З. Баасансүрэн: Байгальд ээлтэй ирээдүйгээ хамтдаа бүтээхээр зорьж байна
Нийслэлийн Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн нийгмийн ажилтан З.Баасансүрэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш юм. Түүний хувьд Налайх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд байгаль орчны мэдлэг түгээж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай ойлголт өгөх үүрэгтэй. Тэрээр 2024 оны 12 дугаар сард Хүүхдийг Ивээх Сангаас Байгаль орчин, уур амьсгалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-тэй хамтран зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан байна. Түүнээс хойш дүүргийнхээ хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдэд уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавар, уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, байгаль орчныг хамгаалах энгийн дадал зуршил болон тогтвортой амьдралын хэв маягийн талаарх ойлголт зэрэг олон сургалт зохион байгуулжээ.
Сургагч багшаар бэлтгэгдсэнээр З.Баасансүрэн өөрийн хандлага, амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт гарч байгаа талаар “Бид өөрсдөөсөө эхлэн байгальд ээлтэй үйлдэл хийж чадна гэдгийг ойлгосон. Өдөр тутамдаа эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилах, цахилгааны хэрэглээгээ хянах зэрэг дадлыг өөртөө хэвшүүлж байна” хэмээн ярилаа. Түүний хувьд бага наснаасаа хүлэмжийн ус зөөдөг байсан тул аж ахуйд илүү ойр өссөн нэгэн. Энэ нь сургалтаа илүү бодитойгоор хүргэхэд тусалж байгаа гэдгийг онцолж байв.
Сургалтад хамрагдсан хүмүүс ч мөн адил мэдлэг, хандлага нь өөрчлөгдөж байгааг онцоллоо. Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Өлзийцэцэг “Сургалт маш сонирхолтой байлаа.Олон айл хашаандаа мод тарих эрмэлзэлтэй болсон. Гэхдээ тухайн газрынхаа онцлогт тохирсон хэрэгцээтэй мод сонгож тарих нь чухал гэж ойлголоо” гэж ярилаа. Харин Налайх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч М.Тэмүүлэнгийн хувьд, “Сургалт үр өгөөжтэй байлаа. Дүүргийн бүх оршин суугчдадаа энэ талын мэдээллийг хүргэвэл энэ ажил илүү үр дүнтэй байх аа. Би эндээс авсан мэдлэгээ гэр бүл, ойр дотныхондоо түгээх болно” гэлээ. Ахмад настан болон залуусын хувьд ч сургалт өндөр үр дүнтэй байжээ. Иргэд үрсэлгээ авах, мод тарих талаар мэдээлэл авч, хог хаягдлаа ангилж, нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзах зэрэг дадлуудыг хэвшүүлж эхлээд байна.
З.Баасансүрэнгийн хувьд энэ төсөл бол зөвхөн мэдлэг олгох бус, харин нийгмийн хандлагыг өөрчлөх, байгальд ээлтэй ирээдүйгээ хамтдаа бүтээх үйлс хэмээн харж, сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна. Тэрээр бусдад урам зориг өгч, уур амьсгалын асуудалд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулсаар байна.
“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хороонд 5 га талбайд иргэдийн оролцоотойгоор ойн төгөл байгуулах, хүүхэд, залуус болон оршин суугчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг олгох, байгаль орчноо хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд сургагч багш нарыг бэлтгэн, олон нийтэд зориулсан сургалт зохион байгуулсаар байна.
БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2024-2027 онд хэрэгжиж буй уг төсөл нь оршин суугчдын байгальд хандах хандлагыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлнэ.