Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монголд зочилж байна

-Тус багийнхан хүүхдүүдийн сурах, амьдрах орчинг тойрсон бэрхшээлүүдийн мэдээлэл цуглуулж, судалгаа хийх юм-

Хүүхдийг Ивээх Сан, Жайка олон улсын байгууллагатай хамтран Япон улсын Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын багийг Монгол Улсад урьж, танилцах айлчлал зохион байгуулж байна. Тус багийнхан 2025 оны 9 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсад айлчилж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, боловсролын чиглэлээр үйл ажиллага явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Фүкүй их сургуулийн Хүндэт профессор Тэраока Хидэо, Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн судалгааны төвийн профессор Томода Акэми, Олон улс болон Нийгэм судлалын сургуулийн дэд профессор Авахара Томоко болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой Азийн хөгжил” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Накамура Юки, ЖАЙКА Хокурику дахь салбарын Олон улсын хамтын ажиллагааны зохицуулагч Кимизү Цутаёо нараас бүрдсэн багийнхан энэхүү аяллаар хүүхдийн сурах, амьдрах орчинг тойрсон бэрхшээлүүдийн талаар мэдээлэл цуглуулах, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Жайка байгууллагын хөтөлбөрт оролцогчид, хамтрагчдад хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчилах зорилготой юм.

Эрдэмтэн судлаачдын баг 2025 оны 9 дүгээр сарын 16-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын байранд тус байгууллагын удирдлага, төлөөллүүдтэй уулзав.  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан “Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би 2016 оноос хойш Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Жайка олон улсын байгууллагын олон төсөл, хөтөлбөрийг удирдан ажиллаж байлаа. Явуулж буй ажлууд чухал үр дүнтэй байдагт талархдаг. Ялангуяа 1000 инженер бэлтгэх төсөл үр дүнтэй байсан” хэмээн яриандаа онцоллоо. Уулзалтаар хүүхдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, хүчирхийллийг танин мэдэх, бууруулах, шийдвэрлэх арга зам, гэр бүлийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хүрээлэн буй орчны нөлөөллийн талаар санал бодлоо солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.

Үүний дараа Хүүхдийг Ивээн Санд зочилж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцсан юм. “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2018-2022 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төсөл нь орон нутаг дахь анхан шатны нэгж болох хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой байсан юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Фукуй их сургууль болон Жайкагийн хамтарсан баг манай улсад хүүхдийн сурах, амьдрах орчинг тойрсон бэрхшээлүүдийн талаар мэдээлэл цуглуулах, нөхцөл байдалтай танилцаж, судлахын зэрэгцээ, Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байна. Өнгөрсөн жил миний бие Япон улсад доктор А.Томодагийн лекцэд сууж, танилцах завшаан олдон, Монгол Улсад урьсан маань ажил хэрэг болж буйд баяртай байна” гэлээ.

Мөн өдрийн үдээс хойш багийнхан нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд зочилж, сургалтын явцтай танилцаж, багш, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөлтэй ууулзав. Тус сургууль 500 гаруй сурагчтай, 145 багш, ажилтантай. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг бусад сургууль 9 жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой аж. Тус сургууль 9-12 дугаар ангийн сурагчдаа мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамруулж, амьдрах ухаанд бэлтгэдэг байна. Сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэг үйл ажиллгаагаа танилцуулав. Доктор А.Томода багш, ажилтнууд болон эцэг эхийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ “Тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад тархи нь гаднаас аливаа зүйлийг хүлээж авахдаа хурдан байдаг. Тиймээс орчин сайн байвал илүү хөгжинө, сургуульдаа дуртай байна. Орчин нөхцөл хандлага маш чухал. сжргуульдаа дуртай байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд бие даасан эсэхийг SOS буюу надад туслаач гэж илэрхийлж, хэлж чаддаг болсноор үзэдэг. Үүнд хүүхдүүдээ бэлдээсэй гэж бодож байна” хэмээн ярилаа. Тэрээр мөн төгөлдөр хуураар урам зориг өгөх аялгуу тоглож үзүүлэв.

Тус багийнхан 9 дүгээр сарын 17-18-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, нийслэлийн 71 дүгээр сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны үйл ажиллагаатай танилцах зэрэг хөтөлбөрүүдтэй юм.

Түүнчлэн багийн ахлагч Доктор А.Томода 2025 оны 9 дүгээр сарын 19-нд Монгол-Японы төвд “Хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх нь: Хүүхдийн тархи болон сэтгэцийн хөгжилд хүчирхийлэл, зүй бус хандлага хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр лекц уншина. Түүний хувьд хүүхдийн хүчирхийлэл болон түүний тархины хөгжилд үзүүлэх үр нөлөө чиглэлээр судалгаа хийдэг Япон улсын алдартай эрдэмтэн юм бөгөөд Фүкүй их сургуулийн Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн судалгааны төвийн Хөгжлийг дэмжих судалгааны тэнхимийн профессорын ажил эрхэлдэг.

Эрдэмтэн, судлаачдын Монголд зочилж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах болон хүүхдийн сурах, амьдрах орчинг тойрсон бэрхшээлүүдийн мэдээлэл цуглуулж, судалгаа хийсэн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.