“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбай цахилгаан хангамж, гүний худагтай боллоо

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайн ажил эрчимтэй өрнөж байна. Талбайн цахилгааны хангамжийг байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний системээр шийдвэрлэж, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Мөн модны усалгааны эх үүсвэрийг гүний худгаар бүрэн хангаж, талбайн тогтвортой менежментийн чухал асуудлыг шийдвэрлэв. Ингэснээр мод ургуулах, арчлах урт хугацааны найдвартай систем бүрдэж, төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдлээ.

 

Төслийн хүрээнд 5 га талбайд 5,000 гаруй мод тарихаар зорьж байгаа бөгөөд өнгөрсөн хавар 1,700 орчим мод тарьсан нь одоогоор 80 гаруй хувийн ургалттай байна. Мөн 7 төрлийн модны 600 орчим тарьц, суулгацыг хүлэмжинд тарьж, талбайд 30 гаруй шилмүүст мод тарьсан нь төслийн хүрээг улам өргөжүүлж байна. Төслийн ажилтан Д. Доржханд “Орон нутгийн иргэдтэй хамтдаа бүтээж буй энэхүү ойн төгөл ирээдүйд дүүргийн оршин суугчдын маань амарч зугаалдаг, хүүхэд залуусын дадлага туршилт хийж суралцдаг газар болно. Өнөөдөр тарьсан энэ зулзаган модод өндөр, саглагар ургаад сүүдэрт нь үр ач маань сууж амарна гээд бодоход үнэхээр сайхан санагдаж байна” хэмээн ярьсан юм.

Төслийн талбайн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн Налайх дүүргийн иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж идэвх оролцоог нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна. Төслийн баг энэ намар Налайх дүүргийн ЕБС-ийн сурагчид болон иргэдтэй хамтран 3,000 гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Энэхүү төсөл нь Нийслэлийн Налайх дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх төдийгүй хүүхэд, залуусын экологийн боловсролыг дээшлүүлж, идэвх оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.