Ногоон орчинд амьдрах хүсэл мөрөөдөлдөө хүрэх бодит алхам
Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт” сургуулийн сурагч Цогтсаруулын Баясгалан бол “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн үр шимийг хүртэж, өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бодит алхам хийж буй нэгэн. 16 настай Ц. Баясгалан нийслэлийн Налайх дүүрэгт амьдардаг. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос харьцангуй алслагдсан ч зам харилцаа сайтай, Туул гол, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Зуун мод зэрэг үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газруудтай. Гэвч дүүргийн оршин суугчдын дийлэнх нь гэр хороололд амьдардаг тул өвлийн улиралд утаа, агаарын бохирдол их.
Ц.Баясгалан 2021 онд сургуулийнхаа эко клубт элсэж, үе тэнгийнхнийхээ хамт сургуулийн орчноо цэвэрлэх, хуванцар хаягдлыг ялгах, цуглуулах болон мод тарих зэрэг байгалиа хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ. Эко клуб нь 20 гаруй сурагчтайгаар тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ц. Баясгалан эко клубийнхээ манлайлагч сурагчдын нэг юм.
2024 онд Хүүхдийг Ивээх Сангийн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөлтэй танилцаж, уг төсөлд оролцох боломж гарсан нь түүний ногоон орчинд амьдрах гэсэн хүсэл мөрөөдөлд урам зориг өгсөн байна.
Төслийн хүрээнд Ц. Баясгалан уур амьсгалын өөрчлөлтийн тухай сургалтад хамрагдаж, мод тарьж ногоон орчин бий болгохын ач холбогдол болоод уур амьсгалын өөрчлөлтийн шалтгааныг илүү гүнзгий ойлгож авчээ. “Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Би энэ сургалтад сууснаар уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд хийж чадах хамгийн бодит зүйл маань мод тарих гэдгийг ойлгосон” гэж тэрээр ярилаа.
Ц.Баясгалан өнгөрсөн 9 дүгээр сард эко клубийн найзуудынхаа хамтаар төслийн талбайд очиж, 200 гаруй мод тарьсан юм. Энэ үеэр тэрээр ярихдаа: “Би багаасаа л дүүрэн модтой гоё орчинд амьдрахыг хүсдэг байсан. Мод бидэнд амьсгалах цэвэр агаар бэлэглэдэг учраас илүү олон мод тарихыг хүсэж байна. Би сургалтад суух үеэрээ олон мод тарихаасаа илүү арчилж, ургуулах нь чухал гэдгийг ойлгосон. Тиймээс би цаашдаа ч гэсэн тарьсан модоо арчлах ажилд оролцох болно” гэж ярьсан юм.



Нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд сурагчдыг мод тарих үйл ажиллагаанд оролцуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, мод тарихын ач холбогдлын талаар сургалтад хамруулж байгаа нь байгалиа хамгаалах ухамсар, дадалтай залуу үеийг бэлтгэхэд нэн чухал ач холбогдолтой.
Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт” сургуулийн Экологийн багш Г.Энхтуул “Мод тарих аргазүйг нь заагаад, газар дээр нь мод тарих боломжоор хангаж байгаа нь бидэнд маш их таалагдаж байгаа. Манай сурагчид сургалтад сууж, өөрсдөө мод тарьсандаа их баяртай байгаа. Сурагчдын маань байгальд хандах хандлага нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Ц. Баясгалангийн хувьд ч энэхүү төслийн үйл ажиллагаанд оролцоод байгаль хамгааллын талаар олон зүйлийг таньж мэдсэн. Ц.Баясгалан биологийн кабинетдаа мод болоод уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллийн самбар байгуулах санааг гаргаж, үе тэнгийнхнийхээ сонирхолд нийцсэн мэдээлэл боловсруулахад идэвхтэй оролцсон” хэмээн хэлсэн юм.

