“Хүүхдийн хоолны тогооч” мэргэшүүлэх сургалт боллоо

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) байгууллагын буцалтгүй тусламжаар Боловсролын яам 2022 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох “Тэгш хамруулан сургах боловсрол”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” болон “Хосолсон сургалт”-ыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Эдгээр гурван чиглэлийн “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” хөгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн хоолны тогооч” мэргэшүүлэх сургалт 2025 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 4-нд ШУТИС-ийн сургалтын танхимд болж, төгсөгчид 2025 оны 7 дугаар сарын 7-нд гэрчилгээгээ гардаж авлаа. Тус сургалтыг “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв” зохион явуулсан байна.

Сургалтад “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн зорилтот eрөнхий боловсролын 35 сургуулийн хоол зүйч, тогооч нар хамрагдлаа. “Хүүхдийн хоолны тогооч” мэргэшүүлэх сургалт 10 хоног үргэлжилсэн бөгөөд тав хоногийн онолын,   тав хоногийн дадлага хичээлээс бүрджээ.  Төгсөгчдөд сургалтын дараа тогоочийн иж бүрэн хувцас, хоолны гүний хэм хэмжигч, давс хэмжигч, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол тэжээлийн гарын авлага зэргээс бүрдсэн багц гардуулан өгсөн юм.

“Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Нямцэцэг “Хүүхдийн хоолны мэргэшүүлэх 120 цагийн 10 хоногийн сургалт анх удаа зохион байгууллаа. Сургалтад оролцогчдод явцын шалгалт, ирц идэвхээс нь хамаарч гэрчилгээ олгодог. Энэ удаа нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын тогооч нар сургалтад хамрагдлаа” хэмээн ярилаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63-р сургуулийн ахлах тогооч Г.Сэлэнгэ “Би нийтийн хоолны чиглэлээр 40 гаруй жил ажиллаж байна. Энэ сургалтаар хүүхдийн хоолны чиглэлээр маш их зүйлийг сурч авлаа. Хүүхдийн хоолны шим тэжээл нэлээд өвөрмөц. Тиймээс хүүхдэд тохирсон хоол хийх чадварт суралцлаа. Манай сургууль “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн гал тогооны иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээр нэр төрөл нэмэгдэх, ажил хөнгөвчилөх, бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болсон байгаа” гэлээ. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн тогооч Э.Алтанзул “Энэ удаагийн сургалт хүүхдийн хоол ямар байх талаар олон талын мэдлэг олголоо. Манай сургууль 1000 гаруй хүүхэдтэй, үүнээс үдийн цай, хоол хөтөлбөрт 500 гаруй хүүхэд хамрагддаг” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд өгүүлэхэд, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын Дэлхийн Түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөл болж, төслийн санхүүжилтийн зохицуулагчаар ажиллаж байна.