Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын багш, зөвлөхүүд Өвөрхангай аймагт шинээр бэлтгэгдлээ
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг Хүүхдийг Ивээх Сангаас 2020-2025 онд Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар, Ховд, Өвөрхангай аймгуудад амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хүүхдийн Ивээх Сангийн зүгээс төслийн аргазүйг нутагшуулах ажлын хүрээнд зорилтот аймгууд орон нутгийнхаа онцлогт тохируулан төслийг түгээх, нутагшуулахыг аймгийн удирдлагуудад санал болгож, аймаг бүр тогтвортой байдлын сатратеги, төлөвлөгөө боловсруулж зураглалаа гаргасан юм. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн удирдлагууд төслийн тогтвортой байдлыг хангах ажлыг Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж эхлээд байна. Орон нутгийн санхүүжилтээр “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт” буюу ESEL хөтөлбөрийн багш, зөвлөхүүдийг шинээр бэлтгэх сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулж, ерөнхий боловсролын сургууль болон Насан туршийн нэгжийн 53 багш хамрагдлаа.
Шинээр бэлтгэгдсэн зөвлөх багш нар болон төслийн хүрээнд бэлтгэгдсэн 169 багш нар хамтран сум, орон нутагтаа энтрепренер үрийг тарих бэлтгэлээ хангаад байна. Багш, зөвлөх бэлтгэх сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн ESEL хөтөлбөрийн Мастер сургагч багш нар чиглүүлсэн бөгөөд Аймгийн Нийгмийн Бодлогын хэлтэс, Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв, ХИС-гийн Өвөрхангай аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа. Амжилттай суралцаж төгссөн багш нарт Аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төв болон Хүүхдийг Ивээх Сангийн хамтарсан гэрчилгээг гардуулан өглөө.
ESEL хөтөлбөрийн сураггч багш нар цаашид орон нутагтаа Мэргэжлийн хөгжлийн бүлгээр дамжуулан хамтдаа хөгжиж, туршлагаа солилцож ажиллах юм.
Бэлтгэгдсэн багш, зөвлөхүүд 2025-2026 оны хичээлийн жилд ESEL хөтөлбөрүүдийн ангиудаа нээж хичээллүүлэх ба төгссөн сурагчид, сумын залуусын дунд Бичил төслийн уралдаан зарлахаар төлөвлөн ажиллаж байна