“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөлд хамрагдсан Улаанбаатар хотын 10 сургууль, 10 хорооны Хамтарсан багийн хаалтын арга хэмжээ боллоо
Хүүхдийг Ивээх Сан Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн Улаанбаатар хотын 10 сургууль, 10 хорооны Хамтарсан багийн хаалтын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд боллоо.
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Төслөөс маш олон үр дүн гарсан байгаа. Та бүхэн өнөөдөр гарсан үр дүнгээсээ оролцогчдод танилцуулна гэж найдаж байна. Энэ төслийн санхүүжүүлэгч болон хамтран ажилласан бүх байгууллага, эцэг эхийн зөвлөлийнхөн, сурагчдадаа талархлаа илэрхийлье” хэмээн онцлов.
Уг үйл ажиллагаагаар “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хэрэгжилтийн үр дүн, ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замууд, хамтарсан баг, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хамгаалалд оруулах идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ туршлагуудаа танилцууллаа.
Энэ үеэр төслөөс хэрэгжилтийн үр дүнгээ танилцуулсан юм. Түүнчлэн төсөл хэрэгжүүлсэн ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл гарсан үр дүнгээсээ хуваалцав. Үүнээс гадна нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийн оролцооны бүлгийн гишүүдийн төлөөллүүд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн үр дүнгээсээ танилцууллаа. Мөн хамтарсан баг болон сургуулийн хүүхэд хамгааллын багийн хамтын ажиллагаа, Ерөнхий боловсролын сургууль болон эцэг эхийн зөвлөлийн хамтын ажиллагааны сайн туршлагаасаа хүргэлээ.
Хаалтын арга хэмжээнд Нийслэлийн боловсролын газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсүүд, төслийн зорилтот 10 хороодын хамтарсан багуудын төлөөлөл, төсөл хэрэгжсэн сургуулиудын ажлын хэсгийн гишүүд, сурагчдын төлөөлөл, эцэг эхийн зөвлөлүүдийн төлөөллүүд оролцов.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр зорилтот газруудад сургуулийн багш ажилтнууд, эцэг эх/асран хамгаалагчид, сурагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлснээр үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгох зорилготой байлаа.







