Элчин сайд Фиона Блайт Хүүхдийг Ивээх Сангийн төслүүдтэй танилцав
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суух Элчин сайд Фиона Блайт 2025 оны 5 дугаар сарын 22-нд Хүүхдийг Ивээх Сангийн төслүүд хэрэгжиж байсан болон одоо хэрэгжиж буй нийслэлийн Баянзүрх дүүргийн 79, 33-р сургуульд зочиллоо. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн зохицуулагч Ж.Батцэцэг нар Элчин сайдыг сургуулиуд дээр угтаж, төсөл болон байгууллагын мэдээллээ өгөв.
Хүүхдийг Ивээх Сан нийслэлийн 79 дүгээр сургуульд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг зургаан жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүлсэн юм. Тус сургуульд өнөөдөр 6-18 насны 2737 хүүхэд суралцаж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээтэй 48 хүүхэд суралцдаг аж. Захирал У.Дугармаа “Хүүхдийг Ивээх Сангийн төсөл амжилттай хэрэгжсэнээр хөгжлийн онцлогтой олон хүүхдийг өнөөдрийн түвшинд хүргэж чадсан юм. Бид эцэг эх, хүүхдүүдэд хүрсэн, онцлог арга зүйтэй сургалт явуулж, энэ амжилтад хүрсэн” гэж онцлов. Сургалтын менежер Б.Ариунбилэг зочдод хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг тэгш хамруулах сургах, сургуулийн орчинд хийсэн дэд бүтцийн ажлууд зэрэг төслийн үр дүнгүүдээ танилцууллаа. Элчин сайд Фиона Блайт сургуульд хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцахын зэрэгцээ анги танхимаар зочилж, хичээлийн явцыг сонирхов.
Хүүхдийг Ивээх Сан “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг нийслэлийн 33 дугаар сургуульд 2023 оноос хэрэгжүүлж байна. Сургуулийн захирал Н.Энхбат зочдод хандан “Энэ төсөл манай сургуульд хэрэгжүүлж байгаад бид баяртай байдаг. Сурагч, багш нар, эцэг эхчүүдэд хүрч, тэдний дэмжлэгийг авч байгаа. Хүүхэд хамгаалах ажил бол хэзээ ч дуусахгүй, үргэлж ажиллах ёстой” хэмээн ярилаа. Тус сургууль 96 бүлэгтэй, 4009 сурагч, 147 багш, 51 ажилтан, албан хаагчтай аж. Элчин сайд Фиона Блайт тус сургууль дээр хэрэгжиж буй төслийн явц, үр дүнтэй танилцаж, Монгол ёс заншлын танхимаар зочлов.
Тэрээр “Төслийн хүрээнд олон ажил хийж байгааг харлаа. Мөн эцэг эхийн оролцоо их байгаа нь харагдсан. Төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа Хүүхдийг Ивээх Сан, 33-р сургуулийн багш, нийгмийн ажилтан, бүх хүнд баяр хүргэе. Хамтдаа үйл ажиллагаа явуулснаар төсөл үр дүнтэй хэрэгжинэ” хэмээн хэллээ. Мөн “Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааг Британийн Хүүхдийг Ивээх Сан дэмжин, хамтран ажиллаж байсан билээ. Өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагаа завсардсан хэдий ч бид өнөөдөр дахин хамтран ажиллах, дэмжих боломжийг эрэлхийлж байна” гэж нэмж өгүүлэв.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийг 1994-2009 онуудад Их Британийн Хүүхдийг Ивээх Сан шууд удирдан хэрэгжүүлж байсан билээ.