Мэдлэг олгогч, ур чадвар хөгжүүлэгч

Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш О.Оргилчимэг Хүүхдийг Ивээх Сангаас зорилтот таван аймгийн 29 суманд 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн 594 багшийн нэг юм.

Түүний хувьд 2007 онд Ховд Их сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгсөж 18 дахь жилдээ сургуульдаа багшилж байгаа ажээ. О.Оргилчимэг 2021 оны 4 дүгээр сард анх ESEL хөтөлбөрийн багшаар бэлтгэгдэн Насан туршийн нэгжийн (НТН) 20 суралцагч залуустай танхим болон зайн хосолсон сургалтаа эхэлсэн юм. Тэрээр анхны сургалтынхаа талаар “Хөдөө мал хариулж буй залуучуудад хичээл ороход үнэхээр гайхалтай олон зүйлийг өөрөө ч сурч, тэдэнд сургаж, шинэ туршлага хуримтлуулсан сайхан сургалт болж билээ. Учир нь Англи хэлний багш мэргэжилтэй би урьд нь хувь хүний хөгжлийн сургалтыг хосолсон хэлбэрээр хэзээ ч орж байсангүй. Тухайн үед надад бүх зүйл шинэ сорилт болж, сорилт бүрийг давахдаа өөрийгөө ч хөгжүүлж байсан” хэмээн дурсан ярив.

О.Оргилчимэг багш НТН-ийн хүүхэд, залууст хосолсон сургалт орохоос гадна ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын танхимын ESEL ангийг хоёр удаа төгсгөжээ. “Хичээлийн сэдэв ахих бүрд сурагчдын өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар,  манлайллын ур чадварууд хөгжиж, багштай ч нээлттэй харилцаж эхэлдэг нь богино хугацаанд шууд анзаарагддаг үр дүнгийн нэг” хэмээн тэрээр онцлов. Мөн “Хосолсон болон танхимын сурагчид ялгаатай байдаг,  багш хүний хувьд насны онцлог болон хүүхэд залуусын цаашдын зорилгийн ялгаатай байдлыг анхаарч, заах арга барилаа ч өөрчилдөг” гэлээ. Тухайлбал, Насан туршийн нэгжийн хүүхэд, залууст сургалт ороход бичил төслийн санаа нь голчлон амьжиргаагаа дээшлүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог бол ЕБС-ийн сурагчдийн төслийн санаа нь сургууль дээрээ шинэлэг зүйлийг туршиж үзэх онцлогтой байдаг байна. Пич-8 уралдаанд О.Оргилчимэг багшийн чиглүүлсэн ЕБС-ийн “Гэрэлт ирээдүй” баг “Ном түрээсийн үйлчилгээ” төслөөр оролцон, санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байна. Тэд хувь хүний хөгжил, англи хэл, уран зохиолын шилдэг номуудыг сурагчдад түрээсээр уншуулж, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

О.Оргилчимэг багш сургуульдаа ESEL хөтөлбөрөө явуулахаас гадна туршлагаа түгээж 2023 онд аймгийн “Хөгжил” политехник коллежид ESEL хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтад дэмжигч багшаар оролцон зургаан багш бэлтгэжээ. Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сард ESEL хөтөлбөрийн мастер багш бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлж сонгогдон улсын хэмжээнд бэлтгэгдсэн 50 мастер багшийн нэг болсон юм. “Сурагчдад мэдлэг заахаас гадна ур чадварыг суулгах нь багш бидний зорилго. ESEL хөтөлбөр бол ур чадварууд хөгжүүлдэг сургалт. Тийм ч учраас ESEL хөтөлбөрийн мастер багш болж, илүү олон багш нарт сурагчдынхаа ур чадварыг хөгжүүлэхэд нь туслахыг хүссэн” гэв.

Төслийн зорилтот сургуулиудад ESEL сургалтын төгсөгчдийн сайн дурын нэгдэл энтрепренер клуб байдаг бөгөөд Зэрэг сумын “Тэмүүлэл” энтрепренер клубийн чиглүүлэгч багшаар ажиллаж, сурагчдын хамтын ажиллагаа, идэвх санаачилга, бүтээлч байдлыг дэмждэг. “Тэмүүлэл” клуб нь сургууль, сум, төсөл болон аймгийн зүгээс зохиогдож буй хүүхдийн оролцоот  үйл ажиллагаануудад манлайлан оролцдог. Тэд одоогоор Хүүхдийг Ивээх Сангийн Ховд салбар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулж буй 2 сарын хугацаатай нөлөөллийн аянд идэвхтэй оролцож байна.

Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” төслийн хүрээнд “Эко хүнс” Сургуульд суурилсан энтрепрайз (ССЭ) хэрэгжүүлдэг онцлогтой. О.Оргилчимэг багш энэхүү ССЭ-ийн удирдлагын багт ажиллаж, амжилттай хэрэгжихэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Ховд аймгийн Мөст, Манхан, Үенч, Булган, Алтай, Зэрэг сумын ЕБС болон Жаргалант сумын “Хөгжил” политехник коллеж дээр ESEL хөтөлбөрийн 98 багш/зөвлөх, 7 Мастер багш бэлтгэгдсэн бөгөөд багш бүрийн хичээл зүтгэлээр 2080 хүүхэд, залуус “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL сургалтыг амжилттай төгссөн байна.