Хүүхэд, залууст хэрэгцээтэй ур чадвар эзэмшүүлэх үйлсэд оролцон, хичээн зүтгэж байгаадаа талархаж, урам зоригтой ажилладаг
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйч, ESEL хөтөлбөрийн мастер багш Д.Нямсүрэн төслийн үр дүн, өөрийн амжилт ололт, хөгжлийнхөө талаар ийнхүү ярьж байна.
Би Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төсөл манай сургууль дээр хэрэгжиж, сургагч багш шалгаруулах тухай анх сонсоод төслийн багш болохыг зорьж, танилцуулга, мэдээллээ нэлээд нухацтай бичлээ. Яагаад гэвэл, үнэхээр чухал, хэрэгцээтэй ур чадварууд олгох юм байна гэдгийг ойлгож байсан. Удалгүй зөвлөх багшаар сонгогдон, сургалтад хамрагдан, хоёр анги удирдаж, дөрвөн төсөл чиглүүлж ажилласан юм. Хичээл маань багш, суралцагч аль алинд нь нэлээд өвөрмөц байлаа. Эхнээс нь суралцагчдаа зөв чиглүүлж, суралцах сонирхол, сэдэл тэмүүлэл өгөх нь чухал санагдсан.
Сургалтын явц, төсөл хэрэгжүүлэх үед суралцагчдын бие даан ажиллах, харилцаа, өөрийгөө илэрхийлэх ур чадварууд сайжраад эхэллээ. Ер нь хүүхдүүд их өөрчлөгдөж байгаа бусдад ч мэдэгдлээ. Дадлагын тайлангийн үеэр “Төслийн хүүхдүүд сайн ярьж байна. Энэ хүүхдүүд чинь ийм сайн ярьдаг бил үү. Өөрийгөө илэрхийлж сурсан байна” хэмээн багш нар магтан ярихад сэтгэл хөдөлж байлаа. Хүүхдүүд өөртөө илүү итгэлтэй болж, хичээл сурлагадаа сайжирч эхэлсэн. Сургууль дээр ESEL-ийн хүүхдүүд ярих чадвар, харилцааны чадвар сайтай гэсэн нийтлэг дүр төрх бүрдсэн гэхэд болно. Миний хувьд хүүхдүүдийн багаар ажиллах, ярих, өсөлтийн сэтгэлгээг хөгжүүлж, өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр илүү амжилттай ажилласан гэж боддог.

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйч, ESEL хөтөлбөрийн мастер багш Д.Нямсүрэн
Төслийн хугацаанд сургууль, аймгийн хэмжээнд судалгаа авч үр дүнгээ боловсруулж, сургуулийн хэмжээнд багаараа бичил бизнес эрхлэж, ашиг олон, төслийн суралцагчид болон ангийнхандаа танилцуулж байлаа. Энэ нь сургуулийн бусад суралцагчдад үлгэр дууриал, эерэг нөлөө үзүүлсэн юм. Сургалтаа үр дүнтэй явуулахад суралцагчийн гарын авлага, багш/зөвлөхийн/ гарын авлага, энтреперенершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, youtube сувагт байрлуулсан видео хичээлүүд зэрэг нь чухал нөлөө үзүүлснийг дурдах ёстой. Түүнчлэн суралцагчдын ур чадварыг хөгжүүлэхээс гадна чиглүүлэгч багшийнх ч мөн сайжирсан. Төслийн сургалтад суусан хүүхдүүд маань дараа дараагийн төслийн уралдаанд идэвх санаачилгатай оролцож билээ. Эндээс шинийг санаачилж, эрэлхийлэх ур чадвар хөгжсөн гэдэг нь харагдаж байлаа.
Суралцагчид мэргэжлийн хичээлүүд олонтой, сургалтын ачаалал ихтэй. Хичээлийн дараа дахин сургалтад суугаад ядрах, залхах зэрэг асуудлууд тулгарч байсан тул багшийн зүгээс илүү эрч хүчтэй байлгах үүднээс тоглоомын аргууд судалж, суралцагчдаа идэвхжүүлэх олон арга барилд суралцуулж байсан билээ. Танхимын бус цагаар төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг оновчтой зөв хуваарилах, орон нутгийн энтрепренершипийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох зорилгоор өөрсдийн боловсруулсан төслөө танилцуулж байлаа. Мөн орон нутгийн аж ахуй эрхлэгч, бизнесийн төлөөллүүдэд танилцуулж, санал авах зорилгоор тэднийг урин, зочин багшаар оролцуулж, хүүхдүүдийг үлгэр дууриал, санаа сэдэл, урам зориг авах боломж бүрдүүллээ. Төслийн бизнес көүч Т.Шинэхүү өөрийн ажлын туршлагаа хуваалцаж, бизнес санаа хэрхэн гаргах талаар сургалт, яриа хийж, хамтарч ажиллаж байсан. Манай салбарт хэрэгтэй, чухал хөтөлбөр гэдгийг амйгийн Боловсролын ерөнхий газар ойлгон, одоо бүх хүүхдэд хүрэх боломж бүрдсэнд үнэхээр баярламаар.

ESEL хөтөлбөрийн мастер багш Д.Нямсүрэн “Сургагч багш”-ийн гэрчилгээ авах үеэр
Миний бие Мэргэжлийн боловсролын салбарт төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бүхий л үйл явцад оролцож байна. Сургагч багш болж, суралцагчдаа хөгжүүлэхээс эхлээд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт орж, мастер багш болон, сургалтын чиглүүлэгч багш нарыг бэлтгэхэд хамтран оролцож, багш нарт зөвлөн туслах үйл ажиллагаа явуулж байгаа. 21-р зуунд нэн хэрэгцээтэй хувь хүний ур чадвараа хөгжүүлсэн, харилцааны болон багаар ажиллах чадвартай, өөрийгөө болон бусдыг ойлгож, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг, шинэлэг бизнес эрхлэж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож, асуудлын шийдлийг эрэлхийлж, шинэ зүйлд тэмүүлдэг, алдаанаасаа суралцдаг, үргэлж урагшаа тэмүүлдэг, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах залуусыг бэлтгэх их үйлсэд гар бие оролцон, хичээн зүтгэж байгаадаа талархаж, урам зоригтой ажиллаж байна. Ийм сайхан үр дүнтэй төслийг хэрэгжүүлсэн баг, хамт олонд гүнээ талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна.