Ногоон ирээдүй бүтээхийн төлөө зүтгэж буй сургагч багш

Нийслэлийн Налайх дүүргийн оршин суугч Д. Доржханд 2025 оны гуравдугаар сараас эхлэн Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн ажилтан, сургагч багшаар ажиллаж байна. Байгальд хайртай, багаасаа тариа ногоо тарих ажилд ойр өссөн түүний хувьд зөвхөн төсөлд оролцохоос илүүтэй, дүүргийнхээ оршин суугчдыг байгальдаа ээлтэй амьдралын хэв маягт үлгэрлэн манлайлж буй нэгэн.

 

2024 оны арван хоёрдугаар сард тэрээр Хүүхдийг Ивээх Сан болон Байгаль орчин, уур амьсгалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн хамтран зохион байгуулсан сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан. Түүнээс хойш Налайх дүүргийн 1,000 гаруй хүүхэд, залуус, ахмадуудад уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицож мод тарихын ач холбогдлыг таниулах сургалтыг зохион байгуулаад байна. “Багш маань хичээл дууссаны дараа ч бидэнтэй холбоо харилцаатай байж, хашааныхаа аль хэсэгт  ямар мод тарих, хэрхэн усалж ургуулах талаар зөвлөгөө өгдөг. Энэ нь бидэнд маш дэмтэй байдаг” гэж түүний шавь ярьж байна.

Д. Доржханд сургагч багш болсноос хойш шавь нартаа мэдлэгээ уудалж, мэдэхгүй зүйлээ эрж хайж, ном товхимол уншиж судлах болжээ. Сургагч багш болсноор түүний заах арга зүй, харилцааны чадвар илт сайжирсан байна. Хүүхдүүдэд хичээлээ сонирхолтой байдлаар зааж, ахмадуудыг ойлгож,  сонирхолд нь нийцүүлэн хичээлээ бэлтгэх болсон гэж ярьсан нь түүний багшлах арга зүй, харилцааны ур чадвар сайжирсныг нотолно.

“Мод тарих нь ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа буянтай үйл юм. Мод хүчилтөрөгч үйлдвэрлэж, орчны агаарыг цэвэршүүлнэ. Сэтгэл санаанд ч эергээр нөлөөлдөг. Тарьсан мод, цэцэг маань ургаж байгааг харахдаа би маш их жаргалтай болдог” хэмээн  Д. Доржханд ярилаа. Тэрээр олон өрхийг хашаандаа мод, цэцэг тарихад уриалж, байгальд ээлтэй амьдралын хэв маягт хөтөлжээ.

Д. Доржханд хөгжмийн багш мэргэжилтэй, гитар тоглох дуртай, байгальд хайртай. Тэрээр байгалиа хамгаалж, мод тарих тухай мэдлэгийг Налайхчууддаа түгээж, ойн төглөө улам өргөжүүлсээр байна. “Орон нутгийн иргэдтэйгээ хамтдаа бүтээж буй энэхүү ойн төгөл ирээдүйд дүүргийн оршин суугчдын маань амарч зугаалдаг, хүүхэд залуусын дадлага туршилт хийж суралцдаг газар болно. Өнөөдөр тарьсан энэ зулзаган модод өндөр, саглагар ургаад сүүдэрт нь үр ач маань сууж амарна гээд бодоход үнэхээр сайхан санагдаж байна” хэмээн Д. Доржханд ярилаа.