Удирдан чиглүүлж, манлайлан оролцогчийн түүх

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын менежер, төслийн Сумын зөвлөлийн нарийн бичиг Л.Сайхантуяа Хүүхдийг Ивээх Сангаас Сүхбаатар аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамтран ажиллаж байна.

 

Түүний хувьд Хүүхдийг Ивээх Сангаас орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хэрхэн үр дүнтэй хэрэгждэг, нутгийн ард иргэд, хүүхэд багачууд, залуучуудад хэрхэн үр нөлөөгөө өгдөг талаар төсөл хэрэгжүүлэгч багт ажилласнаар мэдэрсэн байна. Тэрээр Хүүхдийг Ивээх Сангаас Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2012-2017 онд хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн сумын багт ажиллаж, улмаар төслийн сумын зөвлөлөө удирдлагаар ханган, “Сайн” үнэлгээтэй дуусгасан түүхтэй.

Харин энэ удаа тус суманд хэрэгжиж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн Сумын төслийн зөвлөлийн нарийн бичгээр ажиллаж байна. Л.Сайхантуяа энэхүү үүрэгт ажилдаа томилогдсон үеэс төслөө амжилттай хэрэгжүүлэхээр бүхий л үйл ажиллагаагаа удирдан чиглүүлж, манлайлан оролцож яваа нэгэн. Түүний төсөлд оруулсан хувь нэмэр их. Тухайлбал, төслийн суурь судалгааны ажлыг биечлэн хариуцаж, мэдээллийн сан бүрдүүлсний зэрэгцээ, орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэхэд багш нараа сонгох, сургалтад хамруулахад удирдан чиглүүлжээ. Тус сургуулийн 10 багш төслийн сургагч багш болсон байна. Түүнчлэн төслийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, сурагчдын танхим болон зайны сургалтад хөндлөнгийн хяналт хийж, сурагчдад гарч буй өөрчлөлт, ахиц амжилтад дүгнэлт хийж ажиллажээ. Төсөл амжилттай хэрэгжихэд төслийн Сумын зөвлөлийн үйл ажиллагаа нэн чухал.

Тиймээс зөвлөлөө идэвхжүүлэх, шийдвэр гаргагчдын түвшинд асуудлаа тавих, гарц эрэлхийлэх, сургуулийн захиргааны идэвх оролцоог сайжруулах зэрэгт санаачилга гаргаж, хөтлөн чиглүүлсэн ажээ. Ингэж ажилласны үр дүнд аймагтаа хэрэгжиж буй төслийн бусад сумдаас Мөнххаан сум хамгийн олон бичил төслийн санхүүжилт авсан юм. Тэрээр намар, хаврын элсэлт, төгсөлтийн дараах пич уралдааныг амжилттай зохион байгуулахад удирдан чиглүүлжээ. Орон нутгийн залуусыг төсөл хөтөлбөрт хамруулахын тулд сумын болон багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж, элсэлтийн ангиа бүрдүүлж, залуучуудын анги төгсгөжээ. Тэдгээр залуус өнөөдөр орон нутагтаа бичил бизнесийн гараагаа эхэлж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Л.Сайхантуяа “Төсөл хэрэгжээд дуусах шатандаа явж байна. Үр дүнгээ эргээд харахад Мөнххаан сумын сургуулиас төсөлд хамрагдсан 8-12 дугаар ангийн сурагчдын багаар хамтарч ажиллах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, ярих ур чадвар, төсвийн тооцоо хийх санхүүгийн мэдлэг боловсрол, цахим орчинд ажиллах чадвар, өөрсдийн давуу талаа тодорхойлох, хоббигоо хөгжүүлэх зэрэг  хувь хүний ур чадваруудаа хөгжүүлж, ахиц амжилт гарсныг харахад таатай байна. Мөн сургуулийн орчинд  хүүхэд, багачууд бичил төслөө амжилттай хэрэгжүүлж, үр дүнгээ хуваалцаж, надад аз жаргалтай нэгэн болсон мэт мэдрэмж төрүүлж байгаа нь сайхан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 2019-2025 онд Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 29 суманд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр сумдын нэг бол Сүхбаатар аймгийн Мөнххаан юм.