Ховд аймагт “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт боллоо
“Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” чуулга уулзалт Ховд аймгийн Жаргалант суманд 2025 оны 11 дүгээр сарын 5-6-нд боллоо. Энэхүү чуулга уулзалт Ховд аймагт хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдэл гарцыг хамтдаа боловсруулах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой байв.
Уг арга хэмжээг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхдийг Ивээх Сан, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулсан бөгөөд аймаг болон 17 сумын удирдлага, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, цагдаагийн байгууллага, эцэг эх, хүүхдүүдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцсон юм.

Чуулганы нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, ХГБХХГ-ын дарга Д.Түнжээ, Боловсролын газрын дарга Б.Цэрэндаваа нар үг хэлж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.
Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт хэлсэн үгэндээ “Ховд аймагт Хүүхдийг Ивээх Сангийн төслүүд амжилттай хэрэгжиж байна. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, сургууль дахь хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын болон боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан” хэмээн онцлов. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Өнөөдрийн чуулга уулзалтад аймаг, сумдын удирдлагууд, төлөөлөгчдөөс гадна хүүхдүүд оролцож байна. Бид хүүхдээ сонсож, хүүхэд хамгаалалттай холбоотой цаашдын асуудлаа тодорхойлж, шийдлээ гаргана” гэж дурдлаа. Чуулганаар Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн, мэдлэгийг өөртөө клубийн тэргүүн Р.Галя “Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл”, Ховд аймгийн ХГБХХГ-ын мэргэжилтэн С.Хишигтогтох “Хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал”, Боловсролын газрын бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Батсайхан “ Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал”, Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Сайнбилэг “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал ба шийдэл” илтгэлүүдийг сонсов. Мөн төсөл хэрэгжүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургууль, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулиуд төслийн үр дүн, сайн туршлага, “Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо” зэрэг илтгэлүүдийг оролцогчдод танилцуулж, асуултад нь хариуллаа.

Хүүхдийг Ивээх Сангаас тус аймагт хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл болон бусад боловсрол, хүмүүнлэгийн төслүүдийн үр дүнгээсээ танилцууллаа. Үүний зэрэгцээ Ховд аймагт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, сургуульд хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнөв. Хүүхдийн оролцоог хангах, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор хүүхдүүд илтгэл тавьж, санал бодлоо хуваалцсан нь чуулганы онцлох хэсэг байлаа. Чуулганы үеэр гэр бүлийн орчинд хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд, хамгааллын болон боловсролын байгууллагын ажилтнуудыг үе шаттайгаар чадавхжуулах үйл ажиллагааг тогтмолжуулах чиглэлүүдээр зөвлөмж гаргаж, аймгийн удирдлагад хүргүүлсэн юм.
Энэхүү чуулга уулзалт нь хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр тэгш хангах зорилгод чиглэсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чухал алхам боллоо.


