Оролцогч бүхэн хандивлагч, ялагч болсон марафон

Сөүл хотод болсон марафонд хүүхдүүд ээж, аав, эмээ, өвөөтэйгээ оролцов-

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан 2011 оноос эхлэн жил бүр сайн үйлсийн аяны марафон гүйлт зохион байгуулж иржээ. Энэхүү арга хэмжээний орлогыг бүхэлд нь гамшиг осол, мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртсөн хүүхдүүдэд туслах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулдаг аж. Сөүл хотын “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны 5 дугаар сарын 6-нд болсон “Аврагч багийг гүйж аварья” сэдвийн дор болсон “Олон улсын хүүхдийн марафон-2025”-д Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд оролцож, сайн үйлсийн аянд нэгдэв. Энэ жилийн марафоныг мэдээллийн Ёнхап агентлаг хамтран зохион байгуулсан бөгөөд олсон орлогыг дайн, гамшигт өртсөн хүүхдүүдийг хамгаалах, тэдний боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах юм байна.

Солонгосын Хүүхдийг Ивэээх Сангийн Удирдах Зөвлөлтийн дарга Уу Жү марафоныг нээж үг хэллээ. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Марафоныг нээж хэлсэн үгэндээ Солонгосын Хүүхдийг Ивэээх Сангийн Удирдах Зөвлөлтийн дарга Уу Жүн “Бүгдээрээ хамтдаа хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцлов. Мөн Ёнхап мэдээллийн агентлагийн гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхийлөгч Хванг Даэ Ил үг хэлсэн юм. Түүнчлэн, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай марафоны нээлтэд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг гэдгийг мэдэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь зөвхөн бидний төдийгүй дэлхийн хүн бүрийн хувьд чухал юм. Бид Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, төсөл хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд биднийг дэмжсэн Солонгос улс болон Солонгосын Хүүхдийг Ивээх Санд баярлалаа” хэмээн онцлов.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай марафоны нээлтэд оролцож үг хэллээ. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Мөн энэ үеэр Л.Баян-Алтай Солонгос улсын мэдээллийн Ёнхап агентлагийн сэтгүүлчид хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар ярилцлага өглөө. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн идэвх оролцоонд тулгуурлан мод тариалах, ургуулах, арчлах, улмаар уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, байгальдаа ээлтэй амьдрахад хүүхэд, залуучуудыг дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Олон улсын хүүхдийн марафон-2025”-ны нээлтэд үг хэлсэн хүүхдүүд болон зохион байгуулагч, дэмжигчдийн төлөөллүүд оролцогчдод амжилт хүсэв. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Нээлтийн үеэр олон арга хэмжээ явагдаж байлаа. Үүний нэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд индэр дээрээс хүүхдийн эрхийн тунхагийг уншиж, хөтлөгч бүсгүй марафоны дүрэм, аюулгүй ажиллагааны журмыг танилцуулав.

Нээлтийн үеэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хүүхдийн эрхийн тунхагаас уншив. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Түүнчлэн марафоны үйл ажиллагааны цагийн хуваарь, бүртгэл, гэрэл зураг авахуулах баннер, стекир наах газар зэргийг дугаарлан заасан байршилын тайлбартай баннер байрлуулсан харагдана. Талбайд байрлуулсан асруудын нэгд хүүхдүүд хүмүүнлэгийн тусламжийн талаар өөрсдийн үзэл бодлыг тайлбарлаж, дайны бүс дэх үе тэнгийнхэнтэйгээ захидал бичих хөтөлбөр явагдаж байлаа.

Марафонд оролцож буй хүүхдүүд гар дээрээ стекир наалгаж байгаа нь. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Солонгос улсын урлаг, соёлын олны танил хүмүүс аливаа сайн үйлс, хандивын ажлыг идэвхтэй дэмждэг ажээ. Түүний нэг жишээ нь, жүжигчин, дуучин И Жи-Хун 15 дахь удаагаа болж байгаа арга хэмжээний нээлтэд үг хэлж, эхнэр, хүүхдийнхээ хамт марафонд гүйсэн юм.

Марафонд оролцогчид гарааны зурхай дээр. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

“Олон улсын хүүхдийн марафон-2025” нь 4 км зам туулдаг бөгөөд Сөүлийнхэд 2000 орчим хүн, Пүсан, Дэгү, Жонжү, Сэжун, Аньян, Чанвон зэрэг хотуудад болж, нийтдээ 10 мянга гаруй хүн оролцжээ. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Ёнхап агентлагийн баг марафоны турш мдээ, мэдээлэл бэлтгэж, өөрсдийн сувгаараа дамжуулсан юм.

Марафонд оролцогчид гараандаа гарч байгаа нь. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

Сонирхолтой нь марафонд биечлэн гүйхээс гадна цахим хэлбэрээр оролцох боломжтой юм. Түүнчлэн оролцогч бүр дурсгалын медиалоноор энгэрээ мялаана. Марафонд хүүхдүүд аав, ээжтэйгээ, бас эмээ, өвөөтэйгээ хамтдаа оролцож, нэг өдрийг өнгөрүүлдэг байна.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай марафонд оролцсон хүүхдүүдэд дурсгалын медиалон гардуулав. Сөүл хот. “Дэлхийн цом” цэцэрлэгт хүрээлэн. 2025.05.06

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийнхан өнгөрсөн 2024 онд болсон марафоны хандиваар Танзани улс дахь “Улаан ямаа” болон бусад төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн талаараа танилцуулж байлаа. Энэхүү төслөөр 10 мянга гаруй оршин суугч, түүний дотор таван мянга гаруй хүүхдэд мал аж ахуй, газар тариалангийн сургалт явуулж, хоол тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.

Дашрамд өгүүлэхэд энэхүү арга хэмжээ болсон газар нь 2002 онд Ази тивд анх удаа зохион байгуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан хогоор хучигдсан уулыг нэг жил гаруй хугацаанд цэцэрлэгт хүрээлэн болгосон түүхтэй ажээ.