“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг тогтвортой дэмжих нь” төслийг шинэ зорилтот байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг шинэ зорилтот байгууллагуудад танилцуулах уулзалт 2024 оны 4 дүгээр сарын 24-нд Монгол-Японы төвийн хурлын танхимд боллоо. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бүхнийг манай төслийн багийнхантай үр бүтээлтэй хамтран ажиллахыг хүсэж байна” хэмээн онцлов. Төслийн багийн зүгээс  төслийн зорилт,  хэрэгжүүлэх үйл ажиллагаа,  харилцан ойлголцлын санамж бичгийн агуулгыг уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай зорилтот Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн удирдах ажилтнуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, харилцан хүлээх эрх, үүргээ тодорхойллоо.

“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг тогтвортой дэмжих нь” төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Уг төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээний байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгоно. Амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм.