Эцэг эх, асран хамгаалагчид эерэг хүмүүжлийн талаарх зөв мэдлэг, арга зүйгээр хангагдах шаардлагатай

– Хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалт боллоо-

2025 оны 10 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай хотод “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Та бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн чиглүүлэгч болох сургалтад хамрагдаж байна. Хүүхдээ эерэг аргаар өсгөн хүмүүжүүлэх мэдлэг, арга зүйгээр эцэг эхчүүдийг хангах нь хүүхдийн хамгаалалд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолсон юм.

Хүүхдийг Ивээх Сан нь Канад улсын PDEL төрийн бус байгууллагатай хамтран, “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна. 2017 оноос хойш 170 гаруй мэргэжилтнийг чиглүүлэгчээр, 9 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэж, 2000 гаруй эцэг эхийг хөтөлбөрт хамруулаад байна. Энэ удаагийн сургалтаар Говь-Алтай аймгийн 18 сумын боловсрол, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын 46 ажилтныг чиглүүлэгчээр бэлтгэж, сум бүрд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бүрдүүлж байгаагаараа онцлог байлаа. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн мэргэжилтэн, үндэсний сургагч багш Э.Оюунмаа, Г.Цолмон нар удирдан чиглүүлж явуулсан юм.

Э.Оюунмаа “Бид анх удаа нэг аймгийн бүх сумыг хамруулж, хөтөлбөрийг орон нутагт тогтвортой хэрэгжүүлэх суурийг тавьж байна. Мөн сургалтын арга зүйг хүртээмжтэй болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Аймгийн удирдлагууд 2026-2032 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх “Хамтын шийдэл – хамгаалагдсан ирээдүй” хөтөлбөрт энэхүү сургалтыг багтаасан нь чухал алхам боллоо” хэмээн онцоллоо.

Г.Цолмон “Нийт дөрвөн хоногийн турш 46 чиглүүлэгчийг олон улсын аргачлалаар бэлтгэж, тэд сум бүртээ 100 хүртэлх эцэг эхэд сургалт зохион байгуулах боломжтой боллоо. Чиглүүлэгч нар үндэсний сургагч багш нартайгаа байнгын харилцаатай байж, арга барил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж дэмжлэг авах юм. Энэ нь хөтөлбөрийн тогтвортой байдал, чанарт эерэг нөлөө үзүүлнэ” гэж тодотгов.

Сургалтад оролцсон Алтай сумын Насан туршийн боловсролын багш П.Сарантуяа “Эцэг эхийн хувьд ч, чиглүүлэгч багшийн хувьд ч уламжлалт хандлагаа эргэн харж, өөрчлөлт хийх сэдэл авлаа. Материал, гарын авлагууд ойлгомжтой, ашиглахад хялбар байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол 2-р сургуулийн сэтгэл зүйч Ц.Цэрэнням “Сургалтын агуулга ойлгомжтой, дасгал ажлууд сонирхолтой байлаа. Арга зүйн хувьд шинэлэг байсан” гэж онцолсон юм. Тонхил сумын нийгмийн ажилтан Б.Төгөлдөр “Онолыг энгийн үгээр тайлбарлаж, сэргээх дасгал, завсарлага тогтмол хийж байгаад сэтгэл хангалуун байна. Энэ нь хүний эрхийн мэдрэмжтэй сургалт болж чадсан” хэмээн хэллээ.

Сургалтын үр дүнд Говь-Алтай аймгийн бүх сум, аймгийн төвөөс төлөөлөл оролцсон 46 чиглүүлэгч орон нутагтаа эцэг эхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхтай болж байна. Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлснээр тэдний нэр төр, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмжиж, сэтгэл зүйн болон бие махбодын хувьд бүрэн бүтэн, сайн сайхан байдлыг хангах боломж бүрддэг юм.