Хүүхдүүд ногоон орчинд амар тайван амьдрахыг хүсэж байна

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдарч буй бид агаарын бохирдол, замын түгжрэл дунд цаг наргүй ажиллахдаа үр хүүхдээ ямар орчинд өсгөж байгаагаа анзаарч байгаа бил үү? Гэвч бидний амьдарч буй орчин нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор гадаад орчны агаарын бохирдлын улмаас жил бүр дэлхийн хэмжээнд 4.2 сая хүн амь насаа алдаж байна1. Тэгвэл Улаанбаатар хотод өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд агаар дахь нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын хэмжээ куб метр тутамд 687 микрограмд хүрч байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн аюулгүй түвшнээс даруй 27 дахин их байна2.

Ийм агаараар удаан хугацаанд амьсгалах нь бронхит, астма зэрэг амьсгалын замын өвчнийг эрс нэмэгдүүлээд зогсохгүй төрөл бүрийн удамшлын эмгэг, зүрх судас болон цусны эргэлтийн тогтолцооны өвчний гол шалтгаан болдог байна. Харин хүүхдүүдийн хувьд тэдний бие эрхтэн бүрэн хөгжөөгүй байдаг тул эрсдэл улам өндөр байдаг. Судалгаагаар манай улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж буйг тогтоожээ3.

Үүн дээр нэмээд бид замын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цагийг зарцуулдаг гэсэн судалгааг Жайка олон улсын байгууллага гаргасан байдаг4. Үүнийг жилээр нь тооцвол, нэг хүн 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн үг. Энэ нь нийгмийн стресс, уур бухимдлыг нэмэгдүүлэхээс гадна гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаас хугасалж буйг илтгэнэ. Ийм орчин нөхцөлд эцэг эхчүүд бид зогсолтгүй, шаргуу ажиллахдаа үр хүүхдэдээ эрдэм мэдлэг, эд хөрөнгөтэй сайхан амьдрах замыг нь засаж байна гэж боддог. Гэвч үнэндээ хүүхдүүд маань юу хүсэж мөрөөдөж байна вэ? Бидний чухалчилж буй зүйлс тэдний хүсэл мөрөөдөлтэй үнэхээр нийцэж байна уу?

Энэ асуултын хариуг олохоор бид Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амьдралын зорилго, мөрөөдлийг асууж сонирхсон юм. Тэдний төлөөлөл болох Э.Эрдэнэ-Орчлон “Миний мөрөөдөл бол хотын зах хавьцаа ойн төгөлд өөрийнхөө зуслангийн байшинд тайван амгалан амьдрахыг хүсдэг” гэсэн бол Т.Маралжин “Би ирээдүйд их тайван амьдрахыг хүсдэг. Хүүхдээ тойруулж суулгаад нөхөртэйгээ жаргалтай амьдрахыг хүсдэг” гэв.

Тэдний энэ хүсэл мөрөөдөл тансаг хэрэглээ, өндөр албан тушаал, эд хөрөнгө гэхээс илүүтэй их хотын түгжрэл, дуу чимээ, бохирдлоос ангид байгальд ойр, аюулгүй орчинд амьдрах хүсэлтэйг илтгэнэ. Харин томчууд биднийг хүүхэд байхад өндөр албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгө мөрөөдөх нь түгээмэл байлаа. Энэ ялгаатай байдал нь хүрээлэн буй орчны дарамт, амьдралын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөний илрэл юм. Өөрөөр хэлбэл тайван аюулгүй, ногоон орчныг хүсэх үр хүүхдүүдийн маань мөрөөдөл бидэнд өгч буй чухал дохио юм.

Хотын агаар, орчны бохирдол, хөрсний доройтол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч тэдгээрийн нэг нь ногоон орчин, ойн төгөл байгуулах явдал юм. Шинжлэх ухааны олон судалгаагаар мод, ногоон байгууламж нь агаар дахь нарийн ширхэгт тоосонцрыг барьж тогтоох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хөрсний чийгийг хадгалах, гол горхи тасралтгүй урсах нөхцөлийг бүрдүүлэх, орчны дуу чимээг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон байдаг5. Мөн хүүхдүүд модтой, ногоон орчинд өсөх нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүй, анхаарал төвлөрөл, суралцах чадварт эерэг нөлөө үзүүлдэг байна6.

Тиймээс Хүүхдийг Ивээх Сан нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод тарьж, ойн төгөл байгуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай мэдлэг мэдээллийг олгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг 2024 – 2027 онд хэрэгжүүлж байна.

“Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах болсон гол шалтгаануудын нэг нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр энд байрладагтай шууд холбоотой. Тус дүүргийн суурьшлын бүс, тэр дундаа орон сууцны цэвэрлэх байгууламжаас гарсан ус нь нуур болж тогтдог бөгөөд ойролцоогоор нэг км урсаад Туул гол руу цутгадаг. Гэтэл уг бүсэд Улаанбаатар хотын цэвэр усны хураагуур байрладаг тул хөрсний доор болон гадаргуу дээрх усыг модны тусламжтайгаар шүүж, цэвэршүүлэх шаардлага бий. Тиймээс Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах нь хөрсний усыг модоор дамжуулан цэвэрлэх, бохирдлыг багасгах, ундны усны чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой” хэмээн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх агрономич Б.Занданхүү хуваалцсан юм.

Налайх дүүрэг нь агаарын бохирдол ихтэйгээс гадна хөрсний доройтол, элэгдэл болон цөлжилтөд ихээр өртсөн. Мөн тус бүсэд ойн сан хумигдаж, ойн тархалт буурсан нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал “Зуун мод” нэртэй байгалийн ойн төгөл нь доройтсоор, устаж үгүй болох аюулд өртсөн. Тиймээс Налайх дүүргийн 5 га газарт загвар ойн төгөл байгуулж, үүндээ хүүхэд залуучууд, олон нийтийг татан оролцуулснаар хүмүүс тэндээс туршлага судлах, тарьц болон суулгац худалдаж авч өөрийн эзэмшлийн газарт мод тарих боломжтой болж байна.

Өнөөдөр Налайх дүүрэгт байгуулж буй ойн төгөл нь зөвхөн нэг газрын ногоон бүс бус, ирээдүйд бусад дүүрэг, суурин газарт хэрэгжих загвар болох зорилготой. Хүүхдүүдийн мөрөөдөл болсон амар амгалан, ногоон орчин бол хэн нэгний алс холын хүсэл мөрөөдөл бус, бидний өнөөдөр хамтдаа гаргах шийдвэрийн үр дүн юм. Иргэн бүр энэхүү өөрчлөлтийн нэгээхэн хэсэг болж, өөрийн эзэмшлийн газартаа мод тарих, ойн санг хамгаалах, нэмэгдүүлэх үйлсэд бодитоор хувь нэмрээ оруулах боломж бий. Эцэг эх, асран хамгаалагч бид өдөр тутмын ахуйн асуудлаа түр хойш тавьж, үр хүүхдээ юу хүсэж мөрөөдөж буйг анхаарч сонсох цаг иржээ.