Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйн мэдлэг чадвараа дээшлүүллээ
Хүүхдийг Ивээх Сангийн “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийн дэмжих” төслийн хүрээнд “Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх нь” модуль сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 29-30, 10 дугаар сарын 1-ний өдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд тус тус зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн зорилтот өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн 50 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.
Сургалтын эхний хоёр өдөр дээрх төсөлд 2025 онд хамрагдсан шинэ зорилтот өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бол гурав дахь өдөр 2024 оны зорилтот өрхийн эмнэлэг, цэцэрлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, дүүрэг хариуцсан зохицуулагч нар хамрагдаж, хүүхдийн хөгжлийн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх, эрт оношлох, тэдэнд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх талаар мэдлэг, чадвараа дээшлүүллээ. Төслийн үйл ажиллагааны хүрээнд өмнөх жилд боловсруулсан гарын авлагаа 2025 онд шинэчилж гаргасан юм. Уг гарын авлагад багтсан нэмэлт агуулгыг багтаасан дадлага, хэлэлцүүлэг, багийн ажлыг хослуулсан хэлбэрээр сургалтаа зохион байгууллаа. Өрхийн эмч, цэцэрлэгийн эмч нар хамтдаа нэг сургалтад хамрагдсанаар хоорондын ажлын уялдаа холбоо сайжрах давуу талтай бөгөөд хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт үед нь цэцэрлэг болон өрхийн эмнэлгийн орчинд олж илрүүлж, цаашдын эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад дөхөм болох болно.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13-р хорооны “Мэнд-Арвижих” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Батболд “Миний хувьд эмчээр ажиллаад таван сар болж байна. Сургалтаар гарын авлага дээр суурилж, онолын мэдлэг сайн олголоо. Дадлага ажлууд нь үр дүнтэй байсан” хэмээн ярив. Мөн Баянхонгор аймгийн “Оточ манал” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч С.Адьяа “Анх удаа энэ чиглэлийн сургалтад хамрагдлаа. Онол, дадлага хослуулсан учраас илүү ойлгомжтой байлаа. Манайх 11 мянган хүнд үйлчилдэг учраас энэ төрлийн сургалт хэрэгцээтэй байдаг” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох зорилготой юм.