Мэргэжлийн бүлэг байгуулж мэдлэг, арга зүйг түгээв
Энэ хичээлийн жилд 33 дугаар сургуулийн 94 бүлэгт 4000 гаруй сурагч суралцаж байна. 145 багштай, ажилчид нийлбэл 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажилладаг. Тус ажлын хэсэг нь Захирал Н.Энхбат, Нийгмийн ажилтан Н.Цэнд, Ш.Болор-Эрдэнэ, Сэтгэл зүйч Г.Нацаг-Юм, Сургалтын менежер Б.Содонтуяа, бага ангийн багш Ш.Баасансүрэн, Г.Оюун-Эрдэнэ, дунд ангийн багш Р.Буянхишиг, Д.Уянга, А.Агваанжамц, ахлах ангийн багш О.Ариунсайхан, С.Нажидмаа, Б.Хэрлэнтуул нарын 14 гишүүнээс бүрддэг.
Тус ажлын хэсгийг анх байгуулахдаа төслөөс хэрэгжүүлэх үйл ажиллагааны өргөн цар хүрээнээс хамааран, сургуулийн нийт 145 багшаас бусдад нөлөөлөх чадвартай, манлайлагч багш нарын төлөөлөл сонгож, саналыг авсан байна. Өөрсдийн саналаар төслийн ажлын хэсэгт оролцох боломжтой багш ажилтнууд багт нэгдсэнээс хойш огт солигдоогүй тогтвортой үйл ажиллагаа явуулжээ.Тиймээс багийн гишүүдийн мэдлэг, чадвар, туршлага хоорондоо уялдаж, хамтын ажиллагаа, туршлага зэрэг тогтсон байна.
Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, сургалтууд нь хүүхдийн эрхэд суурилсан, оролцоог үргэлж ханган, дэмждэг нь түгээмэл. Тухайлбал, “Би найзаа дэмжинэ” үе тэнгийнхэнд чиглэсэн хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа дамжуулан түүчээлж, сэтгэлийн зовуурьтай байгаа найзуудаа яаж дэмжин туслах вэ, эрхийн зөрчил гарахад хаана, хэрхэн хандах вэ гэдэг ойлголт, мэдлэг түгээжээ. “Сургагч хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, ярих илтгэх, бусадтай харьцах чадвар эрс нэмэгдсэн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдийн оролцоо идэвх маш их сайжирсан. Хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх, зөвлөн туслах, дэмжих болсноор өнгөрсөн жил манай сургуульд хүүхдийн оролцооны 13 клуб шинээр байгуулагдаж, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байна” хэмээн төслийн багийн гишүүн, багш Ш.Баасансүрэн ярив.

Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс зарласан бичил төслийн уралдаанд тус сургуулийн сургагч хүүхдүүд дөрвөн ч төсөл бичсэн нь шалгарчээ. Тэд “Би найзаа дэмжинэ” сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан сургуулийнхаа дунд, ахлах ангийнханд “Эрүүл найзын харилцаа”, дунд ангид “Эерэг харилцааг эрхэмлэе”, бага ангид “Хүнлэг хүүхэд нас” гэсэн сэдвээр тус тус сургалт явуулсан байна. Мөн сурагчид “Мэддэг байя-Мэдээлдэг байя” өдөрлөг зохион байгуулан сургуулийнхаа 2000 гаруй хүүхдэд хүрсэн тухай сэтгэл зүйч Г.Нацаг-Юм онцлов.
Түүх, нийгмийн ухааны багш С.Нажидмаа мөн сургагч багш нарын нэг юм. Тэрээр “Багш хүн өөрийгөө хэрхэн халамжлах вэ? гэсэн арга зүйд суралцсан байна. Уур бухимдалгүй байх, хүүхдүүдтэй зөв зохистой харьцах, хувийн амьдралд болсон элдэв бэрхшээлтэй асуудлыг ажлын байран дээр ил гаргахгүй байх, сэтгэл зүйн хувьд мэргэжил нэгтнээ халамжлах аргуудыг хэрэгжүүлж байна” гэж тэрээр өгүүлэв.
Түүнчлэн багш Р.Буянхишиг ч мөн сургагчаар бэлтгэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн жил дөрөв дэх бага ангиа төгсгөжээ. “Миний хувьд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс их зүйлийг суралцлаа. 25 жил ажилласан туршлагатайгаа уялдуулж, маш сайхан мэдлэг, мэдээлэл авлаа. Хийдэг байсан ч ач холбогдол өгдөггүй байсан олон зүйлийг мэдлэг болгосон. Орчин цагт суралцахуй, багшлахуйд нас, бие, сэтгэл зүйн тулгамдсан ямар асуудал байгааг анзаарч, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ойлголттой болсон. Багш нар сэтгэл судлаач байх ёстой юм байна гэдгийг ухаарч мэдсэн” гэж өгүүлэв.
Тэгвэл тус сургуулийн бага ангийн багш, төслийн багийн гишүүн, сургагч багш Г.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Сурагчид, ялангуяа, бага ангийн сурагчид өөрийгөө хэрхэн халамжлах вэ гэсэн энгийн аргуудад суралцсан. Ус тогтмол ууна, хөгжим сонсоно, шим тэжээлтэй хоол идэх юм байна, уншсан номоо ангийнхандаа ярьж өгнө гэдэг нь энгийн хэр нь ач холбогдолтой аргуудыг “Хүнлэг байя” аяны хүрээнд мэдэж, дадал хэвшил болгохын төлөө суралцаж байна. Манай ангийнхан хичээл эхлэхийн өмнө анхаарал төвлөрүүлэх дасгал хийж хэвшсэн гэлээ. Г.Оюун-Эрдэнэ багш энэ жил нэгдүгээр ангитай. “Ангийн дүрэм”-ийг сурагчдын оролцоонд тулгуурлан гаргаж, тэдгээрийг зурагжуулж тайлбарласан учир хүүхдүүд хэдий сайн уншиж сураагүй ч тэмдэгжүүлсэн дүрэм бүрийг зургаар нь таньж, даган мөрдөж байна. “Би бусдыгаа сонсох ёстой юм байна, багштайгаа болон найзуудтайгаа мэндлэх ёстой юм байна” гэхчлэн цаашид тухайн хүүхдэд нэн шаардлагатай зөв дадал хэвшлийг бага ангиас нь олгож байна. Г.Оюун-Эрдэнэ багш төсөл хэрэгжсэн гурван жилд тавдугаар анги төгсгөсөн бөгөөд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс олж авсан мэдлэг мэдээллийг ашиглан, үр бүтээлтэй ажилласан гэж ярьсан юм.
Төслийн хүрээнд үүнээс гадна эцэг эхчүүд хоёр ч бичил төсөл хэрэгжүүлсэн юм. Нэгт, тус сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс ахлах ангийнханд зориулан “Ирээдүйгээ хүчирхэгжүүлье”, хоёрт, зургаадугаар ангийн эцэг эхчүүдэд зориулан “Эвсэг 33-Хайр бэлэглэе” сургалтуудыг зохион байгуулж, гарын авлага, материалаар хангасан байна. Энэ сургуульд “Би найзаа дэмжинэ”, “Сайн эцэг, эх”, “Сурагчдын сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих нь”, “Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь сургалтууд амжилттай зохион байгуулагдсанаас гадна ” ”Хүнлэг байя” нөлөөллийн аян амжилттай өрнөсөн билээ.

Хүүхэд хамгааллын мэдээллийн хэлхээ бий болж, сургалт, сурталчилгааны үр дүнд хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх нь сайжирсан. Өмнө нь эрхийн зөрчил далд хэлбэртэй байсан, эрх нь зөрчигдсөн хүүхэд хэнд хандахаа мэдэхгүй, буруу алхам хийдэг байсан бол Хүүхдийг Ивээх Сангийн төсөлд хамрагдсанаар хүүхдүүд маань хэрэв эрх нь зөрчигдвөл заавал мэдэгдэх ёстой юм байна, насанд хүрэгчдийн дэмжлэг, туслалцааг авах нь зайлшгүй юм гэдгийг ойлгосон нь ач холбогдолтой байлаа гэж нийгмийн ажилтан Н.Цэнд ярив.
33 дугаар сургуулийн захиргаа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, эцэг эхчүүдийг дэмжих чиглэлээр томоохон хийсэн ажил нь, сургуулийн үүдний хэсгийг тохижуулж, өргөтгөн томруулсан байна. Хүлээлгийн танхим урьд нь зай багатай, хүйтэн байсан учир ялангуяа, бага ангийн эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгч, авахдаа багталцахгүй өвлийн улиралд даарах гэх мэт асуудлууд гарч байжээ. Тэгвэл одоо дулаан, тохитой орчинд эцэг эхчүүд хүүхдээ хүлээнгээ, ханын самбараас хүүхдийн харилцаа, хандлагатай холбоотой мэдлэг мэдээлэл авдаг болжээ. Сургуульд хэрэгжсэн нөлөөллийн аяны сурталчилгааны хуудаснууд, эцэг эхэд зориулсан зөвлөгөө, мэдээллийг байршуулж хэвшсэн байна.
Сургууль өөрөө эрсдэлийн үнэлгээгээ эцэг эх, сурагчтайгаа хамтран хийж хэвшүүлсэн тухай нийгмийн ажилтан Ш.Болор-Эрдэнэ онцлов. Эрсдэлийн үнэлгээг хийсний үр дүнд гуравдугаар давхрын бүх цонх нь тавцангүй учир гадна талд хамгаалалтын тор хийжээ. Энэ нь хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чаджээ.Түүнээс гадна цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд ажлын байрандаа шар өнгийн, гурвалжин тэмдэг хэрэглэдэг болсон нь сурагчдыг унаж бэртэхээс сэргийлж чадсан байна. Мөн сурагчдын үйлчлүүлдэг ариун цэврийн өрөөг засварлан тохижуулж, гэрэл гэгээтэй, тольтой болжээ. Сургуулийн гадна орчинд дугуйн зогсоолтой болсон, хичээлийн ээлж солигдох их ачааллын үеэр сургуулиас гарах, орох урсгалыг тусад нь зохицуулсан зэргээр олон ажил, арга хэмжээ гэх мэт олон ажлуудыг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хийжээ. 33-р сургууль руу гаднаас орж буй эцэг эх, зочдыг бүртгэн “Зочин тэмдэг” зүүлгэж нэвтрүүлж хэвшүүлсэн байна. Энэ нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болсон талаар нийгмийн ажилтан Н.Цэнд өгүүллээ.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжиж буй хот, хөдөөгийн 14 сургуулийн төлөөлөл тус сургуульд айлчлан, туршлага солилцсон байна. Түүнчлэн төслийн донор байгууллагаас албаны хүмүүс зочлон ирж үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна Англи улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд мөн тус сургуульд айлчлан, төслийн үр дүнтэй танилцсан нь тэдний ажилд урам нэмжээ. Сургагч багш нарын онцолсноор, тэд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн арга зүйг авч үлдэхийн тулд, цаашид тогтвортой ажиллаж, амжилт гаргах зорилгоор “Мэргэжлийн хөгжлийн бүлэг” байгуулжээ. Мэргэжлийн хөгжлийн энэ бүлгээр дамжуулан төслөөс үлдсэн өргөн хүрээтэй мэдлэг, шинэлэг арга зүй үе үед уламжлагдан түгэх боломжтой болжээ.

