Сумдын иргэдэд өгөөжөө өгч буй эрүүл мэндийн төсөл

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд, 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон ажилтнууд, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн нар 2025 оны 9 дүгээр сарын 2-5-нд Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

Шүдний кабинетээр үйлчлүүлэгчдийн тоо байнга өсдөг

Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ төслийн үр дүнгээ хуваалцав. Өнгөрсөн хугацаанд шүдний кабинетаар 5308 хүн үйлчлүүлсэн байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн 80 гаруй нь сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд байгаа юм. Шүдний кабинетээр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсөж байгаа аж. Сумын эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг жилд нэг удаа шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Тус кабинетаар Чандмань сумын иргэдээс гадна аймгийн төв, эргэн тойрны Эрдэнэ, Цогт, Бигэр сум, Баянтоорой тосгон, Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан зэрэг сумын иргэд үйлчлүүлж, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Энэ жил нийт үйлчлүүлэгчдийн тал нь эргэн тойрны сумын иргэд байсан аж. Өнөөдөр шүдний кабинет эмч, сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. Ч.Бат-Эрдэнэ “Бид 2025 онд зэргэлдээх Эрдэнэ сумтай хамтран “Эрүүл шүдхэн” төсөл хэрэгжүүллээ. Энэ сум эндээс 35 км зайтай. Шүдний кабинетийн эмч, сувилагч хоёр зөөврийн төхөөрөмжөө ашиглан, тав, зургаадугаар сард тус суманд очиж, сургууль, цэцэрлэгийн 363 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, 204 хүүхдийн шүд эмчилж, 81 хүүхдийн шүдэнд цооролтын эсрэг түрхлэг хийсэн байгаа. Энэ 9 дүгээр сард дахин очиж, үзлэг оношилгоо хийнэ” хэмээн ярилаа.

Шүдний эмч Н.Жавзандулам “Бид “Денан” төслийн хүрээнд 100 гаруй оо, сойз, шүд угаах зөвлөгөөний хамт хүүхдүүдэд өгсөн. Нэг хүүхэд гоожуурынхаа дээр зөвлөгөөг өлгөөд, харж шүдээ угаадаг гэж ярьж байсан. Би сувилагчийнхаа хамт хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн сургалт тогтмол явуулдаг” гэж ярив.

Явуулын оношилгооны багц төхөөрөмж хүлээлгэж өглөө

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн нар Чандмань сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн мобайл технологийн аппарат, тоног төхөөрөмжийн иж бүрдэл хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмж нь зөөврийн эхо, зүрхний цахилгаан бичлэгийн болон даралтын аппарат, холестрин тест, сахарын аппарат гэх мэт зүйлүүдээс бүрддэг. Тухайлбал, зөөврийн эхо скан хийх, зураг хадгалах, дамжуулах үйлдэлтэй, таблет нь wifi болон 5G сим дэмждэг бөгөөд зөөврийн хэт авианы шинжилгээг хийхэд ашиглагдах аппликейшн суулгасан байдаг. Тус иж бүрдэл нь алслагдсан аймаг, сумын эрүүл мэндийн үзлэг оношилгоонд нэн шаардлагатай, түгээмэл хэрэглэгддэг сорил, багажийн шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хослуулан багтаасан багц юм. Энэхүү багцыг зөөврийн зориулалтаар дуудлагад хэрэглэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоцрогдол, тасалдалт үүсэх, шаардлагатай тохиолдолд өвчтөнг тээвэрлэхээс сэргийлэх, түүнчлэн өвчтөнд амь тэнссэн байдал үүссэн тохиодолд яаралтай арга хэмжээ, газар дээр нь шинжилгээний хариунд тулгуурлан оновчтой авахад туслах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд илүү дөхөм болох өндөр ач холбогдолтой юм. Зөөврийн эхоны wifi болон 5G сим дэмждэг давуу талыг ашиглан эмч нар яаралтай тохиолдолд урьдчилсан байдлаар өвчтөний эхоны зургийг нэгдсэн эмнэлэг, төвийн үзлэг оношилгооны бүс, нарийн мэргэжлийн эмч нар луу илгээх боломжтой бөгөөд ингэснээр өвчтөн заавал олон км зам туулж, эхонд харуулах, эмчилгээ, яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ авах шаардлагатай тохиолдолд цаг алдахгүй болж байгаа юм.

Л.Баян-Алтай: Түргэний авто машинаар эмнэлгийн тусламж үзүүлж, иргэдийн амь нас аварч байна

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтайгаас “Денан төсөл”-өөс Чандмань сумын Эрүүл мэндийн төвд хандиваар өгсөн түргэн тусламжийн авто машины ашиглалтын үр дүнгийн талаар асуулаа.

-Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Чандмань сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулахын зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүс нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгоор тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран түргэн тусламжийн шинэ авто машин хандивласан. Энэ автомашинаар сумынхаа нутаг дэвсгэрт хамгийн хол нь 130 орчим км дуудлагад явж, мөн аймгийн төв рүү 240 км явж өвчтөнг нэгдсэн эмнэлэгт хүргэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 380 гаруй дуудлагад явж, түргэн тусламжийн үйлчилгээ хүргэжээ. Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдөр тутамдаа ашиглагдаж байна.

Эрүүл мэндийн клубынхны идэвхтэй оролцоо

Хүүхдийг Ивээх Сангийнхан болон “Денан” төслийнхөн эрүүл мэндийн клубын сурагчидтай уулзлаа. “Денан төсөл”-өөр ерөнхий боловсролын сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Төслөөс эрүүл мэндийн клубын үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмж өгсөн байна. Чандмань сумын ЕБС-ийн их эмч Б.Буманнанжид төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагынханд эрүүл мэндийн “Энхийн үйлстэн” клубийнхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус клуб 9-12-р ангийн 25 хүүхэдтэй, ахлагчаар нь 11А ангийн сурагч Э.Энхмөнх ажилладаг байна. Клубынхан өнгөрсөн хугацаанд “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй”, “Халдварт өвчин ба гар угаах ач тус”, “Амилуулах суурь тусламж”, “Товлолт вакцины талаарх үнэн зөв баримт мэдээлэл” зэрэг сургалтууд зохион байгуулжээ. Түүнчлэн ханиад томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ангиудад гарын авлага тараах, мэдээлэл өгч, байрны сурагчдад сургалт хийсэн байна. Мөн байрны хүүхдүүдийн хоолойг зайлуулах уусмал бэлтгэх аргыг жижүүр болон байрны багш нарт зааж өгчээ. Сумын эрүүл мэндийн төвийн шүдний эмчтэй хамтран амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдүүдийг бүрэн хамруулсан байна. Б.Буманнанжид “Клубын хүүхдүүдийнх ихэнх нь эмч мэргэжлээр сурах сонирхолтой. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хоёр сурагч эмчээр суралцаж байгаа” хэмээн танилцууллаа. 

Б.Эрдэнэ-Очир: Эрүүл мэндийн төсөл үр дүнтэй байгаа

Төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч багийнхан Чандмань сумын удирдлагатай уулзаж, төслийн үр дүн, үйл ажиллагааныхаа талаар ярилцсан юм. Энэ үеэр тус сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очироос дараах тодруулгыг авлаа.

Эрүүл мэндийн төслийн үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ?

Манай суманд хэрэгжиж байгаа эрүүл мэндийн төсөл үр дүнтэй байгаа. Говь-Алтай аймгийн 18 сумаас Чандмань сум маань иж бүрэн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн эмч, сувилагчтай, шүдний кабинеттэй сумын нэг. Тиймээс зэргэлдээх сумууд болон аймгийн төвөөс хамтарч ажиллах санал тавьдаг. Өнөөдрийн байдлаар хүүхэд, насанд хүрэгчдийн 80 гаруй хувийг шүдний өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Манай сум Улаанбаатар хотоос 1000, аймгийн төвөөсөө 204 км алслагдсан. Тиймээс иргэд зардал мөнгө, цаг хугацаагаа хэмнээд 10-60 км газраас ирж, мөн сумын төвийнхөн эмчилгээнд бүрэн хамрагдах боломж бүрдсэн. Цаашид сум орон нутгийн зүгээс төслийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно.

Төслийн зүгээс түргэн тусламжийн автомашиныг Нутгийн зөвлөлтэй хамтран өгсөн байгаа. Зориулалтын автомашины хүрэлцээ хангамж хэр байдаг вэ?

Төслийн хамт олонд баярлаж явдаг. Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Алслагдсан хөдөө орон нутагт зориулалтын тоноглогдсон дуудлагын автомашин маш хэрэгцээтэй байдаг.  Ингэснээр түргэн тусламжийн үйлчилгээг ард иргэдэд цаг алдалгүй хүргэж чадаж байна.

Цаашид эрүүл мэндийн чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай сумын иргэдийн хувьд эрүүл мэндийн суурь чиглэлүүд байгаа. Үүний нэг амны хөндийн эрүүл мэнд. Мөн эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ болон ундны усны асуудал бий. Чандмань сумын хувьд хатуулаг ихтэй ус хэрэглэдэг учраас хавдрын өвчлөл өндөр. Малчид өнөөдөр 30-40 км зайтай газраас ундны усаа зөөж байна. Тиймээс ундны усаа стандартад нийцүүлэх талаар нэлээд анхаарч ажиллаж байна. Суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд багийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх зориулалттай жижиг оврын хоёр автомашин өгсөн байгаа.

“Денан” төслийн загвараар шүдний кабинет байгуулна

Багийнхан Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Я.Жаргалцэцэг нартай Алтай хотод уулзаж, тус аймагт 2023 оноос хэрэгжиж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь”, 2022 оноос хэрэгжиж буй эрүүл мэндийн төслийн үр дүн, мөн зуд, шороон шуурганд өртсөн иргэдэд туслах хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлсэн талаар ярилцсан юм. Г.Чинбат “2024-2028 оны Засаг даргын мөрийн хөтөлбөрийг “Хүний хөгжлөөр улсдаа манлайлна” гэсэн уриатай баталсан. Энэ дөрвөн жилд эрүүл мэнд, боловсрол, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, иргэдийн орлого олох боломж бүрдүүлэх чиглэлүүдээр ажиллах юм. Говь-Алтай аймгийн хэмжээнд 11 сум шүдний кабинеттай болсон. Үүний нэг та бүхний байгуулсан шүдний кабинет байгаа. Энэ кабинет маш сайн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Бид олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллахыг зорьдог” гэлээ. Тус аймаг НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр гурван суманд “Денан” төслийн загвараар шүдний кабинет байгуулахаар төлөвлөж байгаа аж. “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн Монголд хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн төслийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа аймгийн удирдлагуудад танилцуулав.

Завхан аймгийн Улиастай хот, Түдэвтэй суманд хийсэн ажлын аяллын талаарх сурвалжлагыг удахгүй хүргэх болно.