Өөрийгөө хөгжүүлж, бусдад түгээсэн замнал

Хүүхдийг Ивээх Сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Дарив сумын сургуульд  амжилттай хэрэгжлээ. Г.Цэвэлмаа 4 дүгээр сургуульд Монгол хэл-уран зохиолын багшаар ажилладаг.Тэрээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслөөр бэлтгэгдсэн сургагч багш нарын нэг. Төслийн хэрэгжилт нь тус сургуульд хүүхэд хамгааллын чиглэлээр олон эерэг өөрчлөлт, санаачилгыг бий болгосон. Эдгээр ололт амжилтыг төлөөлүүлэн, төслийн ажлын хэсгийн гишүүн, сургагч багш Г.Цэвэлмаагийн туршлага, манлайллыг онцлон хуваалцаж байна.

Хүн мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах нь зөвхөн бусдын сайн сайхны төлөөх үйлдэл биш, өөрийгөө ч хөгжүүлэх чухал алхам болдог. Аливаа зүйлийг бусдад заах явцад өөрийн  мэдлэгийг тэлж, туршлага хуримтлуулж, асуудлыг шинэ өнцгөөс харах чадвар нэмэгддэг. Өнөө үед мэдлэгээ бусдад түгээх олон арга зам бий ч хамгийн үнэ цэнтэй хэлбэр нь чин сэтгэлээсээ зөвлөх, харилцан ярилцах, хамтдаа суралцах явдал юм.

Г.Цэвэлмаа багш “Төсөлд хамрагдсандаа баяртай байдаг. Найм дахь жилдээ багшилж байна. Төслөөс сурч мэдсэн зүйлс маань аливаа асуудлыг өөр өнцгөөс харах, өөрийгөө хөгжүүлэхэд их түлхэц болсон. Хэрвээ боломжтой бол төслийг аймгийнхаа бүх сургуульд хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр зөвхөн өөрөө суралцаад зогсохгүй мэдлэг, чадвараа бусадтай хуваалцах, хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд бүтээлчээр ажиллаж байгаа сургагч багш нарын нэг. Говь-Алтай аймаг 18 сумтай ч ердөө хоёрхон сургуульд л “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжсэн. Тиймээс аймгийн Боловсролын газраас “Би багш” арга хэмжээг сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, сургагч багш нарын оролцоотойгоор эцэг эх, сурагчдад төслийн үр дүн, сургалтын агуулга, арга зүйг таниулан сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Түүний хувьд Эрдэнэ, Цээл, Хөхморьт, Жаргаланд төвлөж, эргэн тойрны сумдыг нь хамруулан хуваасан дөрвөн бүсийн суманд очиж, “Сайн эцэг эх”, “Би найзаа дэмжинэ” сургалтуудын агуулга, мэдээллийг эцэг эхчүүд, хүүхдүүдэд өгсөн байна. Эдгээр мэдээллүүдийг эцэг эхчүүд, хүүхдүүд сайнаар хүлээн авч хүүхэд хамгааллын талаарх ойлголтоо нэмэгдүүлжээ. Тэд “Ийм сургалтууд их хэрэгцээтэй, бид өмнө нь хүүхдүүдээ ойлгож, сонсох тал дээр дутагдалтай байжээ. Харин эндээс нас, насны онцлогийг хэрхэн таньж, тэдэнтэй зөв  харилцах, арга барилыг сурч мэдэж авлаа” хэмээн багш нартаа талархал илэрхийлжээ.

Сургууль бол хүүхэд бүрийн мэдлэг боловсрол эзэмшиж, ирээдүйд нь бэлтгэгддэг хоёр дахь гэр. Энэ орчин нь сурагчдын хувьд аюулгүй, итгэлтэй, тайван, хүндлэлтэй байх ёстой. Мэдээж хүүхэд бүр айдас, дарамт, хүчирхийллээс ангид орчинд л амжилттай сурч, хөгжиж чадна. Ийм орчныг бүрдүүлэхэд багш, ажилтнуудын оролцоо, хандлага, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Г.Цэвэлмаа багш “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн хүрээнд сурагчдын сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах, эцэг эх, хамт олонтой хамтран ажиллах, хүүхдүүдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн олон санаачилга, арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үүний тод жишээ юм. Түүний бүтээлч оролцоо нь хүүхдүүд сургуульдаа айдас биш итгэл мэдрэн ирэх нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор бүх багш, ажилтнаа найман багт хуваан, сургуулийн орчныг улирал бүр үнэлдэг тогтолцоог нэвтрүүлжээ. Үнэлгээний явцад баг бүр тодорхой чиглэл хариуцан ажилладаг, жишээлбэл, нэг баг сургуулийн гадна орчны эрсдэлийг тодорхойлдог бол дараагийн баг тухайн үнэлгээг баталгаажуулж, нэмэлт эрсдэлийг илрүүлэх замаар ажилладаг. Ийм байдлаар багууд харилцан хяналттай, шат дараалсан үнэлгээ хийснээр сургуулийн орчны эрсдэлийг илүү нарийвчлалтай, системтэй тодорхойлох боломж бүрддэг. Энэ нь зөвхөн гадаад орчны аюулгүй байдлыг хангахаас гадна сурагчдын сэтгэлзүйн тайван орчныг бүрдүүлэхэд ч чухал нөлөө үзүүлдэг.

Хүүхэд хамгааллын орчныг бодитоор үнэлэх, эрсдэлийг таньж тодорхойлохын тулд энэ сургууль “Зочин багш” арга хэмжээг санаачлан хэрэгжүүлжээ. Энэ арга хэмжээний хүрээнд анги удирдсан багш нар сурагчдынхаа гэрээр зочилж, амьдардаг орчин, гэрээс сургууль хүрэх замын эрсдэлийг судалж, гарч болзошгүй эрсдэлүүдийг тэмдэглэн, нийгмийн ажилтанд мэдээлдэг. Эрсдэлд өртөх магадлал өндөртэй хүүхдүүдийн мэдээллийг онцгойлон тэмдэглэж, шаардлагатай дэмжлэг, хамгааллын үйлчилгээг төлөвлөхөд ашигладаг байна. Г.Цэвэлмаа багш “Төсөлд хамрагдсаны дараа сурагчдынхаа гэрээр зочлоход өмнөхөөс харах өнцөг их өөр болсон. Хүүхдийн орчныг илүү гүнзгий ойлгож, эрсдэлийг таних чадвар нэмэгдсэн” хэмээн ярьсан юм. Тэрээр анги даасан багшийн хувьд “Зочин багш” арга хэмжээнд тогтмол оролцож, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн бодит амьдралын орчинд тулгуурласан үнэлгээ, мэдээлэлд суурилсан хамгааллын арга хэмжээг төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд багш нарын оролцоо, хандлагад эерэг өөрчлөлт авчирсан туршлагын нэг болж байна.

Төслийн ажлын хэсгээс хэрэгжүүлсэн бас нэг чухал ажил бол хүүхэд хамгааллын мэдээллийн хэлхээ юм. Тэд төслийн сургалтад хамрагдсаны дараа багш нар хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээлэл дамжуулах, хариу арга хэмжээ авах үйл явцыг тодорхой заасан дотоод  журмаа боловсруулжээ. Тэрээр энэ талаар  “Мэдээллийн хэлхээ гэдэг нь  хүүхэд хүчирхийлэлд өртсөн эсвэл өртсөнийг таамагласан, илрүүлсэн тохиолдолд хамгийн түрүүнд хэнд хандах, мэдээллийг хэрхэн хүлээн авах, ямар хугацаанд хэнд дамжуулах, ямар хариу арга хэмжээ авах, мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалах зэрэг бүхий л үе шатыг нарийн зохицуулсан үйл явц юм” хэмээн тайлбарлав. 4 дүгээр сургууль дээр энэхүү мэдээллийн хэлхээгээр хүүхдийн эсрэг бие махбодын,  сэтгэл санааны,  үл хайхрах, бэлгийн хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөг зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг хүүхдэд ойлгомжтой тодорхой тайлбарлаж, мэдүүлдэг аж. Сургуулийн орчинд байршуулсан мэдээллийн самбараас хүүхдүүд энэ мэдээлэлтэй танилцаж эрсдэл үүссэн тохиолдолд  хэнд,  хэрхэн мэдээлэх ёстойг ойлгож авдаг. Энэхүү систем нь хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг илүү төлөвлөгдсөн, хариуцлагатай, нэгдсэн байдлаар зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эрсдэлд өртөх магадлалтай хүүхдүүдийн мэдээллийг тусгайлан бүртгэж, анхаарал хандуулан судалж, шаардлагатай тохиолдолд нийгмийн ажилтанд дамжуулдаг нь хүүхэд хамгааллын үр дүнтэй, уялдаа бүхий тогтолцоог бүрдүүлж байгаа сайн жишээ юм.

Багш Г.Цэвэлмаагийн амжилтыг онцлон өгүүлэхэд, тэрээр зөвхөн мэдлэг, чадвараа түгээн дэлгэрүүлээд зогсохгүй, сургууль дахь төслийн ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж өөрийн хувь нэмэр оруулсан юм. Түүний хичээл зүтгэл, манлайлал нь  эцэг эхчүүд, сурагчдын хүүхдийн эрх, хамгааллын талаарх ойлголтод эерэг өөрчлөлт авчирч, орон нутгийн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.