрдэнийг онцолж байна.
Хяналт, үнэлгээ хариуцсан гишүүн нь бичил төслүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төсөл бүрт гурван удаагийн мониторинг хийж, багийн гишүүдэд санал зөвлөж өгч, туслах үүрэгтэй.
Тэрээр биологи, газарзүйн багш мэргэжилтэй бөгөөд Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд багшилж байхдаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн багш/зөвлөхөөр бэлтгэгдэж, хяналт, үнэлгээ хариуцсан гишүүнээр 2022 оноос ажиллаж байна.
Х.Хаш-Эрдэнэ сумынхаа ерөнхий боловсролын хоёр сургууль болон Насан туршийн суралцахуйн төвийн 37 бичил төслийн үйл ажиллагаанд мониторинг хийн, зөвлөн тусалж, 147 хүүхэд, залуустай хамтран ажиллажээ.
Х.Хаш-Эрдэнэ ажлынхаа онцлогийн талаар “Хяналт, үнэлгээ буюу мониторинг нь хяналт, шалгалт гэхээс илүү багуудад зөвлөн туслах, дэмжих үүрэгтэй гэж боддог. Би бичил төсөл бүрийн явцтай биечлэн танилцдаг. Мониторинг бүрийн өмнө хүүхдүүддээ энэ бол шалгалт биш, танай багийн төслийн үйл ажиллагааг сайжруулах, дэмжих зорилготой хийгдэж байгаа гэдгийг онцлон тайлбарлана. Багийн гишүүдийн тэгш оролцоог дэмжихийг илүүтэй зорьдог” хэмээн ярилаа.
Түүний хувьд бичил төслүүдэд хяналт, үнэлгээ хийхэд томоохон хүндрэл, бэрхшээл тулгараагүй аж. Учир нь Хүүхдийг Ивээх Сангаас үе шаттай зохион байгуулсан “Оролцоонд суурилсан мониторинг” сургалтад сууж, бичил төсөлд мониторинг хийх, хүүхэд залуучуудын багтай ажиллах аргазүйд суралцсан байна. Түүнчлэн өөрийгөө илүү сайжруулах, хөгжихийн тулд төслийн баг, аймгийн бизнес көүчүүд, ментор багш нараас зөвөлгөө авч, хамтран ажилладаг аж.
“Хяналт, үнэлгээ хариуцсан гишүүнээр ажилласнаар ажил мэргэжил болон хувь хүний хөгжлийн хувьд сайн туршлага болсон. Хүүхэд, залуучуудын багт зөвлөн туслах явцдаа аливаад дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх, эдийн засгийн тооцоолол хийх зэрэг ур чадварууд маань илүү хөгжсөн гэж бодож байна” хэмээн Х.Хаш-Эрдэнэ сэтгэгдлээ хэлэв. Мөн Булган суманд тус төсөл хэрэгжсэнд маш их баяртай байдаг. Сумын хүүхэд, залуус бүтээлчээр сэтгэж, сурагч байхаасаа сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад багш хүний хувьд болон сумын иргэний хувьд бахархалтай байдаг гэж онцоллоо.
Х.Хаш-Эрдэнэ 2024 оны 10 дугаар сараас Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд сум, орон нутагтаа хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжсэн олон ажил төлөвлөжээ. Тухайлбал, хүүхэд, залуучуудын хөгжлийн төв байгуулах, жил бүр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд төслийн уралдаан зохиож санхүүжилт олгон төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд хийхээр зорьж байна.
Тэрээр “Хувийн зүгээс болон ИТХ-ын даргын хувьд сумынхаа хүүхдүүдийн боловсрол, хөгжлийг чухалчилан ажиллах зорилготой, сумын хүүхдүүд энтрепренер сэтгэлгээтэй учраас нийгэмд үр нөлөө бүхий олон шинэлэг санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд түүнд хувь нэмрээ оруулахдаа баяртай байна” гэлээ.
Ховд аймгийн Мөст, Манхан, Зэрэг, Үенч, Алтай, Булган зэрэг зорилтот суманд төслийн сумын зөвлөлүүд идэвхтэй ажиллаж, зөвлөлийн гишүүн тус бүр үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэн Ховд аймагт хүүхэд, залуучуудын санаачилсан 90 бичил төсөл амжилттай хэрэгжсэн юм.