“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл амжилтын түүхийн номоо монгол, англи хэлээр гаргалаа
Хүүхдийг Ивээх Сан Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан багт амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү төслийн үр шим 42,369 насанд хүрэгч, 49,114 хүүхдэд хүрчээ. Төслийн хяналт үнэлгээ, шинжилгээгээр эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн 79.4% нь сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн Хамтарсан баг, сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээг хамтран үзүүлэх байдал 3.5 хувиар өссөн байна. Үүнээс гадна хүүхэд хамгааллын суурь орчин болох гэр бүлийн харилцааг сайжруулах зорилгоор явуулсан “Сайн эцэг эх” сургалтад 18,954 эцэг эх, асран хамгаалагчид хамрагджээ. Сургалтаас хойш оролцогчдын 60 хувьд нь хүүхдээ хүмүүжүүлэх хандлагад нь эерэг өөрчлөлт гарсан байна. Төслийн гарааны судалгаагаар багшийн зүгээс хүүхдэд бие махбодын болон сэтгэл санааны шийтгэл үзүүлэх байдал 68.7% байсан нь төгсгөлийн судалгаагаар 21.3% хүртэл буурчээ. Мөн сурагчдын 72% нь багшаасаа айхгүй, нээлттэй харилцаж чаддаг болсон нь хүүхдэд ээлтэй орчин бүрэлдэж байгааг илтгэж байна. Мөн хүүхдүүд, хүүхдийн эрхийн зөрчлийг таньж, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэнд, хаашаа, хэрхэн хандах талаар ойлголт мэдлэгтэй болсон юм. Хүүхдүүдийн 72.05% нь эрх нь зөрчигдсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын байгууллага, багшдаа, сургуулийн хамгааллын багт мэдэгдэнэ гэж судалгаанд хариулжээ.

Түүнчлэн сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэх чиглэлээр оролцогч талуудыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх нийт 16 төрлийн гарын авлага, материалуудыг боловсруулан, хэвлэж дагалдах сургалтуудыг зохион байгуулжээ. Эдгээр сургалтуудад сургуулийн багш ажилтан, эцэг эх, хүүхдүүд, мэргэжилтнүүд нийт 20.000 гаруй хүн хамрагджээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг дэмжих, багшийн ажлыг илүү ойлгож хүндэтгэх, харилцан нээлттэй харилцах харилцааны хэлбэрүүд төлөвшсөн байна. Үүний үр дүнд хүүхдүүдийн 55.8% нь эцэг эхтэйгээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон ажээ.
Өсвөр үеийнхэнд өөрийгөө болон үе тэнгийнхнээ халамжлах арга зүйд сургах, сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрт 1850 хүүхэд хамрагдаж, үе тэнгийн дэмжигчээр бэлтгэгдэв. Эдгээр хүүхдүүд сургалтаар авсан мэдлэг, ур чадвараа бусад сурагчдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор 15 бичил төсөл боловсруулж, өөрсдөө хэрэгжүүлж, нийт 17,730,000 төгрөгийн санхүүжилт авчээ.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг санхүүжүүлсэн Хонконгийн Хүүхдийг Ивээх Санд гүн талархлаа илэрхийлье.
Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд гарсан олон амжилтуудаас түүвэрлэн “Хамтдаа бүтээсэн хамгааллын түүх” номоо монгол, англи хэлээр гаргаж, санхүүжүүлэгчид, хамтрагчид болон олон нийтэд хүргэж байна. Энэхүү номоос төсөлд хамрагдсан сургуулийн төслийн багийнхан, захирал, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сурагчдын 28 амжилтын түүхийг англи, монгол хэлээр унших боломжтой юм.
Номыг доорх холбоосоор бүрэн эхээр нь уншина уу.
https://savethechildren.mn/wp-content/uploads/2025/12/Children-protection-book.pdf