Г.Байгалмаа: Манай сургууль Монгол Улсаас анх удаа School Enterprise Challenge-д амжилттай оролцлоо

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 29 суманд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Сургуульд суурилсан энтерпрайз” санаачилга туршин хэрэгжүүлж буй 6 сургуулийн нэг нь Завхан аймгийн Тэлмэн юм. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаатай ярилцлаа.

– Манай уншигчдад School Enterprise Challenge хөтөлбөр гэж юу болох талаар тайлбарлаж өгнө үү?

– Энэ хөтөлбөр сургуулийн сурагчид болон багш нарт бизнесийн боловсрол замаар ур чадварыг нь хөгжүүлэхэд сургуулиудын үйл ажиллагааг дэмждэг. Дэлхийн хэмжээний энэ хөтөлбөр нь 2012 оноос дэлхийн 100 гаруй орны 500 мянга гаруй хүүхэд, залуусын боловсрол, ирээдүйн ажил амьдралд нь боломж олгож, тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлж байгаа. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт сургуулиудын өөрсдийн орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход нь нийт 3.5 сая ам.доллар зарцуулсан байдаг. Хүүхдүүдийг бизнес эрхлэх, бизнесийн боловсролд сургахаас гадна дэлхий даяар 20 мянга гаруй багшийг хүүхдүүдэд бизнесийн боловсрол олгох, ур чадварын хөгжлийг нь хангах чиглэлээр бэлтгэсэн. Сурагчид энэ хөтөлбөрт хамрагдсанаар бизнес эрхлэх ур чадварт суралцахаас гадна манлайлал, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг чухал ур чадваруудыг эзэмшдэг. Мөн англи хэлнийх нь ур чадвар үлэмж дээшилдэг. Агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн судлагдахуунтай уялдуулж, ээлжит хичээл зохион байгуулах шинэлэг арга зүй хөтөлбөрт багтсан байдаг.

Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаа

– Энэ хөтөлбөрт ямар байдлаар нэгдэх вэ?

– School Enterprise Challenge хөтөлбөрт цахим хуудас, фэйсбүүк, инстаграм, whatsapp зэрэг aпликейшнүүдээр ямар ч сургууль, дэлхийн аль ч өнцөг булангаас оролцох бүрэн боломжтой. Линк нь энэ байна. https://www.schoolenterprisechallenge.org/ Элсэхэд ямар нэг хураамж байхгүй. Сургуулийн захирлын зөвшөөрлийг албан ёсоор авч, хамрагдана.

– Танай сургууль ямар нэрээр, ямар үйл ажиллагаагаар нэгдсэн вэ?

– Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль School Enterprise Challenge-2024 хөтөлбөрт “Пуэр-Тэлмэн” нэрээр нэгдсэн. Бид хөтөлбөрийн явцад бизнесийн ур чадварт суралцахаас гадна гол зорилго нь сурагч, багш нарын эрүүл зөв хооллолтыг дэмжих сургуулийн цайны газартай болох төслийг санаачилж, хөтөлбөртөө амжилттай хамрагдсан байгаа.

-Танай сургууль School Enterprise Challenge хөтөлбөрт нэгдээд ямар амжилттай явж байна?

– School Enterprise Challenge-2024 хөтөлбөрт хамрагдаад нийт 15 модуль хөтөлбөр судалсан. Хөтөлбөр дуусах үед хөтөлбөрт хамрагдсан бүх сургуулийг gold, silver, bronze гэсэн гурван түвшний шагнал олгодог. Манай сургууль silver буюу мөнгөн түвшний болзол хангаж, шагнал хүртсэн. Манай сургууль Монгол Улсаас анх удаа School Enterprise Challenge-д амжилттай оролцож, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шагнал авсан багш, сурагчдаараа бахархаж байна.

Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид онцгой шалгуурын шагналаа хүлээн авч байгаа нь

– Тусгай шагнал авсан тухайгаа ярина уу.  Үүнийг хэрхэн ямар шалгуураар тодруулдаг вэ?

-Энэ жилийн School Enterprise Challenge-2024 хөтөлбөрт нийтдээ дэлхийн 79 орны 153 сургуулийн баг оролцсон. Манай сургууль шилдэг 20 сургуулийн нэгээр шалгарсан, мөнгөн шагнал авсан. Хамгийн сүүлийн шалгаруулалт нь special буюу онцгой шалгуурын гэсэн шагналыг олон нийтэд нээлттэй санал хураалтаар шалгаруулж, шагнадаг. Нээлттэй цахим санал хураалтад оролцсон 20 сургуулиас манай сургууль 5840  санал авч, тусгай шагналын эзэн болсон.

– Шагналын мөнгөө хэрхэн зарцуулсан бэ. Тийм зүйлд зарцуулах ёстой гэсэн тодорхой шалгуур байдаг уу?

– Тусгай шагнал нь 1000 фунт стерлинг буюу 7 сая гаруй төгрөгийн шагнал авахаар болсон. 2025 оны 6 дугаар сарын эхээр 2024 оны School Enterprise Challenge хөтөлбөр албан ёсоор дуусна. Үүний дараа шагналын мөнгөө хүлээж авна. Энэхүү мөнгийг зарцуулах тодорхой шалгуур байхгүй. Манай сургууль Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төсөлд таван жил хамрагдаад явж байна. Төслөөс мөн “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлэх тэтгэлэг зарлаад төслийн зорилтот таван аймгаас нэг нэг сургуулийг шалгаруулсан. Ингээд “Хөгжлийн хөтөч” цахим сургалт, үйлчилгээний төв гэсэн “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийг сургуульдаа амжилттай хэрэгжүүлж байна. Бид энэ шагналын мөнгийг “Хөгжлийн хөтөч” цахим сургалт, үйлчилгээний төвийнхөө үйл ажиллагааны зардал болон шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид зарцуулна.    

– Энэ хөтөлбөрт оролцож байхад та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байсан бэ. Ямар давуу талууд бий болов. Эндээс юу сурч мэдсэн бэ?

-Хөтөлбөрт хамрагдаад явж байхад англи хэлний маш сайн мэдлэг шаардлагатай байсан. Багийн гишүүдийн англи хэлний мэдлэг харьцангуй сул байлаа. Бүтэн жил үргэлжилсэн хөтөлбөрийн явцад хүүхдүүд хичээлээ судлаад, дасгал, даалгавраа хийгээд багш нартайгаа цахимаар харилцаад явахад багийн гишүүдийн англи хэлний мэдлэгт тодорхой ахиц гарсан байна. Шагнал аваад тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа ч хөтөлбөрийн үр шимийг мөнгөөр хэмжих боломжгүй. Бид “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийн төслөө бичиж байхдаа бизнесийн санаа олох, хүний нөөцөө хуваарилах, санхүүгийн тооцоо, багийн менежмент, эрсдэлээ тооцоолох гээд олон ур чадварт суралцсан. Энэ бүхэн олон улсын хөтөлбөрт нэгдэх боломжийг цаг алдалгүй ашиглаж, сургуульдаа баг бүрдүүлээд багш, сурагчидтайгаа амжилттай хамрагдахад эергээр нөлөөлсөн. Сурагчид School Enterprise Challenge хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн олон ур чадвар эзэмшихийн зэрэгцээ дэлхийн олон улсын сургуулиуд “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар үр дүнд хүрсэн, хүүхэд, залуучуудад ямар боломж олгож байгаа гээд маш олон туршлагаас суралцсан. Хүүхдүүд эндээс ирээдүйн бизнесийн төсөл, сургууль дээрээ хэрэгжиж байгаа “Сургуульд суурилсан энтерпрайз”-ийг цаашид хөгжүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар олсон гэж бодож байна.

Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Пуэр-Тэлмэн” багийнхны авсан талархлын гэрчилгээнүүд

– Энэ хөтөлбөрт хамрагдахын хүсэж байгаа бусад сургуулийнханд ямар зөвлөгөө өгөх вэ. Сургууль дээрээ баг бүрдүүлэхэд ч юм уу?

– Хөтөлбөрт дэлхийн аль ч улсаас оролцох боломжтой гэдгээрээ давуу талтай. Сургуульдаа орлоготой больё, “Сургуульд суурилсан энтерпрайз” хэрэгжүүлье, хүүхдүүдийнхээ санал санаачилгыг дэмжье, олон улсын туршлагаас суралцъя гэж төлөвлөж байгаа сургуулиуд байвал эхлээд багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Энэ багт мэдээж англи хэлний мэдлэгтэй багш нараас гадна сурагчид нь англи хэлний мэдлэг сайтай байвал хөтөлбөртөө амжилттай хамрагдаж, онолын мэдлэг, дасгал, даалгавруудыг амжилттай гүйцэтгэхэд дөхөм болно. Багийн гишүүн багш нарын ажлын ачааллыг тэнцүүлэх, сурагчдын англи хэлний мэдлэгийг хичээлийн гадуурх үйл ажиллагаагаар сайжруулах байдлаар нарийн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Олон улсын хөтөлбөр болохоор олон боломж бий. Хүүхэд бүрд талархлын гэрчилгээ ирдэг. Түүнчлэн хөтөлбөрийн явцад болдог уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцвол мөн гэрчилгээ авна. Эндээс авсан туршлагаа гадаадад суралцах, гадаадад суралцах тэтгэлэг авахад тодорхой хэмжээнд ахиц өгнө. Мөн амжилттай оролцсон багш нарт тусгай шагналууд өгдөг.

– School enterprise Challenge-2024 хөтөлбөрт 79 орны 153 сургууль оролцжээ. Яагаад ийм олон сургууль оролцож байна вэ. Тэдгээр сургуулиудад биднээс ялгаатай зүйлүүд ажиглагдаж байна уу?

– Олон улсын туршлагаас харахад School Enterprise Challenge хөтөлбөрт харагдахад тухайн сургууль тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Төслөө хэрэгжүүлэх анги танхим бэлтгэх, сурагчдын ур чадвар, бизнес санаа, тухайн хичээлийн ямар судлагдахуунаар дамжуулан хүүхдүүдийн төслийг амжилттай хэрэгжүүлж болох вэ гэдгийг гаргадаг. Жишээ нь, манай сургууль эрүүл хооллолтын төслөө технологийн хичээлтэй нь уялдуулан Enterprise Challenge-ийг дэмжих боломж байгаа. Олон улсын туршлагаас харахад сургуулиуд зохион байгуулалт удирдлагаар нь хангаж өгдөг. Мөн багш нарыг хүүхдүүдтэйгээ хамт хөтөлбөртөө ажиллах цагийг төлөвлөгөөнд нь тусгана.  Сурагчдыг ч мөн зохион байгуулалтад оруулж өгдөг юм байна. Бусад сургуулиудыг харахад тухайн орон нутагтаа үнэгүйдээд байгаа түүхий эдийг үнэтэй болгож, ашиг орлого олох, түүгээр дамжуулан хүүхдүүдээ байгаль дэлхий, улс орондоо хайртай байх, бахархах үзлийг School Enterprise Challenge-ээр дэмжиж байгаа нь харагдаж байсан.

Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Байгалмаа “Пуэр-Тэлмэн” багийн гишүүдийн хамт

– Нийт 15 модуль судалсан гэлээ. Агуулга нь хүнд байдаг уу. Ямар агуулгатай байдаг вэ?

Агуулгад бизнесийн ур чадвар, онолын хувьд хүнд ойлголт, тодорхойлолтууд байдаггүй. Сургуулийг өөрийнхөө дэргэд орлогын тогтвортой эх үүсвэртэй болгох бизнесийн ямар төсөл, энтерпрайзийг дэмжих вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Бизнесийн ямар төсөл, энтерпрайзийг хэрхэн хөгжүүлэх талаар маш хөнгөн ойлгомжтой тайлбарлаж, хичээл  бүрийн араас загварууд өгдөг. Өмнөх 13 жилийн турш энэ хөтөлбөрт оролцсон сургуулиудын туршлагуудыг жишээ болгоно. Ерөнхийдөө бизнесийн ямар төсөл, энтерпрайзийн санаа олох, төлөвлөлтөө хийх, санхүүгийн тооцоо хийх, эрсдэлээ бууруулах, хүний нөөцөө бүрдүүлэхэд тусална. Түүнчлэн байгальд ээлтэй байдлаар энтерпрайзээ хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр нийт 15 модуль сургалтад хамруулдаг. Хөтөлбөрийн дундуур жижиг хэмжээний шагналын сантай уралдаанууд мөн болдог.

– Танай сургууль School Enterprise Challenge-2025 хөтөлбөрт оролцох гэж байгаа гэсэн. Ямар зорилготой оролцох вэ?

– Энэ удаа гурван баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Гадаад хэлний багш нараар багуудаа ахлуулна. Сурагчдыг сонирхолд нь тулгуурлан багтаа авсан байгаа. School Enterprise Challenge нь нэг талаас сургалтын, нөгөө талаас хүүхдүүд бизнесийн ур чадвараа бодитоор туршихад сургууль түшиц болох, манлайлж ажиллах хөтөлбөр. Энэ жил шинээр хүүхдүүд өөрсдөө баг бүрдүүлж бие даан оролцох  Enterprise Adventure хөтөлбөр нэмэгдсэн. Нэг багаа ийм зорилгоор бүрдүүлсэн байгаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.