Санхүүжүүлэгчид төслийн явц, үр дүнтэй танилцаж байна

– Төслийн оролцогч талууд болон үр шим хүртэгчидтэй уулзав –

Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2023 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Санхүүжүүлэгч байгууллагын төлөөллүүд 2025 оны 4 дүгээр сарын 20-27-нд Монголд ажиллаж байна. Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Helen I’Anson, ахлах ажилтан Lilian Tong, дотоод хөтөлбөрийн менежер Kevin Lau, дижитал маркетингийн ажилтан Alison Hui нар төслийн Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь төслийн оролцогч талууд болон үр шим хүртэгчидтэй уулзаж, зорилтот сургуулиуд, хамтарсан багуудад гарч буй үр нөлөөтэй танилцах юм. Түүнчлэн Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн  удирдлагын баг, төслийн ажилтнуудтай уулзаж, үр дүн, тулгарч буй асуудлууд, сургамж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцана. Тэд 2025 оны 4 дүгээр сарын 21-нд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийнхантай уулзаж, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авлаа.

Мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал уулзаж, ярилцав. Боловсролын яамны ажилтнууд уулзалтад оролцож, Хүүхдийг Ивээх Сан, яамны хамтын ажиллагаа болон “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг цаашид хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар танилцуулав. Боловсролын яамнаас үндэсний хэмжээнд нийгмийн ажилтнуудаа чадавхжуулах сургалтууд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүгээр төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх боломжтой хэмээн харж байгаа аж. Сургууль орон нутгийн байгууллагатай хамтарч ажиллах, хамтарсан багийн үйлчилгээг сургуультай холбох гол суурь болсон төсөл хэмээн дүгнэв.

Нийслэлийн 33-р сургуулийн багш, ажилтнууд болон хамтарсан багийнхан төслийн санхүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, төслийн үр дүн, өнөөгийн сорилт, ирээдүйн боломжуудын талаар ярилцлаа. Санхүүлэгчдийн багийнханд Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөллүүд, сурагчид, эцэг эхчүүд болон 3-р хорооны хамтарсан багийнхан төслийнхөө үр дүнг танилцуулж, тэдний асуултуудад хариулав.

Дараа нь Сүхбаатар дүүргийн 58-р сургууль дээр очиж, төслийн явцыг харж, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, сурагчдын танилцуулгыг сонсож, ярилцлаа. Үүнээс гадна анги танхимаар зочилж, хичээлийн явцыг сонирхов. Тус сургууль гэр хороолол дунд байрладгаараа бусад сургуулиас онцлогтой юм.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-р хорооны үйл ажиллагаатай танилцав. Хорооны удирдлагууд төслийн багаас зохион байгуулсан сургалтуудад хамрагдаж чадавхжсан талаараа ярьж, хороо, сургууль хоёрын хамтарсан багийн үйл ажиллагаа нэгдэж, туршлага, мэдлэгээ хуваалцдаг болсон талаараа ярив.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжиж байна. Төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлж, үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой юм.