Хүүхдийг Ивээх Сангийн ажилчид мод тарьж, ирээдүйдээ ногоон байгууламж өвлүүлэхийг уриаллаа
Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хаврын тариалалтын нээлт 2025 оны 5 дугаар сарын 23-нд боллоо. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 5 га талбайд ойн төгөл бүтээхийг зорьж байгаа юм.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай талбайн нээлтийн үеэр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” бол Хүүхдийг Ивээх Сангийн хувьд анхны байгаль орчинд чиглэсэн, байгаль орчны сөрөг нөлөөх бууруулах зорилготой төсөл. Бид өнөөдөр энэхүү төслийн талбайд мод тарих ажлыг эхэлж байгаадаа баяртай байна. Энэхүү төслийн хүрээнд бүтээн байгуулах ойн төгөл маань ойгоос гадна Налайх дүүргийн иргэд хүүхдүүдийн ирж зугаалдаг, суралцдаг сургалт, судалгааны бааз болоосой гэж бид хүсэж байгаа. Хүүхдүүдийн хувьд газар дээр нь ирээд гараараа мод, ногоо тарих боломж байдаггүй учраас энэ ойн төгөл маань хүүхдүүдэд дадлага хийх, үндсэн практик мэдлэг олж авах боломжтой бааз суурь болох болов уу гэж бодож байна. Бид богино хугацаанд хашаагаа барьж, тодорхой хэмжээгээр бүтээн байгуулалт хийсэн байгаад туйлын баяртай байна” хэмээн хэллээ.
Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Т. Батсүх “Бид энэхүү ойн төглийг Налайх дүүргийн хөгжил цэцэглэл гэхээсээ илүүтэй байгаль орчин ногоон хөгжлийн чиг хандлагыг түүчээлсэн сайхан ажил гэж харж байгаа. Налайх дүүрэгт маань дэлхийн дулаарлын эсрэг 90 мянган мод тарих даацтай ажил эхэлж байгаад туйлын баяртай байна. Бидний зүгээс энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бодитой, иргэдэд чиглэсэн том ажил болгохын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” хэмээн онцлов. Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы зөвлөх Х.Оюунцэцэг ирж баяр хүргэн амжилт хүслээ.
Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд төслийн талбайд ойн төглийн хамгаалалтын зориулалтаар 172 ширхэг улиас мод тарилаа. Энэ үеэр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх агрономич Б.Занданхүү мод тарих, арчлах аргачлалын талаар заавар чиглүүлэг өгсөн юм. Хүүхдийг Ивээх Сангийн ажилтан П.Номингэрэл “Өнөөдөр бид ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэх ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой учраас энэ ажилд хичээнгүйлэн оролцож байна. Модыг тариад арчилж ургуулсны дараа маш гоё төгөл бий болно гээд төсөөлөхөд сайхан байна” гэж ярилаа. Тэд өнөөдөр ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлж, мод тарихыг уриалсан юм.
Нийслэлийн Налайх дүүрэгт 2024 оны 8 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд тус дүүргийн 50 иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багшаар бэлтгэжээ. Эдгээр сургагч багш нар олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн цуврал сургалтууд зохион байгуулж байна. Түүнчлэн Налайх дүүргийн Хот тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 250 иргэн, ерөнхий боловсролын сургуулийн 190 гаруй сурагчийг сургалтад хамруулсан юм. Энэ оны эцэс гэхэд 1500 орчим хүнийг сургалтад хамруулахаар төлөвлөжээ. “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслөөр Налайх дүүргийн сургуулиудад эко клубүүд байгуулж, үйл ажиллагааг нь дэмжин ажилаж байна. Тэдгээр эко клубийн сурагчдын санаачилгаар экологийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг түгээх зорилготой бичил төслийг 6 сургуульд түшиглэн хэрэгжүүлэх юм.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мөн дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох юм