Дотуур байр бидний хоёр дахь гэр

Төслийн багийнхан сурагчдыг олон чиглэлээр хөгжүүлж байна-

Энэ бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын сурагчдын хэрэгжүүлж буй төслийн нэр. Ахлагч С.Ануцэцэг,  гишүүн Э.Отгонтуяа, М.Оюунбилэг, Д.Энхбаясгалан нар “Хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох” ESEL сургалтад хамрагдаж, пич шалгаруулалтад “Дотуур байр бидний хоёр дахь гэр” төслөөрөө оролцож, санхүүжилт авчээ. Энэхүү төсөл дотуур байрын сурагчдын чөлөөт цагийг зөв боловсрон өнгөрүүлэх, санхүүгийн чадвартай болох, гэрээсээ хол дотуур байранд амьдарч байгаа сурагчдыг орчинд нь хөгжүүлэх, авьяасыг нь илрүүлэх, бизнесийн ур чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

Сургуулийн захиргаа сурагчдын санаачилгыг дэмжиж, дотуур байранд сургалтын танхимтай болоход нь тусалжээ. Сурагчид энэ өрөөндөө дугуйлан секцүүдээ хариуцан чиглүүлдэг байна. Багийнхан сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, сургалт явуулахад материал, хэрэгсэл дутагдалтай байсан учраас төслийн санаагаа гаргажээ. Зураг болон сэтгэх чадварын дугуйланд 1-6-р ангийн сурагчид хамрагддаг. Харин шатар даамын дугуйланд 1-9-р ангийн сурагчид, гар үйлдвэрлэл, ээмэг, бөгж, хүзүүний зүүлт хийх, утасны оосор, бугуйвч, хөшигний уяа, салфетка, оймс нэхэх зэрэг үйл ажиллагааг 6-11-р ангийн охидууд хийдэг. Зарим үед хөвгүүд бугуйвчийг өөрсдийн сонирхлоороо хийдэг аж. Зөвхөн охидууд гэхгүй хөвгүүд ч сүлжих, нэхэх сонирхолтой болжээ. “Сурагчдын авьяас чадварыг олон талаас нь хөгжүүлж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, сурагчид худалдаа хийх, орлого олохоос гадна хамтач, багаар ажиллах чадвар, нээлттэй байх, дуу султай хүүхэд яриа болж бусдын дунд орж ирэх гэх мэт олон талаас хөгжиж байна” гэж багийн гишүүн Э.Отгонтуяа өгүүллээ. Хүүхдүүд хичээлийн болон давтлагын цагаасаа гадна дугуйлангийнхаа цагийг зохицуулж, цагаа сайн ашиглах болжээ. Түүнчлэн өдөрлөгийн үеэр бүтээлийн үзэсгэлэн гаргаж, бүтээлүүдээ сурталчилж бизнес хийх гараагаа эхэлсэн байна.

Төслийн багийн ахлагч С.Ануцэцэг “Манай төсөл дотуур байрын сурагчдын идэвх зүтгэл, оролцоонд тулгуурладаг. Энэ бол төсөл амжилттай хэрэгжих үндэс. Нийт 101 сурагчийн 65 нь охид, 36 нь хөвгүүд. Охидууд олон учраас сүлжмэлийн дугуйлан, шүрэн эдлэлийн дугуйланд суралцах хүүхдийн тоо их байгаа. Тиймээс хичээллэх хугацаагаа зохицуулж 7 хоногт 2 ээлжээр таван төрлийн дугуйлан хичээллүүлдэг” хэмээн ярилаа.  Харин багийн гишүүн Д.Энхбаясгалан “Сурагчид цагийн менежментийн талаар маш их мэдлэгтэй болсон нь  сургалтад хамрагдах цагаа хэрхэн зохицуулж байгаагаас харагдана. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчноос холдох, бие биеэсээ суралцах, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх зэрэг олон зүйлд суралцаж байна” нэмж тодруулав.

“Дотуур байр бидний хоёр дахь гэр” төслийнхөн зөвхөн дотуур байрандаа бус дугуйланг сонирхож буй сурагчдад ч нээлттэй заадаг. Түүнээс гадна бүтээгдэхүүнүүдээ борлуулж, орц материалаа Сүхбаатар аймгаас худалдан авах, олсон орлогоноосоо хичээлдээ хэрэгтэй зүйлсийг сурагчдад авч өгөх дундын сан үүсгэхээр төлөвлөөд байгаа аж.  Тэд Мөнххаан сумынхаа олон нийтийн зарын хуудас, нийгмийн сүлжээнд бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулж байна.

Дашрамд өгүүлэхэд, Боловсролын салбарын статистикийн мэдээлэл (2024-2025)-ээс үзэхэд нийт 35 мянга хүүхэд дотуур байранд амьдарч байгаагийн 27 мянга гаруй нь малчдын хүүхэд байгаа тоо баримт байна. Монгол Улсын хэмжээнд дотуур байртай 526 ерөнхий боловсролын сургууль байдаг аж. Үүний 512 нь хөдөө орон нутгийнх юм.