Хүүхдийн итгэлт анд-“Миний дэвтэр”
-Үйлдэл үгнээс ч чанга “ярьдаг” учир би чамайг ойлгоно, дэмжинэ-
Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд амжилттай хэрэгжиж байна. Тус сургуулийн 12в ангийн сурагч Ч.Анужин, П.Ижилцэцэг, Т.Учрал, Б.Идэрмөнх, Ц.Мөнхтөр нар нь төслийн хүрээнд “Би найзаа дэмжинэ” үе тэнгийнхэнд чиглэсэн хөтөлбөрт хамрагдан, тус хөтөлбөрийн үе тэнгийн сургагчаар бэлтгэгдсэн байна. Тэд сургуулийнхаа бага, дунд ангийн нийт150 хүүхдэд хөтөлбөрийн хүрээний сургалтаа заасан аж. Түүгээр зогсохгүй “Миний дэвтэр” нэртэй төсөл бичсэн нь Хүүхдийг Ивээх Сангийн бичил төслийн уралдаанд шалгарч санхүүжилт авчээ. Сурагчид “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан ийм дэвтэр бүтээжээ.
“Миний дэвтэр” нь 35 хуудастай, төлөвлөгч дэвтэр юм. Хүүхдүүд уралдаанд шалгарч авсан санхүүжилтээрээ тус дэвтрийг нийт 200 гаруй ширхэг хэвлүүлсэн байна.Тухайн сурагч энэ дэвтэрт долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө бичихээс гадна “Миний сэтгэгдэл, дүгнэлт” хуудаст тухайн өдөр болсон үйл явдалд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрснөө тэмдэглэн үлдээх ажээ. Дэвтрийн хойд хэсэгт яаралтай үед тусламж авахаар холбогдох утасны дугаарыг хэвлэсэн нь онцлогтой байлаа. Гэмтлийн эмнэлэг, Цагдаагийн газар, Яаралтай тусламжийн төв, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв, Хүүхдийн түргэн тусламж, Гоц халдвартын төв, Түлэнхийн төв, Хордлогын үндэсний төв гэхчлэн 30 гаруй чухал албан байгууллагын утасны дугаарыг хэвлэсэн нь эрсдэл бүхий нөхцөлд тухайн хүүхэд өөртөө болон найздаа цаг алдалгүй тусламж хүсэх боломж бүрдүүлжээ.

“Миний дэвтэр” мөн мэдлэг, ойлголт түгээнэ. Жишээ нь, “Өөртөө итгэх итгэлийн гурвалжин” гэж юу болох, “Миний удирдаж чадах, чадахгүй зүйл” гэвэл юу байх, “хамгаалагч найз”, “оюун санааг тэлэгч найз”, “холбогч найз”, “хамтран зүтгэгч найз”, “хөтөч найз”, “бүтээгч, босгогч найз”, “идэвхжүүлэгч найз”, “ижил сонирхолтой найз” гэж хэн болох, тэднийг хэрхэн таних тухай тайлбарлан өгүүлжээ. “Миний дэвтэр”-ийн хуудас бүрд хүүхдэд нэн хэрэгтэй мэдээллийг өгч, холбогдолтой зургаар чимэглэн өнгө үзэмжтэй хэвлэсэн ажээ. “Чи хэтрүүлэн бодох үедээ бич. Түгшихдээ бясалга. Ядарвал унт. Гуниглавал дасгал хөдөлгөөн хий. Стресстэйд байвал алх, уурлавал хөгжим сонс, уйтгарлавал бусадтай холбогд, халширвал завсарлага ав” гэх мэтээр үе тэнгийнхэндээ зориулсан зөвлөмжийг оруулжээ. “Үйлдэл үгнээс ч чанга “ярьдаг” учир би чамайг ойлгоно, дэмжинэ, чам руу ярина” гэсэн зөвлөмж нь уг дэвтрийг хэрэглэгч хүүхэд бүрд дотно мэдрэмж төрүүлж, итгэл найдвар өгч байгаа мэт санагдана.
“Миний дэвтэр” төслийн багийнхан дэвтрээ танилцуулж, нээлтийн арга хэмжээ зохион байгуулжээ. Нээлтэд хүрэлцэн ирсэн хүүхдүүд өнгө өнгийн цаасан дээр сэтгэгдлээ бичин үлдээсэн нь тус сургуулийн сэтгэл зүйч Д.Ариунбаярын өрөөний нэг ханыг дүүргэсэн байв. “Миний дэвтэр” төслийн чиглүүлэгч багшаар сэтгэл зүйч Д.Ариунбаяр, математикийн багш Б.Гэрэлчимэг нар ажиллажээ. Тэд Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн багийн гишүүн, сургагч багш юм.
Чиглүүлэгч багшийн хувьд “Миний дэвтэр” төслийн багийнхандаа сэтгэл хангалуун байна. “Сурагчид төгсөх ангийн ах, эгч нарынхаа санаачилсан энэ дэвтрийг талархалтайгаар хүлээж авсан. “Миний дэвтэр” нь хэрэглэгч хүүхдүүдэд ирээдүйдээ итгэх, ажлаа төлөвлөж сурах, зорилготой байхын давуу тал олгох юм. Хүүхдийн дотно найз нь байж, тухайн хүүхэд хэнд ч хэлэхгүй нандин нууцаа энэ дэвтэрт “итгэж” бичдэг байгаасай. “Миний дэвтэр” бол хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн арга зүйг ашиглан дэмжих төсөл юм” гэж сэтгэл зүйч Д.Ариунбаяр ярилаа.
Сэтгэл зүйч Д.Ариунбаярын нэмж хэлснээр, “Миний дэвтэр”-ийг бусад аймаг, орон нутаг болон нийслэлийн зарим сургуулийн багш, нийгмийн ажилтнууд сонирхон, үзэж харж, туршлага судлах хүсэлт тавьжээ. Хүүхэд хамгааллын шинэ мэдлэг, мэдээллээр хангаж, шинэлэг арга зүйг нутагшуулсанд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хамт олондоо талархаж байна.
“Миний дэвтэр” төслийн багийнхан бүгд сургагч хүүхдүүд юм. Тэд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрөөр олж авсан мэдлэгээ үе тэнгийнхэн болон дүү нартаа дамжуулан түгээж байна. Сургалтаа сонирхолтой арга хэлбэр ашиглан явуулсан учир үр дүн сайтай байна. Тухайлбал, сургагч хүүхдүүд маань “Чи найзаа “хар, сонс, холбо” гэсэн гурван зарчмыг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр заасан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан байна.
Эцэст нь “Миний дэвтэр” төслийн багийн сурагчдыг товч танилцуулъя.
Ч.Анужин эрх зүйч, хуульч мэргэжил эзэмших хүсэлтэй. Тэрээр, 17 дугаар сургуульд үйл ажиллагаа явуулдаг “Галт шувуу” мэтгэлцээний клубт харьяалагддаг. Мэтгэлцээний сургуулийн аварга юм. Сагс, волейболын спортоор хичээллэдэг, нийгмийн идэвхтэй сурагч билээ.
П.Ижилцэцэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой. Дуулдаг, сургуулийн урлагийн үзлэгийн алт, мөнгөн медальтай.
Т.Учрал сэтгэл зүйч болох сонирхолтой, мөн мэтгэлцээний урлагаар хичээллэдэг. Ирээдүйд герман хэл сурах, сувилахуйн ухааныг сонирхон судлах хүсэлтэй.
Б.Идэрмөнх эмч болно. Сагс, волейболын спортоор дүүрэг, нийслэл, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцдог.
Ц.Мөнхтөр хөрөнгийн зах зээлийн шинжээч мэргэжил эзэмшихээр бэлтгэж байна. Математик, физикийн хичээл сонгон судалж, гадаад, дотоодын олимпиадад амжилттай оролцдог сурагч юм.

