Хүүхэд бүрийг хамгаалах сэтгэл
Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль 3700 гаруй сурагчтай. Нийт 180 гаруй багш, ажилтантай. Тус сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл амжилттай хэрэгжиж байна. Аливаа төсөл амжилттай хэрэгжиж, үр дүн гарахад багийн гишүүн бүрийн үүрэг оролцоо, идэвх санаачилга нэн чухал. Тиймээс энэ удаа ажлын хэсгийн 11 гишүүний нэг, нийгмийн ажилтан М.Анхцэцэгийн амжилтын түүхийг хүргэж байна.
Төслийн сургалтууд үр дүнгээ өгч байгаа
Намайг М.Анхцэцэг гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд нийгмийн ажилтнаар ирэхэд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл эхлээд хоёр сар өнгөрч байлаа. Миний хувьд анх удаа сургуулийн нийгмийн ажилтан болж байсан үе. Ажлаа эхлэхэд төслийн чиглүүлэх сургалтууд мэргэжлийн хувьд маш том нөлөө үзүүлсэн юм. Мэргэжлийн хүний хувьд төслөө сайн ойлгож, хурдан хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ямар зорилгоо аль бүлэг рүү чиглүүлэх вэ гэдэгт нэлээд том хөшүүрэг болсон. Эцэг эхчүүдтэй, хүүхдүүд, багш, ажилтнуудтай хэрхэн ажиллах талаар тулгуур суурьтай болсон юм. Төслийн давуу талууд олон. Дүүргийн нийгмийн ажилтнууд зөвлөгөө авах хүсэлт гаргадаг. Энэ бол нэг жишээ юм. Ажилд орсны маргааш нь сургагч багш болохоор хүүхэд хамгааллын сургалтад суусан. Нэг талаас нийгмийн ажилтан хүн юу анхаарах ёстой, хүүхэд хамгааллыг хаанаас эхлэх вэ гэсэн мэргэжлийг маань сэргээн сануулж, нөгөө талаас давуу талууд бий болгож байлаа. Ингээд сургагч багш болж, сургалтаа явуулахад багш, ажилтнууд маш идэвхтэй хамрагдсан. Ялангуяа анги удирдсан багш нар их идэвхтэй. Хүүхэд хамгааллын багийн гишүүд зөвлөгөө, мэдээлэл авахаар ирнэ. Багш нараас гадна ажилтнууд сургалтад хамрагдаад сургуулийн орчин нөхцөлд хэрхэн анхаарах ёстойгоо сайн мэдэж авсан. Эцэг эхчүүд нэг удаагийн хурал уулзалт зарлахад оролцоо нэлээд бага байсан. Бид төслийн хүрээнд сургуулийн эцэг эхийн зөвлөлтэй ажиллах гарын авлагатай болсон. Үүнийхээ дагуу сургууль дээр эцэг эхийн гурван дэд зөвлөл байгуулж, үүнээс салбарласан зөвлөлүүд байгуулж, түүгээр дамжуулан бүх эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэн, оролцоог нь нэмэгдүүлсэн. Миний хувьд зөвлөлтэй хамтран ажиллаж, 800 гаруй эцэг эхэд сургалтаа хүргэсэн. Мөн эцэг эхийн зөвлөл өөрсдөө хариуцаж, багш, ажилтнууд, сурагчид, эцэг эхчүүд гэсэн гурван талт сургалтууд явуулсан. Сургуулийн төслийн ажлын хэсэг 11 гишүүнтэй. Дунд, ахлах, бага ангийн багш нар, сургалтын менежер захирал, нийгмийн ажилтан гэсэн төлөөллүүд бий.

Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн нийгмийн ажилтан М.Анхцэцэг
Хүүхэд хамгааллын мэдээллийн хэлхээ мэддэг боллоо
Манай сургуульд хүүхэд хамгааллын мэдээллийн хэлхээ ажилладаг. Хүүхэд хамгааллын багийн гишүүд болон мэдээллийн хэлхээнийхээ батлагдсан гишүүдийн утасны дугаарыг бүх ангиудад байршуулсан. Ингэснээр сургуулийн орчинд гарсан хүүхдийн гомдол, санал, хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээллийг санал хүсэлтийн хайрцгаар, биечлэн уулзаж, цахим хэлбэрээр, утсаар гэсэн арга замуудаар авч бүртгэж хариу арга хэмжээ авч ажиллаж чаддаг болсон. Бас 108 тоотод мэдээлээрэй гэсэн санамж ч бий. Хүүхэд хамгааллын багт сургуулийн захирал, сургалтын менежер, эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, дунд, ахлах, бага ангийн багш нарын төлөөлөл байдаг. Мэдээллийн хэлхээгээ бүх эцэг эх, хүүхдүүдэд анги танхимаар, цахим хэлбэрээр гэх мэт олон аргаар хүргэж, танилцуулсан. Мэдээлэл ч сайн ирж байгаа. Хүүхэд хамгааллын багийн гишүүдэд биечлэн хандахаас илүү мэдээллийн хэлхээ дээрх утасны дугаараар мессеж хэлбэрээр гомдол санал, зөрчлийн мэдээллээ илүү ирүүлдэг. Сургуулийн орчинд ирүүлсэн хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийн мэдээллийн дийлэнх хувь нь багш сурагчдын харилцаа, үе тэнгийн дээрэлхэл, багш эцэг эхийн үл ойлголцлын шинжтэй байдаг. Анги удирдсан багш хүүхдүүдэд хэрхэн хандах талаар зөвлөгөө хүссэн, эсвэл манай ангид сургалт явуулж өгөөч гэсэн мессеж ч ирнэ. Би ажилдаа ороод хүүхдийн оролцооны долоон төрлийн сайн дурын байгууллага байгуулсан. Эдгээр хүүхдүүд 7 төрлийн оролцооны байгууллагуудаа чиглүүлээд сургуулийн орчин дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэн хүүхдүүдийг идэвхжүүлэн хүүхдээс хүүхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Төслийн шугамаар Хүүхдийн эрхийн зөрчил гарвал хэнд, хаана, хэрхэн хандах вэ? сэдвээр үе тэнгийн 40 сургагч багш бэлдсэн. “Би найзаа дэмжинэ” сургалтын хүүхдүүд нэмэгдээд манай сургууль 165 орчим үе тэнгийн сургагч багштай боллоо. Хүүхэд хүүхдэдээ мэдээллээ хүргэж, өөрийнхөө, үзэл бодол, дуу хоолойг сонсох нь маш чухал. Бид хүүхдийн оролцоог хангаж дуу хоолойг сонсоод өнгөрөх нь чухал биш хүүхдүүдийн гаргаж ирсэн санал санаачилгыг бодит ажил болгон хамтран шийдвэрлэх нь жинхэнэ бодит оролцоо тул төслийн хүрээнд хүүхдүүдээрээ төсөл бичиж, хамтран амжилттай хэрэгжүүлсэн байгаа.

Зүүн гар талаас: Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн ажилтан Г.Цолмон, Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн нийгмийн ажилтан М.Анхцэцэг
Сурагчдын санаачилгыг эцэг эхчүүд дэмжиж, төсөл хэрэгжүүлсэн
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд 2 дугаар сургуулийн эцэг, эхчүүд хоёр төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг бол “Охидын өрөө” төсөл. Биеийн тамирын хичээлд орохын өмнө охидын хувцсаа сольдог өрөөний орчин нөхцөл муу байна гэсэн 400 гаруй санал хүсэлт сургуульд ирсэн. Тиймээс 2025 оны 6 дугаар сард эцэг эхчүүд ярилцаж, зөвлөлдөөд тус асуудлыг шийдвэрлэх төсөл бичиж, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс санхүүжилт авч эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, биеийн тамирын багш нартай хамтран, охидын өрөөг тохижуулсан. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд болон биен тамирын багш нар хамтран анх удаа охидын эрх ашгийг хамгаалсан бодит төсөл болсон гэдэгтэй санал нийлж хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Өрөөнд нь анхан шатны тусламжийн хайрцаг, охидын ариун цэврийн хэрэгслийн хайрцаг байршуулж өгсөн. Сандал байршуулж, доор нь гутлын тавиур хийсэн байгаа.
“Баярлалаа багш аа” гэдэг үгийг сонсох урамтай, сайхан
Би нэг жишээ дурдмаар байна. Архины хамааралтай, өрх толгойлсон эмэгтэй байсан. Үүнийг засаж, залруулахгүй бол хүүхэд хамгааллын эрх ашиг хөндөгдөх гээд. Хүүхдээ бодоод хамгаалах байранд өгчихөөр ээжийнх нь эрх ашиг хөндөгдөнө. Тиймээс ээжтэй нь ярилцаад, багшаараа дамжуулж, эмчлүүлэх гэсэн чинь нийгмийн даатгал нь төлөгдөөгүй хүндрэл тулгарсан. Тухайн үед төсөвгүй байлаа. Менежер, хүүхэд хамгааллын багаараа ярилцаад нийгмийн даатгалыг нь хувааж төлөөд эмнэлэгт хэвтүүлж, гурван удаа давтан эмчилгээнд хамруулан , хүүхэд гэр бүлтэй сургуулийн хүүхэд хамгааллын багаараа ажилласан. Одоо тэр ээж архинаас бүрэн гарч, нөхөртэйгөө эвлэрч, хүүхэд нь хичээлдээ дуртай явдаг болсон. Гурвуулаа хамтдаа ирээд “Багш аа баярлалаа.Та тэр үед миний хүүхдийг хамгаалах байр эсвэл өөр газарт өгсөн бол бид өдийд ингээд сайн амьдарч чадахгүй байсан шүү” хэмээн ярьж байлаа. Ийм үг сонсох үнэхээр гоё. Өөр нэг жишээ байна. Аав, ээж нь салаад хүнтэй суугаад явчихсан, эрх нь зөрчигдсөн дөрвөн хүүхэд байлаа. Том ах нь хичээлийн бус цагаар ажил хийж, гурван дүүгээ асарна. Ингээд хуулийн хүрээнд орчин нөхцөлийг нь сайжруулах дэмжлэг өгч мөн л сургуулийн хүүхэд хамгааллын багаараа кейс нээн ажилласан.Одоо нөгөө хүүхдүүд хэнээс ч хараат бус сайхан амьдарч байна. Том нь оюутан болсон. “Миний гурван дүүг өдөр бүр харж, хандаж байсан багшдаа баярлалаа” гэдэг.