Доктор А.Томода хүүхдийн тархи болон сэтгэцийн хөгжилд хүчирхийлэл, зүй бус хандлага хэрхэн нөлөөлдөг талаар семинар явууллаа
Хүүхдийг Ивээх Сан, Жайка олон улсын байгууллагатай хамтран Япон улсын Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын багийг 2025 оны 9 дүгээр сарын 16-20-нд Монгол Улсад урьж, танилцах айлчлал зохион байгуулсан билээ. Энэхүү баг Фүкүй их сургуулийн Хүндэт профессор Тэраока Хидэо, Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн судалгааны төвийн профессор Томода Акэми, Олон улс болон Нийгэм судлалын сургуулийн дэд профессор Авахара Томоко болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой Азийн хөгжил” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Накамура Юки, ЖАЙКА Хокурику дахь салбарын Олон улсын хамтын ажиллагааны зохицуулагч Кимизү Цутаёо нараас бүрджээ. Эдгээр эрдэмтэн судлаачдын баг Хүүхдийг Ивээх Сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн 55, 71 дүгээр сургуульд зочилж, багш, ажилтнууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Багийн ахлагч доктор А.Томода 2025 оны 9 дүгээр сарын 19-нд Монгол-Японы төвд “Хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх нь: Хүүхдийн тархи болон сэтгэцийн хөгжилд хүчирхийлэл, зүй бус хандлага хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр семинар хийлээ.
Семинарыг нээж, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үг хэллээ. Тэрээр “Хүүхдийг Ивээх Сан, Жайка олон улсын байгууллагатай хамтран Япон улсын Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачдын багийг Монголд урьсан. Энэ багийнхан манай улсад хүүхдийн сурах, амьдрах орчинг тойрсон бэрхшээлүүдийн талаар мэдээлэл цуглуулан, нөхцөл байдалтай танилцаж, судлагаа хийж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр доктор А.Томода семинар хийх юм. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье” хэмээн хэллээ.
.
А.Томода нь хүүхдийн хүчирхийлэл болон түүний тархины хөгжилд үзүүлэх үр нөлөө чиглэлээр судалгаа хийдэг Япон улсын алдартай эрдэмтэн бөгөөд Фүкүй их сургуулийн Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн судалгааны төвийн Хөгжлийг дэмжих судалгааны тэнхимийн профессорын ажил эрхэлдэг. “Хүүхэдтэй зүй бус харилцана” гэдэг нь хүүхэд болон томчуудын хоорондох харилцааны явцад хүчирхийлэл гэж шууд утгаараа ангилагдахгүй ч хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй харилцаа, хандлагын хэлбэрүүд тул татгалзах, зайлсхийх шаардлагатай сөрөг үг хэллэг, үйлдлүүдийг илэрхийлдэг ойлголт юм. Тус семинараар доктор А.Томода тус ойлголтыг тодорхойлон тайлбарлаж, Япон улсын олон жилийн жишээн дээр үндэслэн зүй бус харилцаа хандлага нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг болохыг танилцуулав. Түүнчлэн томчууд, насанд хүрэгчид ирээдүйг бүтээх хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв харилцах, ойлголцох, хүчирхийллээс ангид нийгмийг хамтдаа хэрхэн бий болгох талаар ярив.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар “Семинарт оролцох боломж олгосон Хүүхдийг Ивээх Санд баярлалаа. Нийгмийн хөгжил дагасан хүүхдүүдэд гарч байгаа сэтгэцийн онцлогийг харуулсан, олон жилийн бодит судалгааны үр дүнд тулгуурласан семинарт оролцсондоо олзуурхаж байна. Үүн дотроос онцлоход өнөөдөр Монголд хүчирхийллийг тоон үзүүлэлтээр их ярьдаг. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлснийг бүрэн нээж, илрүүлж чаддаггүй юм байна. Үүнийг тест, эсвэл тоглоомын арга гэх мэтийн олон ажиглалтаар илрүүлж, цаашид сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөхийг олж харах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа” гэж сэтгэгдлээ хуваалцав. Мөн нийслэлийн Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн Нийгмийн ажилтан Ц.Баасансүрэн “Өнөөдрийн семинараас онцлох зүйл гэвэл ээнэгшилийн эмгэг гэдэг зүйлийг ойлгож авлаа. Харьцуулаад үзэхэд ялгагдахгүй олон эмгэгүүд дотроос ээнэгшилийн эмгэгийг тухайн хүүхдийн сэтгэл зүй, хөгжил гэх мэтийн ажиглалтуудаар илрүүлж, богино хугацаанд эдгээх боломжтой юм байна. Семинар дээр жишээнүүдээ тархи судлал дээр үндэслэж тайлбарлаж байгаа нь бодитой санагдсан” хэмээн ярилаа.
Уш семинарт нийслэл болон орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал зэрэг салбарын 100 гаруй хүн оролцов. Оролцогчид семинарын төгсгөлд доктор А.Томодагаас сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Доктор А.Томодагаас Монголд ажилласан сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Улаанбаатар хотод байх хугацаандаа олон байгууллагатай танилцаж, хүмүүстэй уулзсан. Бид ижил төстэй талуудтай ард түмэн учраас ойлголцоход хялбар, дотно санагдлаа. Хүмүүс бидэнтэй маш эелдэг найрсаг харилцан ярилцаж, мэдээллээ солилцлоо. Манай багийнхан энгийн болон тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуулиудтай танилцсан. Багш, ажилтнуудтай уулзаж, хүүхдүүдийн урлаг соёлын тоглолт үзэж сонирхлоо. Үүн дотроос тусгай сургуулийн хүүхдүүдээс гэрэл гэгээ мэдрэгдэж байлаа. Үнэхээр хайран дунд, сайхан орчин нөхцөл дунд өсөж байгаа болов уу гэж дүгнэж байна. Харин Улаанбаатар хотод ирээд автомашины түгжрэлийг хараад их цочирдсон шүү. Япон улс газар нутаг багатай, олон тооны автомашинтай учраас бага зэргийн түгжрэл үүсдэг. Улаанбаатар хотынх бол миний төсөөллөөс давсан байлаа. Монгол хоол их таалагдлаа” хэмээн ярилаа.