Хандивын түргэн тусламжийн автомашинаар цасан шуурганд төөрсөн малчдын амь насыг аварчээ
Монголын малчид дөрвөн улиралд байнга нүүдэллэж амьдардаг учраас цаг агаарын гэнэтийн эрсдэлд өртөх эрсдэл ихтэй байдаг. 2023 оны 11 дүгээр сард Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилт, тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран Чандмань сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн шинэ автомашин хандивласнаас ердөө хоёрхон хоногийн дараа уг автомашин ямар их хэрэгцээ шаардлагатай байсныг харуулсан байна. Энэ бол цасанд шуурганд төөрсөн малчдын амь насыг аварсан явдал байлаа.
2023 оны 11 дүгээр сар 03-ны өдөр. Говь-Алтай аймгийн Чандмань сумын малчин М.Энхзаяа эхнэр Ү.Даваахүүгийн хамт намаржаанаас өвөлжөө рүүгээ нүүж байлаа. Нөхөр нь мотоциклоо унаж, харин эхнэр нь малаа тууж явсан аж. Малчин М.Энхзаяагийн намаржаанаас өвөлжөө хүртэл 40 орчим км зайтай. Харин өвөлжөө нь сумын төвөөс 50 км зайтай байдаг. Тэр өдрийн өглөө тэнгэр цэлмэг байсан ч нүүдэл хийх үеэр гэнэт цасаар шуурч, газрын баримжаа алдан, төөрч 2-3 цаг өнгөрчээ. Ингээд сумын төв рүү дуудлага өгөөд жалга нөмөрдөн суужээ. Сумын эмнэлэгт малд явсан хоёр иргэн цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, төөрсөн гэсэн дуудлага 20.30 цагт ирж, 20.40 цагт түргэний автомашинаар эмч, жолооч, нутгийн хоёр иргэний хамт явжээ. Хамт явсан хоёр малчны нэг болох Д.Бирваа тус өдөр сумын төвд хувийн ажилтай явж байсан бөгөөд газар нутгийн баримжаа сайн мэдэх хүний нэг байв. Тиймээс богино хугацаанд төөрсөн газарт баримжаалан очиж, эрлээ эхэлжээ. Энэ үед малчид түргэний автомашины дээд талд байрлах маяк гэрлийг харж, нөхөр М.Энхзаяа тамхины асуугуур асааж байрлалаа заасан байна. Эмнэлэг, цагдаа зэрэг онцгой байдлын автомашинд суурилуулсан энэхүү зориулалтын дуут гэрэл нь анивчин асаж, холоос харагдсан байна. Ингээд 30-40 минутын хугацаанд олсон байна. Малчин М.Энхзаяагийн зүүн гарын дөрвөн хуруу цасанд хайрагдснаас өөр хөлдөлт, бэртэлтгүй байжээ. Энэ өдрөөс ердөө хоёр хоногийн өмнө Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилт, тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран түргэн тусламжийн шинэ автомашины Чандмань сумын эрүүл мэндийн төвд хандивласан байлаа. Энэхүү автомашин нь алслагдсан бүс нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилготой байв.

Түргэн тусламжийн автомашиныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдөр тутам ашиглаж, өнгөрсөн хугацаанд 33,450 км зам туулж, нийт 455 иргэнд түргэн тусламжийн дуудлагаар үйлчилсэн байна.
Малчин Ү.Даваахүү “Тэр өдөр манайх намаржаанаас өвөлжөө рүүгээ нүүж байлаа. Гэнэт цасаар шуурч, ойр хавьд үзэгдэх зүйлгүй болсон. Бид хоёр амжиж, сум руу дуудлага өгөөд нөмөр газар олж суусан. Нойтон цасанд хамаг хувцас норж, царцаад даарч эхэлсэн. Би харьцангуй зузаан хувцастай, харин манай нөхөр арай нимгэн хувцастай байсан. Бидний аз болоход газар нутаг сайн мэдэх малчин хамт ирээд, энд байх ёстой гэж баримжаалсан байна билээ. Хэрвээ дахиад 10-20 минут өнгөрсөн бол амь насаа ч алдах эрсдэлтэй байлаа. Бидний амь насыг аварсанд үргэлж баярлаж явдаг. Дуудлагын зориулалтын автомашин үнэхээр хэрэгтэй юм билээ. Гэрэл нь шуурганд анивчиж харагддаг. Манайх гурван хүүхэдтэй малчин айл” хэмээн ярилаа.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Хандивын түргэн тусламжийн автомашинаар олон мянган км зам туулж, олон хүний амь нас аварч байгаа нь Хүүхдийг Ивээх Сан болон Денан төслийн хамтын ажиллагааны үр дүн юм. Чандмань сумын эмч, эмнэлгийн ажилтнууд түргэн тусламжийн автомашинаараа байгаль цаг агаарын хүнд нөхцөлд хүмүүсийн амь насыг аварсан нь олон тохиолдлын зөвхөн нэг нь юм. Цаашид ч олон хүний амь насыг аварч, эмнэлгийн түргэн тусламжийг шуурхай хүргэж чадна гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хандивын түргэн тусламжийн автомашины гэрчилгээг Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэд өгч байгаа нь.
Нэмэлт тоон баримт: Хүүхдийг Ивээх Сан болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн шинэ авто машин хандивлаж, 2023 оны 11 дүгээр сарын 1-нд хүлээлгэн өгсөн. Эрүүл мэндийн төв УАЗ фургон маркийн автомашиныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдөр тутам ашиглаж, өнгөрсөн хугацаанд 33,450 км зам туулж, нийт 455 иргэнд түргэн тусламжийн дуудлагаар үйлчилсэн байна. 2023 он нийт 31 дуудлага хүлээж авсанаас 9 нь алсын дуудлага байв. Үүнд: хүүхэд -1, гэмтэл -3, жирэмсэн эмэгтэй-1, бусад 4 нь насанд хүрэгчдийн өвчлөлийн дуудлага байв. Харин 22 ойрын дуудлага байсны 9 нь хүүхэд, 13 нь насанд хүрэгчид байжээ.
Харин 2024 он нийт 262 дуудлага хүлээж авснаас 82 алсын дуудлага байв. Үүнд: 19 хүүхэд, 14 осол гэмтэл, 2 жирэмсэнийн эмгэг, 42 нь насанд хүрэгчдийн өвчлөл байв. Ойрын 170 дуудлага байснаас 65 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх, 10 нь осол гэмтэл, 98 нь насанд хүрэгчдийн өвчлөл байсан байна. 2025 оны 9 дүгээр сар байдлаар нийт 162 дуудлага хүлээж асвнаас 52 нь алсын дуудлага байв. Үүнд:20 нь хүүхэд, 3 нь жирэмсэний шалтгаант дуудлага, 11 нь осол гэмтэл, 22 нь насанд хүрэгчдийн өвчлөл байва. Мөн 11 ойрны дуулага ирснээс 36 нь хүүхэд, 2 нь жирэмсэний шалтгаант эмгэг, 11 нь осол гэмтэл, 57 нь насанд хүрэгчдийн өвчлөл байв.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв