Сант сумын санаачилгатай сурагчдын “Өсвөрийн энтрепренерүүд” клуб

-Өвөрхангай аймагтаа загвар клубуудын нэг болжээ-

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох”  төслийн ESEL хөтөлбөрт хамрагдсан хүүхэд, залуучууд орон нутагтаа эерэг өөрчлөлт авчрахаар зорилгоор нэгдэн клуб байгуулж, төслийн тогтвортой байдлыг ханган ажиллаж, нутагшуулж байгаа билээ. Тэдгээрийн төлөөлөл болох Өвөрхангай аймгийн Сант сумын “Өсвөрийн энтрепренерүүд” клубын сайн туршлагуудаас хуваалцаж байна. Тус клуб 2022 оны 11 дүгээр сард байгуулагдсан бөгөөд гурав дахь жилдээ 48 гишүүнтэй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, сурагчдын бүтээлч байдал, манлайллыг дэмжин ажиллаж байна. Энэ хугацаанд аймгийн Боловсролын газар болон Аймгийн төслийн салбараас зохион байгуулагдсан аянд идэвх санаачилгатай оролцож, гурван удаа тэргүүн байр эзэлсэн  байна.

“Өсвөрийн энтрепренерүүд” нь аймагтаа Боловсролын байгууллагын загвар клубуудын нэг болжээ. Тиймээс Өвөрхангай аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны салбар хамтран Сант суманд ирж ажиллахдаа “Өсвөрийн энтрепренерүүд” болон  Арвайхээр сумын “Бяцхан санхүүч” клубүүдын төлөөллүүдийн дунд туршлага солилцох уулзалт зохион байгуулсан аж. Үүгээр клубын үйл ажиллагааг зорилтот бус сургуулиудын сурагчдад танилцуулах, харилцан туршлагаа хуваалцах, ESEL хөтөлбөрөөс олж авсан мэдлэг ур чадвараа бусдад түгээх боломж бүрдүүлсэн байна.

Клубын үйл ажиллагаа сурагчдад хэрхэн нөлөөлөв

Өвөрхангай аймгийн Сант сум нь Улаанбаатар хотоос 400 км, аймгийн төвөөс 110 км зайд оршдог. Сант сум нь 3,500 гаруй хүн амтай бөгөөд үүнээс 600 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд  суралцаж байна. Нийт хүн амын 80 орчим хувь нь уламжлалт мал аж ахуй эрхлэн, нүүдэллэж амьдардаг. Бичил санхүүжилт олгох уралдаан буюу  пич арга хэмжээнд сурагчид амжилттай оролцож, шинэлэг санаа бүхий гарааны бизнес санаа боловсруулан, эко уут, гар урлал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, шүрэн гоёлоор урлан байгуулж, төслүүдийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байна. Тэдний нэг 12 а ангийн сурагч Д.Пүрэв-Эрдэнэ ментороор бэлтгэгдэн клубын бусад гишүүддээ сургалт зохион байгуулснаар “Үе тэнгийн менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэл болжээ. Үе тэнгийн менторуудын тоо нэмэгдэж, клубт элссэн сурагчдадаа сургалтууд тогтмол зохион байгуулж байна. Клубын гишүүд хувиараа биенес эхрлэгч Ц.Пүрэвсүрэн, Ч.Намжилхорлоо нартай бизнесээ хэрхэн тогтвортой байлгах талаар ярилцлага хийсэн бөгөөд Төслийн сумын зөвлөлийн гишүүн, төслийн ментор, хувиараа бизнес эрхлэгч О.Алтангэрэлийн ажлын байр, бизнесийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ бүхэн сурагчдад төслийн үйл ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх боломжуудаа олж харсан үр дүнтэй ажил боллоо. Мөн англи хэл, үндэсний бичиг, бага ангийн сурагчдын хоцрогдол арилгах сургалт зохион байгуулснаар клубын гишүүд өөрсдийгөө илүү хөгжүүлэх, манлайллын ур чадвваруудаа нэмэгдүүлэхэд их хувь нэмэр болж байна.

Клубын зүгээс сумын иргэд, хүүхэд багачуудад гурван үгт хаяг нэвтрүүлэх сургалт, рийл хийж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулснаар сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гишүүд хоорондын хамтын ажиллагаа сайжирахад нөлөөлсөн ажил болжээ. Клубын гишүүд тогтмол уулзаж, хийсэн ажлуудаа дүгнэн, цаашдын ажлуудаа төлөвлөж хэвшээд байна. Энэ хичээлийн жилд “Эрч хүч ба энерги”, “Үндэсний бичгээр уншиж, бичиж суръя” төслийн багийнхан залгамж холбоогоо бэлдэхээр шинэ гишүүд элсүүлж, “Үе тэнгийн менторшип” хөтөлбөрөөр дамжуулан, харилцан суралцаж байна. Клубын чиглүүлэгч багшаар ESEL хөтөлбөрийн багш Т.Цэрмаа, Д.Шинэтуяа, С.Хишигжаргал нар ажилладаг. Багш Т.Цэрмаа “Хүүхдүүд клубт хамрагдсанаар олон эерэг өөрчлөлт гарсан. Тухайлбал, сурагчдын өөртөө итгэх итгэл нэмэгдэж чөлөөт сэтгэлгээтэй болсон” гэлээ. Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, харилцааны чадвар хөгжсөн байна. Мөн сумын залуус, сурагчдад үлгэр дуурайл болж, төслийг нутагшуулахад хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн клубын гишүүдийн ур чадвар мэдэгдэхүйц дээшилж, клубын гишүүд сургалт хүмүүжлийн ажилд манлайлан оролцож байна.

Олон нийтэд мэдээлэл түгээх үйл ажиллагаа тогтмол хийж байна

“Өсвөрийн энтрепренерүүд” клубийнхан эцэг эхчүүд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар мэдээлэл өгдөг. “Эрч, хүч, энерги” бичил төслийн багийн гишүүд нь хүүхэд багачууд, иргэдэд лааны ашиг тусыг таниулах сонирхолтой баримтууд бэлтгэн хуваалцсанаар хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлж чаджээ. Мөн 1-5 дугаар ангийн  сурагчдын дунд “Бидний мэдэх урлан” гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд нийт 75 сурагч оролцож, эхний 3 байранд шалгарсан бүтээлийг самбарт байршуулж, олон нийтэд сурталчилсан байна.

Клубын тогтвортой байдлыг хангахаар ажиллаж байна

Кулубын гишүүд цаашдын үйл ажиллагаагаа тогтвортой байлгахын тулд төгсөх,шилжих үед шинэ гишүүд элсүүлж “ Үе тэнгийн менторшип” хөтөлбөрөөр дамжуулан сургаж байна. Тогтвортой байдлыг хангахын тулд “Клубын урлан” байгуулж, үүгээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж, хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлжээ. Клубын ахлагч Ц.Цэрэндулам анх “Монгол гоёл”, “Эко уут”, “Эрч хүч ба Энерги” төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс урлан бүтээх санааг санаачилга гаргасан байна.

Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Ганчимэг “Манай сургуулийн  ESEL хөтөлбөрт хамрагдсан сурагчид клуб байгуулан, үйл ажиллагаа явуулж, төслийн тогтвортой байдлыг ханган, урлан бүтээж ажиллаж байна. “Үе тэнгийн менторшип” хөтөлбөр буюу хүүхэд хүүхдээсээ суралцах аргазүйн давуу тал нь хүүхдүүд мэдэхгүй зүйлээ айж эмээлгүй чөлөөтэй асууж чаддаг. Сургуулийн захиргааны зүгээс  клубтээ танхим гарган өгч, дэмжиж ажиллаж байна” хэмээн ярилаа.