Хэлэн Ай Энсон: Бидний зочилж очсон газар бүрээс төслийн үр дүн мэдрэгдлээ
Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Хэлэн Ай Энсонтой ярилцлаа. Тэрээр багийнхаа хамт Монголд зочилж, Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн үр дүн, явцтай танилцаж, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудтай уулзсан юм.
– Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?
– Намайг Хэлэн Ай Энсон гэдэг. Хонконгийн Хүүхдийг Ивээх Санд Олон улсын хөтөлбөр хариуцсан захирлын албатай. Би Англид төрж, өссөн. Хонконгийн Хүүхдийг Ивээх Санд сүүлийн дөрвөн жил ажиллаж байна. Үүнээс өмнө Ази болон Зүүн Европд байрладаг Хүүхдийг Ивээх Сангийн салбаруудад, мөн Африкт олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Шинэ улсуудаар аялан, өвөрмөц соёлуудтай танилцан, дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхдүүдтэй хамт байж, тэдний төлөө хийж буй ажлаа биечлэн очиж харах нь миний хувьд хамгийн сайхан зүйлсийн нэг.
– Та өмнө нь Монголд зочилж байсан уу?
– Би анх удаа Монголд ирж байна. Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангаас санхүүжүүлсэн төслийн хүрээнд Улаанбаатар хот, Монголын баруун аймагт зочилж, төсөлтэй биеэр очиж танилцах аз завшаан надад тохиосонд тун их баяртай байна. Монгол орон үнэхээр үзэсгэлэнтэй, хүн ард нь тун сайхан сэтгэлтэй, найрсаг, зочломтгой юм байна.
– Таны бодлоор энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх ямар шаардлага байсан бэ?
– Хүүхдийг гэр бүл болон орон нутгийн түвшинд дэмжин ажилладаг мэргэжилтнүүд хүүхэд хамгааллын чиглэлээр өөрсдийн гүйцэтгэх үүргийг бүрэн ойлгоогүй байх тохиолдол цөөнгүй байлаа. Тиймээс энэ төслийг Монголд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан юм. Хүүхдүүд өөрсдийн эрхийн талаар бүрэн мэдээлэлгүй байхаас гадна, гэр болон сургууль дээрээ насанд хүрэгчидтэй үзэл бодлоо хуваалцах боломж дутмаг. Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах хууль байдаг боловч, хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц үр дүнтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгох, бодитоор хэрхэн хэрэгжүүлэх талаарх мэдлэг, арга барил багш нар болон орон нутгийн мэргэжилтнүүдэд дутагдалтай байв. Энэхүү төсөл тэдэнд орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх мэдлэг, бодит ур чадварыг олгосон.
– Төслийн үр шимийг хүртэгчидтэй уулзаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Тухайлбал, хүүхдүүд, эцэг эхчүүд, сургуулийн ажилчид, Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдтэй уулзсан сэтгэгдлээ хуваалцах уу?
– Орон нутагт хүүхэд хамгааллыг сайжруулах, сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан тууштай ажиллаж буй төслийн үр шим хүртэгчидтэй уулзаад сэтгэл их хөдөллөө. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл өсөлт, хөгжилд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар сайн ойлголттой болсон тухайгаа урам зоригтойгоор хуваалцаж, мөн өөрсдийн орон нутагт байгаа бусад эцэг эхчүүдэд туслах санаачилгууд дэвшүүлж байлаа. Энэ бол илүү олон хүүхдийг хамгаалах боломж байгааг илтгэж байна. Хүүхдүүд анги хамт олныхоо сэтгэлзүйг хэрхэн дэмжин, тусалж чаддаг болсон тухайгаа хуваалцаж, мөн сургуулиа аюулгүй орчин болгох тэдний санаачилгуудыг сургуулийн удирдлагууд сонсож, анхаарч, хэрэгжүүлж буйд баяртай байгаагаа илэрхийлж байсан. Очсон бүхий л газарт орон нутгийнхан төслөөс олж авсан мэдлэгийг өөрсдийн нөхцөлд тохируулан уян хатан байдлаар хэрэгжүүлж байна. Энэ уян хатан байдлыг төслийн гол давуу тал гэж харж байна. Сургууль, хороо, сум, аймгийн удирдлагууд төслийн зорилгод үнэхээр үр дүнтэй дэмжлэг үзүүлж байгааг харлаа. Энэхүү дэмжлэг төслийн амжилт болон бүх талын оролцоог хангахад чухал нөлөөтэй юм. Хонконгийн Хүүхдийг Ивээх Сан энэ төслийг дэмжиж, орон нутгийн оролцогч талуудыг чадавхжуулахад хувь нэмэр оруулж байгаагаар их бахархаж байна. Тухайн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон өмнөх төслүүдээсээ авсан туршлага, сургамжид тулгуурлан онцгой амжилт гаргаж чаджээ. Хамтарсан баг, эцэг эхчүүд, сургуулийн хамтын ажиллагаа маш сайн, нягт байсан бөгөөд хүүхдийн эрхийн төлөө тууштай, мэргэжлийн түвшинд ажиллаж буй Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон надад гүн сэтгэгдэл төрүүллээ.
-Та төслийн явцтай танилцсан. Төслийн үр дүнгийн талаарх өөрийн бодлоо хуваалцана уу?
-Бидний зочилж очсон газар бүрд төслийн үр дүн тун сайн байна. Тухайн газруудын онцлогоос хамаарч үр дүн бага зэрэг ялгаатай байсан ч энэ нь төслийн загварын нэг давуу тал гэж үзэж байна. Оролцоог дэмжиж, сургуулиуд, хамтарсан баг, эцэг эхчүүд болон хүүхдүүд орон нутагт хэрэгжиж буй төслийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, хэрэгцээ шаардлагаа өөрсдөө гаргаж ирэх боломжийг олгожээ. Бид эцэг эхчүүд, багш нар, хамтарсан багийн гишүүдийн урам зориг дүүрэн ярианаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан мэдэгдэхүйц өөрчлөлт, ахиц дэвшлийг тодорхой мэдэрсэн.
– Одоогийн тулгамдсан асуудлууд болон ирээдүйн боломжуудын талаар та санал бодлоо хуваалцана уу?
– Сургуулиуд болон хамтарсан багаас бэлтгэгдсэн зарим мэргэжилтнүүд өөр газар руу шилжих болон бусад хамтрагч талууд солигдох, хариуцсан хүмүүс өөрчлөгдөх зэрэг асуудлууд байна. Энэ асуудал биднээс шууд хамаарахгүй тодорхой хэмжээнд зайлшгүй байх зүйл юм. Гэвч уг төсөл олон талт хамтын ажиллагаа болон оролцогчдод тулгуурласан учраас хувь хүн солигдож буй нөлөөг тодорхой хэмжээнд аль болох бууруулах боломжтой юм. Бид 14 сургуулиар дамжуулан төслийн үр нөлөөг харуулах нотолгоотой болж, одоогийн төслийн загварыг сайжруулах туршлага хуримтлууллаа. Энэхүү загварыг бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх тодорхой боломж харагдаж байна. Монгол Улсын өнцөг булан бүрд амьдарч буй бүх хүүхдийн оролцоог дэмжиж, хүүхэд хамгааллыг бэхжүүлэхийн төлөө зорьж буй энэхүү ажлаа нутагшуулахын тулд Засгийн газарт үр дүнгээ бүрэн танилцуулж, тэдэнд нөлөөлөх бүхий л оролдлогыг хийх ёстой.
-Баярлалаа.