Үр дүн, амжилт тодорхойлогч

Нийслэлийн 73 дугаар сургуулийн сэтгэл зүйч Р.Гэрэлчимэг. Түүний хувьд 2022 онд анхны сэтгэл зүйчээр ажиллахаар ирэхэд Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл тус сургуульд хэрэгжиж эхлэв. Ингээд төслийн ажлын хэсгийн 12 гишүүний нэг болж, ерөнхий зохион байгуулалтаа хариуцахын зэрэгцээ сургалтаа явуулах болжээ. 73 дугаар сургууль дээр төсөл амжилттай хэрэгжиж байгаа нь түүнтэй холбоотой. Сургуулийн сэтгэл зүйчийн мэргэжлийн үйлчилгээг суралцагч-хамт олон-гэр бүлд хүргэж, суралцагчийн сэтгэл зүйг зөв төлөвшүүлэх арга зүйн удирдлагаар багш, ажиллагчдыг хангаж, хамтран ажиллаж, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой. Залуу ажилтны хувьд шинэ зүйлд суралцах, сурсан мэдсэнээ бусдад түгээх боломж гарсан байна. Р.Гэрэлчимэг “Би ажилд орохоос өмнө хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаагүй. Төслийн бүх сургалтад хамрагдаж, сургагч багш болж хамтран ажиллаж эхэлсэн. Төслийн хүрээнд сургуулийнхаа багш нарт ёс зүй, ангийн дүрэм, “Би найзаа дэмжинэ”, “Сайн эцэг эх”  зэрэг хүүхэд хамгааллын сургалтууд явуулж, нөлөөллийн олон контент хийсэн” хэмээн ярилаа. Ингэснээр багш нар зөвхөн сургалт явуулахаас гадна хүүхэд хамгааллын мэдлэгээ нэмэгдүүлж, хүүхэдтэй харилцах хандлагаа эрс өөрчилсөн байна. Залуу багш нараас гадна 30 гаруй жил ажилласан ахмад багш нар ч төслийн үр нөлөөг үнэлэх болжээ. Тэрээр эдгээр ололт, амжилтаасаа “Манай сургууль дээр хүүхэд хамгааллын үйлчилгээнд ахиц өөрчлөлт их гарч байна. Багш нараас гадна сургуулийн аж ахуйн албаны үйлчлэгч, жижүүр, цахилгаанчин зэрэг ажилтнууддаа хүүхэд хамгаалалд үүрэг оролцоо ямар байх талаар сургалт зохион байгуулж, мэдээлэл тогтмол өгдөг болсон. Ингэснээр хүүхдийн эрхийн зөрчил гарвал тухайн ажилтнууд хэнд мэдээлэхээ мэддэг болсон. Мөн сургууль руу нэвтрэхэд бүртгэл хөтөлж, зочин, эцэг эхийн зөвлөл гэсэн тэмдэгтэй болж хамтран ажиллаж байна. Тэдний хүүхэдтэй харилцах харилцаа ч өөрчлөгдсөн. Үйлчлэгч нарын харилцаа сайжрахаар хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг. Наад зах нь “Шал нойтон байгаа” гэсэн анхааруулах шар тэмдгийг  байнга тавьж хэвшсэн. Суралцагч хүүхдүүд ч тэдний ажлыг ойлгож, хүндэлдэг болсон” гэж хуваалцав.

Нийслэлийн 73 дугаар сургуулийн сэтгэл зүйч Р.Гэрэлчимэг

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хүүхдүүдийн оролцоог ч нэмэгдүүлжээ. 2024 онд 125 хүүхэд “Би найзаа дэмжинэ” сургалтад хамруулан тэднээс 25 хүүхэд үе тэнгийн дэмжигч болж, “Сэтгэл зүйн анхны тусламж” зэрэг сургалтуудаа найз нартай заасан байна. Нийт сурагчдын 70-80 хувь сургалтад хамрагдаж, ингэснээр хоорондын зөрчил маргаан эрс бага болсон аж. “Би найзаа дэмжинэ”  сургалтын  дэмжигч хүүхдүүд  хамтран  төсөл бичиж,  хоёр удаагийн санхүүжилтийг Хүүхдийг Ивээх Сангаас авч, амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ сургуулийнхаа “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”, “Хөвгүүдийн зөвлөл”, “Охидын зөвлөл”-д багтан ажиллаж байгаа аж. Р.Гэрэлчимэгийн хувьд хүүхдүүдийг төсөл бичихэд чиглүүлж, зөвлөсөн хэмээн өгүүлж байна билээ.

Сургагч багш нар эцэг эхчүүд, асран хамгаалагчдад “Сайн эцэг эх” цуврал сургалтууд явуулжээ. Эхний сургалтад хамрагдсан хүмүүсийн 60-70 хувь нь дахин ирдэг байна. Тэд хүүхэдтэй хэрхэн ажиллах онцлог, арга зүй заалгаж, “Үр дүнтэй, сайхан сургалт байна. Дахин явуулаарай” хэмээн хүсдэг болжээ. Эцэг эхчүүдийн идэвх нэмэгдэж, сургуулийн “Эцэг эхийн зөвлөлд”-тэй хамтарч ажиллах хүсэлтэй болж, хандлага нь өөрчлөгджээ. Түүнчлэн эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, ярилцах, сэтгэл зүйн асуудалд нь зөвлөгөө мэдээлэл авах нь нэмэгдсэн байна.

Нийслэлийн 73 дугаар сургууль дээр хэрэгжиж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажлын хэсгийн гишүүд

Р.Гэрэлчимэг Хүүхдийг Ивээх Сангаас боловсруулж гаргасан сурах бичиг, гарын авлагыг байнга ашигладаг. Түүнчлэн ангийн дүрэм, үлгэрчилсэн загвар, эцэг эх, асран хамгаалагчдын зөвлөлийн ажиллах жишиг удирдамж, модуль сургалтуудыг сургуулийнхаа бүх багш, ажилтнуудад түгээн дэлгэрүүлж байна. Тэрээр “Би сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад зориулсан өөрийгөө халамжлах дэвтрийг өдөр тутамдаа ашигладаг. Хүүхдийг Ивээх Сангийн сургалтууд онол, дадлага хосолсон болохоор үр дүнтэй. Түгээн дэлгэрүүлэн хэрэгжүүлж ажиллахад  хялбар байдаг. Ажлын хэсгийн гишүүдийн оролцоо тэгш байдаг. Сургуулийн нийгмийн ажилтан бид хоёр голлон чиглүүлж  ажилладаг” гэлээ. Түүнийг төслийн үр дүн, амжилт тодорхойлогч хэмээн нэрлэж болмоор. Учир нь түүний төслийн үйл ажиллагааг сургууль дээрээ зохицуулах, сургалт явуулах, тайлан мэдээ бэлтгэх, сурагчдын төслийг чиглүүлж, зөвлөх гээд олон ажлаас 73 дугаар сургуульд хэрэгжиж буй төслийн үр харагдана, бас амжилт ч тодорхойлогдоно.

Монгол дахь Хүүхдийг Ивээх  Сан 2023 оноос “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой юм.