БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын баг Монголд зочиллоо

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сан (ХИС)-гийн захирал, удирдлагууд 2025 оны 10 дугаар сарын 19-23-нд Монголд зочиллоо. Тус баг нь БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон, Маркетинг хариуцсан захирал Им Жун Ил, Хөрөнгө оруулалт, Санхүүжилт хариуцсан захирал И Сү Кён, Сайн Үйлсийн санхүүжилт хариуцсан захирал Чой Жи Вон болон Олон улсын стратегийн захирал И Чэ Гуан нараас бүрдсэн юм. Тэд  БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн үйл ажиллагаатай танилцах, хэрэгжилтийн явц, ололт амжилтыг үнэлэх, цаашид өргөжүүлэх боломжуудын талаар ХИС-ийн Монгол дахь багтай ярилцав. Түүнчлэн, төлөөглөгчид Монгол улсад амжилттай хэрэгжүүлсэн ойжуулалтын төслүүдийн туршлагаас судлах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар засгийн газрын бодлого, чиглэлийн талаар ойлголт авах, БНСУ-ын ХИС болон Монгол дахь ХИС-ийн хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцох зорилготой байлаа.

Тус айлчлал нь төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 20-нд “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, мод тарьсанаар эхэлсэн юм. Тэд мөн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, Багануур дүүрэг дэхь “Кореан Эйр”-ийн төгөлтэй танилцаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт зочиллоо. Энэ талаарх мэдээлэлийг эндээс уншина уу.

Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, саналаа солилцов

   

Захирал Габриэл Жон Тэ Ёон тэргүүтэй төлөөлөгчид болон ХИС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар 2025 оны 10 дугаар сарын 22-нд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нартай уулзаж, саналаа солилцов. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай байгаль орчны чиглэлээр өөрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, Солонгос улсын төлөөлөгчдийн аяллын зорилгын талаар мэдээлэл өгөв. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон “Хүүхдүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөө болон мод тарихын ач холбогдолыг бага насанд нь ойлгуулбал, насанд хүрсэн хойно ойлгуулснаас илүү үр дүнтэй байдаг. Тиймээс бид Монгол дахь “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг хүүхэд, залуусын оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа” хэмээн тодотгов.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудал, хэрэгжүүлж байгаа ажлууд болон уур амьсгалын өөрчлөлт малчид, малчдын хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьж, “Манай байнгын хороо 30 гишүүнтэй. Энэ хорооны эрхлэх ажлын хүрээнд байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зэрэг ажлууд багтдаг. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймагт бүрд мод тарьж байна. Мөн хүнсний ногоо, жимс ногоо тариалах атлаар нэлээд анхаарч ажиллаж байна” гэж дурдав. Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар төлөөлөгчдийн Монголд хийж буй айчлалд амжилт хүсээд, “Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хүүхдийг Ивээх Сантай хамтран олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Олон улсын байгууллагуудтай орон нутагт хамтран ажиллахын давуу тал нь тодорхой үр дүн гарах төслүүдийг хэрэгжүүлдэг явдал юм. Миний хувьд зөвхөн мод тарих биш орлого олох мод тарих ёстой гэж Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа дөрвөн жилийн өмнө 40 мянган жимсний модны суулгац тариалуулж байсан. Тариалснаас хойш гурван жилийн дараа нэг модноос 15 кг алим хурааж, нэг кг-ыг 12-15 мянган төгрөгөөр борлуулсан байдаг. Цаашид нэг ийм алимны модноос 1,5 сая төгрөгийн орлого олох боломжтой” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцаж, алимны мод тариалсан төслийн талаарх видео бичлэгээ зочдод үзүүлсэн юм.

Шадар сайдын ажлын албаныхан байгаль орчны төслийг дэмжихээ илэрхийлэв

   

Айчлалын баг болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын албаныхантай уулзлаа. Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба “УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь нийслэлийн Налайх, Багануур, Багахангай зэрэг гурван дүүргээс сонгогдсон. Эдгээр гурван дүүрэгт тулгарсан олон асуудлууд байдгийн нэг нь агаарын бохирдол юм. Тус асуудлын хүрээнд та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл томоохон хувь нэмэр оруулна гэж Шадар сайдын зүгээс үзэж, анхаарал хандуулж байгаа” хэмээн онцлов. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаагаа танилцуулж, Монголд яагаад ойн төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Тэрээр “Хүүхдийг Ивээх Сангаас байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзээд, 2019 оноос байгаль орчны чиглэлийн төсөл нэмж хэрэгжүүлэхээр болсон. Бидний хэрэгжүүлдэг байгаль орчны төслүүд нь хүүхдүүдэд чиглэсэн, тэдэнд экологийн боловсрол олгох зорилготой байгаа. Бид Азийн бусад оронд олон төсөл хэрэгжүүлдэг. Монголд 2024 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдүүд өөрсдөө мод тарьдаг, мод тарих туршлагаа хоорондоо хуваалцдаг, сургалтад хамрагддаг байхаар төслөө хэрэгжүүлнэ” хэмээн онцлов.

Ойн газрынхан төслөө нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлээрэй гэж зөвлөв

   

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал, удирдлагын багийнхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяр нартай уулзав. Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг Ойн газрын бодлого, зорилгын талаар танилцууллаа. Тэрээр “Манай улсын баримталж байгаа гол бодлого бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй арга бол мод тарьж, ургуулах. Төсөл амжилттай хэрэгжих үндэс суурь нь нутгийн иргэдэд түшиглэх. Мөн орон нутгийн төрийн байгууллагатай хамтран ажиллах явдал юм. Монгол Улсад БНСУ-ын тусламжаар хэрэгжүүлсэн ойн төслүүд иргэдэд түшиглэсэн учраас амжиллтай хэрэгжиж байна” хэмээн үгэндээ дурдав. БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Габриэл Жон Тэ Ёон “Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэг зорилготой байгаа учраас Солонгос улс сүүлийн 20-30 жилд энэ талд анхаарлаа ихээр хандуулж байна. Солонгосын Хүүхдийг Ивээх Сан Азийн бусад оронд ногоон орчин бүрдүүлэх ийм төслүүд хэрэгжүүлдэг. Монголд эхний төслөө нэг жил гаруй хугацаанд хэрэгжүүлж байна. Бид БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн зарим төслүүдтэй танилцсан. Тэдгээр төслүүд эрт эхэлсэн учраас амжилттай хэрэгжсэн байна. Бид энэ удаа бусад төслөөс туршлага судлах зорилготой байлаа” хэмээн төслийн талаар болон Монголд ирсэн зорилгоо танилцуулсан юм.

Ойн газар нь байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгод нийцүүлэн ойн эко-системийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийн хомсдол, доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг бий болгох талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон удирдлагын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилладаг аж.

Тужийн нарс дахь “Юухан Кимбэрли ой”-н туршлагатай танилцав

   

Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сумдад дамнан оршдог “Тужийн нарс” дахь Юухан Кимбэрли ойтой хоёр байгууллагын удирдлага, төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 21-нд танилцсан юм. Монгол Улсын Байгаль орчны яамны хүсэлтээр БНСУ-ын “Юухан Кимбэрли” компани болон Зүүн хойд Азийн ойн форум хамтран 2003 оноос ойн нөхөн сэргээх ажлыг хийж эхэлжээ. Тусгай хамгаалалтын газрын Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Отгондулам байгууллагаа танилцуулах үеэрээ “Сэлэнгэ аймаг 4,2 сая га талбайтай. Үүнээс 2,2 сая талбайг ойн сан, үүний 0.3 хувийг Тужийн нарс байгалийн цогцолбор газар эзэлдэг. 2002 онд тусгай хамгаалалттай газар болсон” гэж онцлов. Тусгай хамгаалаллтай газрын Байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн, ойн инженер М.Хишигт Юухан Кимбэрли ойн талаар танилцуулав. Тужийн нарс байгалийн цогцолбор газрын хойд хэсэгт Юухан Кимбэрли компанийн санхүүжилтээр 2003 оноос 3,000 га газарт 10 сая орчим тарьц суулгацаар ойжуулалт хийсэн байна. Эхний 10 жилд мод тариалсан бол хоёр дахь шатны гэрээгээр тарьсаны модоо арчилах ажлыг 2015 оноос өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа аж. Тус газрын модны 70 орчим хувь нь устсан байсан бол 90 орчим хувьтай нөхөн сэргээжээ.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн захирал тэргүүтэй удирдлагын багийн айчлал 2025 оны 10 дугаар сарын 19-23-нд Монгол Улсад амжилттай боллоо. Тус айлчлалын үр дүнгийн талаар Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн удирдлагын баг Монголд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй зочилллоо. Бид хамтдаа маш богино хугацаанд үр дүнтэй олон уулзалт зохион байгуулсан.  Айлчлалын туршид төлөөлөгчид манай төслийн үр шимийг хүртэгчид, орон нутгийн болон төрийн төв байгууллагуудын удирдлагуудтай уулзаж Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, стратегийн талаар ойлголт авсан. Үүний зэрэгцээ төлөөлөгчид Солонгос улсын Кориан Эйр, Юухан Кимбэрли компаниудын санхүүжилтээр Монголд хэрэгжиж байгаа байгаль орчны төслүүд дээр газар дээр нь очиж танилцлаа. Түүнчлэн Монгол болон БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа. Энэ айлчлал нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны түвшинг эрс ахиулсан, харилцан бие биенээ илүү ойлголцсон, ажил хэрэгч  боллоо” хэмээн ярилаа.