Ж.Саруул:Хүүхэд залуустай туршлага, ур чадвараа хуваалцаж, өөрөө туршлага судалж, тэднээс суралцаж байна

Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд зорилтот таван аймагт бизнес көүч ажиллаж байна. Тэдний нэг бол Ховд аймгийн бизнес көүч Ж.Саруул юм. Тэрээр Ховд аймгийн зорилтот сум болох Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч, Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Жаргалант сумын “Хөгжил” политехник коллежийн оюутнууд, мөн эдгээр сумдын Насан туршийн суралцахуйн төв, нэгжийн суралцагчид болон энтрепренер клубийн хүүхэд, залуустай хамтран ажиллахаас гадна төслийн аймаг, сумын зөвлөл, ESEL багш нар болон “Сургуульд суурилсан энтрепрайз” төслийн багтай хамтран ажилладаг билээ. Түүний хувьд 2009 онд “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуулийг сэтгүүлч, 2013 онд Ховд их сургуулийг Хэл бичгийн ухааны магистр зэрэгтэй төгссөн сэгтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахаас гадна орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа залуу манлайлагчдын төлөөлөл юм. Ж.Саруул төрийн болон төрийн бус байгууллагад ажилллахын зэрэгцээ www.khovdtimes.mn цахим хуудас нээн, чөлөөт сэтгүүлчээр ажиллан, орон нутагтаа хүүхдийн эрх, хүний эрх, орчны хүртээмж, аюулгүй байдал, төсвийн үр ашиггүй зарцуулалт зэрэгт нийтийн эрх ашгийн өмгөөлөл, нөлөөллийн ажлуудыг хийж байна. Мөн  2 бүлэг, 50 гаруй хүүхэдтэй “Гэрэлтэх оч” цэцэрлэг ажиллуулж, 5-6 багшийг ажлын байраар хангаж, Shur store  дэлгүүр ажиллуулж боловсрол болон бизнесийн салбарын туршлага хуримтлуулж байна.

Бизнес көүч Ж.Саруул: Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хувь хүний хөгжил, энтрепренер сэтгэлгээ хөгжүүлэх агуулга дутмаг байгаа юм шиг санагддаг байсан. Анх Ховд аймагт “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл хэрэгжиж эхлэхэд маш их олзуурхаж, орон нутгийн хүүхэд, залууст зайлшгүй хэрэгтэй төслийн нэг байна даа хэмээн бодож байлаа. Харин 2023 оны сүүлээр уг төсөлд бизнес көүч авах ажлын зарыг хараад өөрийнхөө туршлага, ур чадвараа өсвөр үеийн хүүхэд залуустай хуваалцъя, нөгөө талаар өөрөө бас туршлага судалж, тэднээс суралцах хүсэлтэйгээр анкет илгээж тэнцээд ажиллаж эхэлсэн.

Ховд аймгийн бизнес көүч Ж.Саруул сургалтын үеэр.

 

Бизнес көүч Ж.Саруултай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Таны бодлоор энэ төслийн бизнес көүчийн үүрэг юу вэ?

-Бизнес көүчийн үндсэн үүргийн нэг бол “Энтрепренершипт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт” (ESEL) төгсөн пич бичил төслийн уралдаанд оролцохоор зорьж буй болон бичил төсөл хэрэгжүүлж буй багийн хүүхэд, залуус, багш зөвлөхөд дэмжлэг үзүүлэх гэж ойлгодог. Миний хувьд 2 удаагийн пич уралдаанд 30 орчим багт зөвлөгөө өгсөн. Хүүхдүүд ихэвчлэн төслийн санаагаа олоход эргэлзсэн байдаг. Тиймээс эхлээд төслийн санаагаа олох, төслийн бүрдэл, бизнес төлөвлөгөөний бичиг баримтын эмх цэгц, тавигдах шаардлага, илтгэх чадварын талаар зөвлөгөө өгдөг. Би хүүхэд, залууст аливаа зүйлийг оролдоод үз, чадах хүртлээ хийгээд үз гэж зөвлөдөг. Энэ нь алдаа оноо аль нь ч байсан туршлага болж байдаг гэдэг ойлголтыг өгөхийг зорьдог юм. Дараагийн нэг үүрэг бол төслийн шинэлэг санаачилга болох орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Сургуульд суурилсан энтрепрайз” (ССЭ) төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх юм.

-ESEL сургалтад хамрагдаж бичил төсөл хэрэгжүүлснээр сурагчдад ямар өөрчлөлт гардаг гэж бодож байна вэ?

-ESEL сургалтын арга зүй нь сурагчид өөрсдийгөө таниж мэдэх, өөртөө итгэхээс эхлээд сурах хүсэл тэмүүллийг бий болгож, ажлын байранд бэлтгэдэг, өөрөөр хэлбэл, сургуулийг бодит амьдралд илүү ойртуулж байгаа сургалтын хөтөлбөр юм. Тиймээс энэ сургалтын арга зүйг олон сургууль, олон хүүхдэд хүргэж, түгээн дэлгэрүүлэх юмсан гэсэн бодол их төрдөг. Пич уралдаанд оролцож байгаа сурагчдаас маш хөөрхөн санаа, үнэтэй санал, шийдлүүд гардаг. Би багуудад зөвлөгөө өгөх болон пич уралдааныг үзэх үедээ өөрсдийнхөө бизнес санааг ажил хэрэг болгох гээд чадлаараа хичээж, мэрийж, өөрсдийнхөө саналыг хамгаалж байгааг нь харахаар багаасаа олон ур чадварт суралцаж байгаа хүүхдүүд том болоод ажил хөдөлмөрийн гараан дээр очихдоо улам л мундаг хүн болно байх даа гэж боддог. Уралдаанд шалгараад санхүүжилтээ авч бичил төслөө амжилттай хэрэгжүүлж  байгаа Манхан сумын “Өнгөт аялгуу” багийн Үкүлэлэ хөгжмийн сургалтын төсөл, Зэрэг сумын “Гэрэлт ирээдүй” багийн ном түрээсийн үйлчилгээ төсөл гэх мэт сум орон нутагтаа байхгүй, хүүхдүүдэд дутагдаж байгаа үйлчилгээг хүүхдүүд өөрсдийн санаачлагаар,  хичээлийнхээ хажуугаар амжилттай хэрэгжүүлж, дутуу байгаа хэрэгцээг нөхөж байгаа нь бахархмаар санагддаг.

-Таны бодлоор Ховд аймагт хэрэгждэг Эко хүнс Сургуульд суурилсан энтрепрайзийн онцлог юу вэ?

– Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн хэрэгжүүлж буй “Эко хүнс” ССЭ нь гадна талбайн болон хүлэмжийн тариалалт эрхэлдэг. Энэ сургуульд суурилсан энтрепрайзийн гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн академик сургалтын хөтөлбөрт тариалалтын талбай, хүлэмжийг туршилтын баазаар ашиглаж, тариалалт хийхээс эхлээд хураах, худалдан борлуулах бүхий л үйл явцад сурагчдыг оролцуулж, хөгжүүлэх зорилготой. Эко хүнс ССЭ нь 2023 оноос тариалалтаа эрхэлж, багш сурагчдын гар бие оролцон тарьсан эрүүл хүнсний ногоог сургуулийн дотуур байр, сурагчдын үдийн хоолондоо тогтмол нийлүүлж, сум орон нутгийнхаа иргэдэд худалдан борлуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа онцлогтой юм.

-Таны бодлоор ССЭ хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээл болон давуу талыг юу гэж дүгнэдэг вэ?

-Эко хүнс ССЭ дээр миний хувьд бизнес төлөвлөгөө, үйл явц, улирал тутмын тайланг хянаж, үйл ажиллагаанд зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлж ажиллаж ирлээ. Бэрхшээлийн тухайд ССЭ-ийг хэрэгжүүлж эхлэсэн эхний жилд Зэрэг сумын эрс тэс уур амьсгал, хүчтэй салхи шуурдаг цаг агаарын онцлогоос болж төслийн санхүүжилтээр авсан 2 хүлэмжний нэг нь салхинд хийсэж унасан, түүнийг засаж угсрахад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болсон. Мөн хэрхэн тогтвортой хэрэгжүүлэх вэ гэдэг нь бидний хувьд шийдэх хэрэгтэй чухал асуудлын нэг байв. Харин Зэрэг сумын сургуулийн баг, сумын удирдлагууд хамтран ажиллаж шинэ хүлэмжтэй болох, Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй ССЭ-ийг дэмжсэн үйл ажиллагаануудыг уялдуулах гэх зэргээр бэрхшээлүүдээ хамтран шийдээд явж байна. Харин давуу талын тухайд тоочоод баршгүй. Сургуулийн удирдлага, багш, ажилтан, сурагчид зэрэг бүхий л оролцогч талуудад эерэг өөрчлөлтүүд гарч байна. Жишээлбэл, үйл ажиллагаанд оролцсоноор сурагчид илүү нээлттэй болж, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө таньж мэдэх,  сонирхлоо хөгжүүлж, олон ур чадварт суралцаж байгаа нь харагддаг. Нэн ялангуяа хүүхэд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд олон талаар сурч хөгжих боломж бий болдог нь давуу тал юм.

-Төслийн тогтвортой байдлын хүрээнд бизнес көүчийн хувьд хийж буй ажлуудаасаа хуваалцана уу? 

-Миний хувьд Эко хүнс ССЭ-ийн 2-3 жилийн үйл ажиллагаанд анализ хийж,  цаашид сайжруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Энэ зөвлөмжинд  ССЭ-ийн зорилгоо сургуулийн алсын хараатай уялдуулж дахин тодорхойлох, хүний нөөц, багш, сурагчдын оролцоо, холбогдох журам, маркетинг, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаагаа тогтвортой болгох гэсэн чиглэлүүдийг  багтаах юм. Энэ зөвлөмж нь Эко хүнс ССЭ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх,  олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сум орон нутгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор гарч байгаа. Мөн ESEL хөтөлбөр, Пич арга хэмжээ болон Эко хүнс Сургуульд суурилсан энтерпрайзийг аймагтаа тогтвортой үргэлжлүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилгоор сум орон нутгийн хамтын ажиллагаа, дэмжлэг авах уулзалтууд хийж байна. Төслийн үр дүн, ач холбогдлын талаар төсөл хэрэгжсэн болон хэрэгжээгүй сургуулиудад уулзалт үе шаттайгаар зохион байгуулж, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.