Монгол Улсын Боловсролын яам болон Хүүхдийг Ивээх Сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт болов
(2025 оны 11-р сарын 17-18, Сидней, Австрали) 2025 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Сидней хотноо Монгол Улсын Боловсролын яам, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн өндөр түвшний төлөөлөгчдийн уулзалт амжилттай боллоо.
Уулзалтад Монгол Улсаас Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Австрали улсаас Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Мат Тинклер, Олон улсын хөтөлбөрийн захирал Фрэнсис Вүдс, Түншлэл хариуцсан менежер Жэйсон Титер, Бизнес хөгжлийн ахлах менежер Кристиан Фромйр нар тус тус оролцов. Энэхүү уулзалтаар Боловсролын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хэрэгжилт болон төслийн амжилт, гарсан бодит үр дүнг дүгнэж ярилцав. Түүнчлэн Монгол Улсын боловсролын салбарт цаашид хамтран ажиллаж, шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар саналаа солилцов. Австралийн Хүүхдийг Ивээх Сан нь тус төслийн санхүүгийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд төслийн хэрэгжилтийг Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, Боловсролын яам хариуцан амжилттай гүйцэтгэсэн байна.

Боловсролын яамны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол Улсад хүртээмжтэй, тэгш боловсролыг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан EQUAL төслийг хамтран хэрэгжүүлсэн Хүүхдийг Ивээх Сан ОУ-ын байгууллагад талархал илэрхийллээ.
Австралийн Хүүхдийг Ивээх Сангийн Гүйцэтгэх захирал Матт Тинклер Монголын төлөөлөгчдийг Австралид айлчилж буйд талархал илэрхийлээд “EQUAL төсөл нь Монгол Улсад хүртээмжтэй боловсролыг дэмжсэн амжилттай санаачилга байлаа. Гурван талт түншлэл нь энэ төслийн гол амжилтын үндэс юм. Бид цаашид ч Монгол улсын засгийн газартай боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг дараах чиглэлд өргөжүүлэх талаар санал солилцов.
Үүнд:
- 2026 онд Боловсролын дэлхийн түншлэлд хамтарсан төсөл өргөн мэдүүлэх
- Боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоо, инноваци, дижитал сургалтыг нэмэгдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэх
- Хоёр талын байгууллагуудын урт хугацааны стратегийн түншлэлийг бататгах
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай уулзалтын үеэр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн үр дүнг танилцуулахдаа “Энэ төсөл бол тэгш хамруулах боловсрол, сургуулийн үдийн хоолны хөтөлбөр, хосолсон сургалтын чиглэлээр үндэсний хэмжээнд 148 Ерөнхий боловсролын сургуулийн 221,000 гаруй хүүхдийг хамарсан бодит дэмжлэг үзүүлсэн юм. Төслийн хүрээнд бид орон нутгийн сургуулиудад тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багшийн чадавхыг бэхжүүлэх, хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцсэн арга зүйг түгээхэд анхаарч ажилласан. Энэхүү амжилт нь Боловсролын яам, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, Австралийн Хүүхдийг Ивээх Сан гэсэн гурван байгууллагын нягт хамтын ажиллагааны үр дүн юм” гэлээ.
Уг уулзалт нь Монгол, Австралийн байгууллагуудын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх боломжийг сайжруулах чиглэлд чухал урагшилсан алхам боллоо.

