Залуу багшийн гараа сайн

Нийслэлийн 75 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Батсүхийн Цэвэлмаа мэргэжлээрээ дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тэрээр, Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн сургуулийнхаа төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн, сургагч багш юм.

-Төслөөс зохион байгуулсан олон төрлийн сургалт, кейс хэлэлцүүлгийн үр дүнд маш ихийг сурч мэдлээ. Би ажилд орсон жилээ л ийм ач холбогдолтой төсөлд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн азтай багш гэж боддог. Мэргэжлийн арга зүйгээ сайжруулж, эцэг эх, сурагчидтай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргалаа гэж Б.Цэвэлмаа багш сэтгэл дүүрэн өгүүлж байна.

75 дугаар сургуулийн төслийн ажлын хэсэгт 9 нийт сургагч багш бий. Тэд мэдлэгээ бусад багш нар, сурагчид, эцэг эхэд дамжуулан түгээсэн юм. Сургуулийн бүх анги “Ангийн дүрэм”-ээ сурагчдын оролцоонд тулгуурлан олонхоор хэлэлцэн баталсан аж. Ингэснээр сурагчид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ангийн, цаашлаад сургуулийн хэмжээнд сурлагын төвшин ахих, дэг журам тогтох, эерэг уур амьсгал бүрдэхэд нөлөөлсөн байна. Б.Цэвэлмаа багшийн хариуцан ажилладаг 8 дугаар ангийн сурагчид ангийн дүрмээ ноднин баталжээ. Энэ жил дахин хэлэлцэж, ямар заалт нь биелсэн, ямар нь биелээгүйг шүүн тунгааж, дүрмээ засан сайжруулжээ. Жишээ дурдвал, ангийн дүрэмд сургууль дээр гар утас хэрэглэхийг хориглосон байна. Хичээлийн эхэнд ангийн даргад утсаа хураалгаж, тарахдаа авч явдаг. Гэтэл нэгэн бэрхшээл тулгарчээ. Хүүхдүүд их завсарлагаар ундалж, утаснаасаа мөнгө шилжүүлэх хэрэгцээ шаардлага байсан тул багшийн зүгээс эцэг эхчүүдэд хандаж, хүүхдэд зориулсан банкны карттай болгосноор энэ бэрхшээлийг шийдэж чаджээ. Хүүхдүүд бэлэн мөнгөөр, эсвэл цахим картаар үйлчлүүлэх болов. Түүнээс гадна утсаа алдах эрсдэлгүй болжээ. Биеийн тамирын зааланд, ариун цэврийн өрөөнд, сургуулийн хонгилд, энд тэнд утсаа мартаад явчихдаг тохиолдол цөөнгүй, тэр хэрээр хүүхэд хохирдог асуудал ангийн дүрмийн ганцхан заалтаар ийнхүү бүрэн шийдэгдсэн байна.

Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах” нь төсөл хэрэгжсэнээр ийнхүү анги бүр хүүхдийн оролцоонд тулгуурласан ангийн дүрэмтэй болсноос гадна сургуулийн хүүхэд хамгааллын “Мэдээллийн хэлхээ” бий болсон нь бас нэгэн үр дүн юм. Тодруулбал, хүүхдүүд эрхтэй нь холбоотой зөрчил гарвал хаана, хэнд, хэрхэн хандах талаар мэдээллийн хэлхээгээр дамжуулан мэдэж авчээ. “Мэдээллийн хэлхээ”-г схем зургаар зураглаж, анги бүрд байршуулсан байна.

“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн “Сайн эцэг эх” сургалтын үр дүнд тус сургуулийн Эцэг эхийн зөвлөл идэвхжиж, эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдөж, оролцоо нэмэгджээ. Тухайлбал, эцэг эхчүүдийн санаачилсан бага ангийн сурагчдын ариун цэврийн өрөөг тохижуулах бичил төсөл нь “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн уралдаанд тэнцэж, санхүүжилт авсан байна. Түүгээр зогсохгүй, 75 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөл бас нэгэн төсөл бичсэн нь мөн л тэнцсэн юм. Тодруулбал, эцэг эхчүүдийн хоёр дахь төсөл нь анги бүрд “Талархлын хайрцаг” бий болгох байсан билээ. Суралцагчид хэн нэгэнд хаягласан захидлыг уг хайрцагт хийх бөгөөд тухайн ангийн багш 7 хоногт нэг удаа хайрцгийг задалж, дотор нь байх захидлуудыг хаягласан эзэнд нь хүргэж өгдөг байна. Сурагчид хэнд ч бичиж болно. Найз нөхдөдөө, эцэг, эхдээ, сургуулийн үйлчлэгч, цэвэрлэгч, багшдаа, хэнд ч талархсан сэтгэлээ илэрхийлж болдог. Мөн уучлалт  гуйсан ч болно.

Хүүхэд хамгаалал энгийн зүйлээс эхэлдгийн нэгэн том жишээ бол: Энэ ангийн эцэг эхчүүд багш Б.Цэвэлмаагийн зөвлөснөөр 14 хоногт нэг удаа хүүхдийнхээ цүнхийг шалгаж, дэвтрийн үйл ажиллагаатай танилцдаг байна. Энэ нь хүүхдийн хэрэглээнд анхаарал тавих  эерэг зөв арга төдийгүй сурлагын байдлыг мэдэх боломж юм. Эцэг эхчүүд багштай мэдээлэл солилцож, хүүхдэд нь ямар зөрчил дутагдал байгаа, түүнийг хэрхэн засан сайжруулах боломжтой талаар хүүхэдтэйгээ эерэг аргаар хэрхэн харилцах тухай зөвлөгөө авч, ярилцдаг байна.

“Би эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хичээдэг. Яагаад гэвэл, тухайн хүүхдийн сургалтын чанар, ахиц, хүмүүжил, төлөвшилд эцэг эхийн оролцоо их шүү дээ. Манай ангийн эцэг эхчүүд улиралд нэг удаа ямар нэг ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, эсвэл цахим халдлагад өртөхөөс сэргийлсэн ч байдаг уу, арга хэмжээ бүр үр дүнтэй болдог. Энэ улирлын тухайд бид эцэг эхийнхээ дэмжлэгтэйгээр номын дэлгүүрт ангиараа зочлохоор бэлтгэж байна. Унших дуртай номууд маань ямар замаар бидний гар дээр ирдэг юм бэ гэдгийг хүүхдүүд маань танин мэдэх юм” гэж багш Б.Цэвэлмаа ярилаа. “Таны ойрын ирээдүйн зорилго юу вэ?” гэсэн асуултад тэрээр,

“Миний хувьд багшийн мэргэжлийг дурлаж сонирхсон. Ойрын зорилго гэвэл, дааж авсан ангиа сайн сургаж, хүүхдүүдээ амжилттай төгсгөж, хийж буй ажлынхаа үр дүнг харах сан гэж хүсэж байна. “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс олж авсан мэдлэгтээ тулгуурлан, энэ мэдлэг, арга зүйгээ улам хөгжүүлж, шилдэг багш болно” гэж итгэлтэй өгүүллээ. Б.Цэвэлмаа багш Ховд аймагт төрж, өссөн, нутагтаа дунд болон их сургуульд суралцан төгсөж, мэргэжил эзэмшсэн ч өөрийнх нь хэлснээр “”хувь тавилангийн эрхээр” Улаанбаатарт шилжин ирж ажиллаж байгаа юм. Б.Цэвэлмаа дунд сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын Булган багшийг хүндэлж, авгайлдаг бөгөөд энэ мэргэжлийг эзэмшихэд багшийнх нь нөлөө их байсан гэнэ билээ.

“Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөс олж авсан мэдлэг, шинэ арга зүй багшид, цаашлаад сургуульд үнэлж барамгүй өв болон үлдэж байна. Уг төслийн ачаар “мэдээллийн хэлхээ”, “ангийн дүрэм”, “хамтарсан баг”, “хүүхдийн эрх”, “хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх” гэхчлэн олон шинэ ойлголт нутагшиж байна”хэмээн Б.Цэвэлмаа багш эцэст нь өгүүлсэн.

“Гараа сайн бол бариа сайн” гэж, залуу багшийн ажил хөдөлмөрийн замнал гэрэл гэгээтэй, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай!